“Эдийн засгийн хувьсгал”-аас элгээрээ мөлхөх үнэр ханхалж байна
Ард түмний ядуурал, олигополь зах зээл, монополь компаниуд гэхээр заавал ч үгүй өнөөдрийн эрх барьж байгаагаа буруутгах нийгмийн хандлага цагийн цагт байсаар ирсэн. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн тэр цагаас хойш энэ үзэгдэл байсаар ирсэн. Сүүлийн үед ийм байдал бүр ч газар авлаа. Бензин, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд УИХ, Засгийн газрыг тарахыг шаардан жагсдаг. Цалин тэтгэвэр нэмүүлэх гэсэн хэсгийн эрх ашгийн төлөө ч эрх баригчдын эсрэг жагсдаг. Тухай бүр эрх баригчид чадах ядахаараа энэ асуудлыг зохицуулсаар ирсэн ч үндэс сууриар нь өөрчлөх томоохон алхам төдийлөн хийлгүй өнөөдөртэй золголоо. Тэгэхээр жагсагчид болон ард иргэд бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн энэ ядуурал, дундаж давхаргагүй байгаагийн “яагаад” гэдгийг олж тогтоогоод, тэр уг сурвалжаас нь хариуцлага нэхэх цаг болжээ.
Өнөөдөр олигополь зах зээл нэгэнтээ бий болж, үндэсний хэмжээнд хэдхэн компани зах зээлийг эзэрхийлж, нийгмийн дундаж, доод түвшинд амьдрал ахуйгаа өөд татах боломж дэндүү хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд нэвтрэх боломж хаалттай байгаа юм. Ядуурал газар авч байгааг өнөөдрийн эрх баригчдаас биш, 20 жилийн өмнө үндэс суурийг тавьсан нөхдөөс асуух хэрэгтэй ч бололтой. Одоогоос 20 гаруй жилийн өмнөх түүхийг нэхэн саная.
Төр эргэж, нийгэм өөрчлөгдөж асан цаг буюу 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар Да.Ганболд ажиллаж байв. Тэгэхэд засгийн эрхэнд байсан Да.Ганболд тэргүүтнүүд Монгол оронд эдийн засгийн шинэ хувьсгал хэрэгтэй хэмээн өмч хувьчлалыг эхлүүлж, цэнхэр, ягаан тасалбар тарааж байсныг хүн бүр мэднэ. Тухайн цагт өөртөө авч байгаа хэдэн малаа л өмч гэж ойлгож байснаас цэнхэр, ягаан тасалбараар бараг л галаа ноцоох нь халаг байв. Учир нь тэр өнгийн цааснууд ямар учиртайг хэн ч хэзээ ч тайлбарлаагүй. Засгаас баталсан дагуу л харанхуйгаар тарааж байсан болохоор хэн ч мэдээгүй. Тухайн цагт өмч хувьчлалыг гардан хийсэн хүмүүс үнэт цаасны тухай ойлголтыг ард түмэнд өгөх кампанит ажил өрнүүлэх нь бүү хэл тайлбар төдий зүйл ч хийгээгүй гэсэн үг. Хэргээр ч ингэсэн гэсэн яриа байдаг нь оргүй зүйл биш.
Нөгөө талаар ямар ч мэдээлэлгүй иргэд үнэт цаас авна гэсэн хэнд ч хамаагүй өгч байв. Иргэд мэдээлэлгүй учраас өнөө цагийн олигополийг дэмжин цэнхэр, ягаан тасалбараа үнэгүй шахам өгсөн. Зарим нэг нь жилийн эцсийн ашиг энэ тэр гэх худал үгээр хуурч, иргэдийн гар дээрх хувьцааг хямд бөгөөд олноор нь авч байсан юм. Харин цэнхэр, ягаан тасалбар тараах ажлыг гардан зохион байгуулсан тухайн үеийн Тэргүүн шадар сайд Да.Ганболдын ойр орчмын хүмүүс, түүний юу хийж байгааг ойлгосон хэсэг нөхөд л энэ өнгийн цаасанд хэт их шунаж байв. Энэ үед Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж, ард иргэдийн амьдрал доройтож байлаа. Ямар сайндаа л Д.Бямбасүрэнгийн Засгийн газар Дэлхийн банкнаас 30 сая ам.доллар зээлж, Да.Ганболдыг Хятад уруу явуулж цагаан сараа тэмдэглэж байхав дээ. Эндээс л цэнхэр, ягаан цаасны учрыг олсон өнөөгийн олигопольчууд энэ зах зээлийг эзлэх болсон түүхтэй юм даа.
Өнөөдөр бид нийгмийн дундаж давхаргыг бий болгох гэж зовж байна. Нэгэнтээ Да.Ганболд нарын бий болгосон олигополь зах зээлд нийгмийн дундаж түвшинг тордож аврах томоохон үүрэг өнөөгийн эрх баригчдад оногдож байгаа юм. Энэ бол их том ажил. Эрдэмтэн судлаачид олигополь зах зээлд нийгмийн дундаж түвшинг бий болгох ганц найдвар нь Монгол Ардын Намаас баталсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хэмээн үзэх боллоо. Эргээд он цагийн будангуй уруу шагайх юм бол 1990-ээд оны эхээр тэд томоохон үйлдвэр үйлчилгээний байгууламжийг хэдэн өнгийн цаасаар худалдан авч, улмаар цэнхэр ягаан хэмээгдэх үнэт цаас хэдхэн хүний гарт төвлөрсөн.
Өмч хувьчлал нэрийн дор эхэлсэн энэ зах зээлийн хямралын галыг намдаахад /1992-1996/ төрийн ажил чиглэж, заримдаа ч хүч алдаж байв. 1996 онд АН олонхи болоход өмч хувьчлалын ажил ахин эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тэдний эдийн засгийн хоёр дахь хувьсгал нь энэ байсан. Энэ үед цэнхэр, ягаан тасалбарын “загалмайлсан эцэг” Да.Ганболд УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга болж, өнөөгийн УИХ-ын гишүүн З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар очих тохиол бүрдсэн нь зах зээлийн олигополь хэсгийг шулуухан дэмжих, өөрсөддөө ашиг унагах хувьсгалын тохироо бүрдсэн юм. Улсын өмчийн гэх бүх зүйлийг өмч хувьчлал нэрийн дор өөрсдийнхөө талд буюу зах зээлд ноёрхогч хэдхэн хүний гарт хийж байлаа. Улс орны амьдрал ядуурч, эдийн засаг унав. Элгээрээ мөлхөж байсан гэхэд хэтийдэхгүй.
Өнөөдөр уул уурхайн зүгээс эдийн засгийн өсөлт бий болж, жилдээ 70 орчим мянган ажлын байр нэмэгдэж байна. Гэтэл АН-ынхан гурав дахь удаагийнхаа “Эдийн засгийн хувьсгал”-ыг эхлүүллээ. АН-ын яриад байгаа “Эдийн засгийн хувьсгал”-ын гол зарчим нь үндэсний компаниудыг төрийн оролцоогоор дэмжих юм. Өөрөөр хэлбэл, энэ хувьсгалын амин сүнс нь энэ хэмээн Н.Алтанхуяг тайлбарласан. Энэ бол эргээд л 1990 онд эхэлсэн олигополийн эринг үргэлжүүлэх гэсэн санаа. Төр оролцож, үндэсний компанийг дэмжинэ гэдэг бол өнөөдөр зах зээл дээр ноёрхож байгаа хэдхэн компанийг дэмжинэ гэсэн үг. Нийгмийн доод, дунд давхаргад ямар ч хүртээлгүй, түйч наалдах юм байхгүй.
Харин зах зээл дээр цөөнх болон ноёрхож байгаа олигополь хэсгийн баазыг бэхжүүлсэн хэрэг гэдгийг Эдийн засгийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ч хэлэх байх. Өөрөөр хэлбэл, цэнхэр, ягаан тасалбараас эхтэй олигополь зах зээлийг улам хөөрөгдөж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх гээд байна л даа. Эндээс ард түмэнд наалдах юм юу ч байхгүй. Ийм амин сүнсгүй зүйл 22 жилийн өмнө эхлүүлчихээд одоо улам мөлхүүлэх гэж дайраад байгааг ойлгох юм алга. Шуудхан хэлэхэд өнөөдөр гайгүй өссөн эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх томоохон хэмжээний хөтөлбөр боловсруулж суугааг захын эрдэмтэн мэргэд хэлсээр байна. Өнөөх л олигополио дэмжсэн хөтөлбөр боловсруулан хаа сайгүй ярьж явах болсон нь үндэсний эмгэнэл гэж хэлэхэд ч багадна. “Эдийн засгийн хувьсгал” гэдэг чинь ийм шүү дээ.
С.УУГАНБАЯР
URL: