Татварын мөнгөөр чулуу засахыг дэмжихгүй ээ, дарга нар аа
-Төв талбайг чимсэн чулуунууд хараагүйчүүдийг үхэл рүү түлхэж байна -
Нийслэлчүүдийн татварыг үргүй зарчихаад ичихгүй суудаг эрхмүүд байсаар л байна. Хамгийн сүүлд л гэхэд Автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмгдүүлээгүй учраас 2020 онд ямар ч төсөв байхгүй, шинэ замын талаар мөрөөдөөд ч хэрэггүй гэх агуулгатай үгсийг НИТХ-ын дарга Р.Дагва, хотын мэр С.Амарсайхан нар хэлсэн.
Гэтэл үнэн хэрэгтээ нийслэлийн удирдлагууд иргэдээс жилд 1 их наяд гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг. Үүнийхээ 30-хан хувийг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулдаг. Харин үлдсэн 70 хувийг нь өөрсдийн үйл ажиллагааны зардалдаа зарцуулдаг гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид хэлж байна. Тэгэхээр тэрхүү мөнгө нь хүрэхгүй байгаагаас татвар, татаас нэмэх гээд улайраад байдаг болж таарах нь.
Хотын дарга нар “Та нар л татвараа нэмүүлээгүй шүү. Ирэх онд зам засна гэж дуугараад ч нэмэргүй” хэмээн ялархсан аятай хэлсэн үгсийнх нь шүлс нь ч хатаагүй байхад 100 сая төгрөгөөр хэдэн боржин чулуу авсан нь илэрхий болж байна. Хоёр хоногийн өмнө төв талбайг тойруулан хэдэн боржин чулуу тавьсан. Хэн, ямар зориулалтаар тавьсан нь тодорхойгүй байсан тэдгээрийг төрийн ёслолын албанаас Төрийн өндөрлөгүүдийг хамгаалах зорилготойгоор 100-гаад сая төгрөгөөр хийлгэсэн тухайгаа тайлбарлав. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд тайлбарлаад “2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо” гэдгийг онцлов. Харин С.Амарсайхан “Төрийн тусгай хамгаалалтын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор ийм ажил хийж байгааг ойлгож байна. Гэхдээ яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй.” гээд зогсож байх юм.
Нийслэл нь мөнгөгүй гэж иргэдийн халааснаас хумслах гээд байсан хэрнээ 100-гаад сая төгрөгөөр хэдэн дөрвөлжин чулуу авч ирээд тавиулчихсан. Тэгснээ дахиад загварыг нь өөрчлүүлэх талаар яриад зогсож байдаг дарга гэж бас байдаг л юм байна. Түүгээр ч зогсохгүй тэдгээр чулуунуудыг хараагүй иргэдэд зориулагдсан чулуун зам дээр тавьсан байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг биш гэж үү.
Иргэдээс авсан татаас хаашаа юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, тэдний амьд явах, амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байхад эрхэм НИТХ-ын төлөөлөгчид эсрэгээрээ таануудын өгсөн мөнгө хүрэхгүй байна, бидэнд дахиад нэмж төл гэдэг шаардлагыг дэмжээд сууж байх ч гэж. Уг нь НИТХ-д төлөөлөгч сонгохдоо иргэд өөрсдийн эрх, ашгийн төлөө дуугарч, эрхийг нь хамгаална л гэж сонгон, илгээдэг. Гэтэл өнөөгийн НИТХ-ын төлөөлөгчид нийслэлчүүдийг төлөөлөх бус нэг намд үйлчилж, одоо бүр зөвхөн төрийн өндөрлөгүүддээ долигнож, явах замыг нь хүртэл засч өгдөг болж дээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ДУНДААС НЬ МӨНГӨ ИДСЭН УЧИР АТГ-Д ӨГ