Махны үнэд “ногоон” мөнгө нөлөөлж чадсангүй
Валютын ханш сарын өмнөхөөсөө бараг 100 төгрөгөөр сулраад байна. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэд хангалттай өөрчлөлт орсонгүй. Бензиний үнэ өсөх сургаар Монголд дагаад бүх юмны үнэ өсдөг тогтолцоо бий болоод удаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд бензиний үнэ 260 төгрөгөөр огцом өсч түүнийг нь дагаад худалдаа наймаа эрхлэгчид, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдлээ.
Такси үйлчилгээ эрхлэгчид гэхэд километр тутамд 700-800 төгрөгөөр үйлчилж байна. Микро автобус зорчих үнээ 100 төгрөгөөр нэмсэн. Бүх гурилын үйлдвэр үнээ мөн л 100 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Махны үнэ тэнгэрт хадаж байна. Ийнхүү наймаачид ямар ч тооцоогүйгээр амандаа орсон үнийг хэлж иргэдийг хохироох байдал хэрээс хэтэрлээ.
Хэдийгээр Монголбанк 2011 оны арваннэг, арванхоёрдугаар сард төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор валютын нийлүүлэлт хийсэн гэж байгаа ч энэ нь зах зээлийг хангалттай тайвшруулж, төгрөгийн ханшийн уналтыг зогсоож чадаагүй байна.
Ам.долларын ханш эргээд буусан, бензиний үнийг 30 төгрөгөөр буулгасан гэж байгаа ч нэгэнт өсөөд эхэлсэн үнийн хөөрөгдлийг зогсоож чадахгүй байна. Инфляци өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэж статистикчид мэдэгдэж байсан. Өнгөрсөн хавар инфляцийн өсөлт махны үнэтэй холбоотой байсан бол есдүгээр сарын байдлаар хэрэглээний барааны сагсан дахь 287 барааны 215-ынх нь үнэ нэмэгдсэн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Төрөөс бэлэн мөнгө тараасан нь үнийн өсөлтийн шалтгаан хэмээн Монголбанк нь буруугаа Засгийн газарт тохож, засаг нь Монголбанк ам.долларын ханшийг барьж чадаагүй нь бензиний үнэ өсгөсөн гэж мэтгэлцэв.
“Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчийн үлгэрээр ногоон мөнгөний ханшийг арай чамай сулруулж, бензиний үнийг үнэрлэх төдийгөөр буулгаж ард түмнээ даапаалж байна. Шатахуун дангаараа өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх боломжгүй гэж НХХЯ-нд болсон гурван талт хэлэлцээрт оролцогчид хэлсэн. Тухайлбал, өнөөдөр нэг кг гурилын үнэ 100 орчим төгрөгөөр өсөөд байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг литр шатахууны үнэ 200-260 төгрөгөөр өсөхөд нэг кг гурилын үнэд 2-5 төгрөгөөр, микро автобус буюу таксины хөлс 30-40 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа юм байна. Эцэст нь хариуцлагыг хэнд үүрүүлэхийг харах л үлдэж байна.
Ц.Жаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: