Ачит-Ихт ХХК-ийн зэсийн хүдрийн овоолгын үнэ цэнийг бодитоор тооцох асуудлаар УИХ-ын даргад ил захидал хүргүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн Гадаад овоолгыг ашиглаж буй Ачит-Ихт ХХК-ийн зэсийн хүдрийн овоолгын үнэ цэнийг бодитоор тооцох асуудлаар Монгол Улсын Их Хурлын Хүндэт дарга танд энэхүү ил захидлыг бичиж байна.
Ачит-Ихт ХХК Эрдэнэт үйлдвэрийн 2-р овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлээд тав дахь жилээ үдэж байна. Орхон аймаг, Эрдэнэт хотод катодын зэсийн технологийг Монгол улсад нутагшуулсан анхдагч үйлдвэр болох Эрдмин компани Ачит-Ихт ХХК-тай хаяа дэрлэн оршдог бөгөөд Эрдмин компанийн хувьцааны 25%-ийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг юм. Эрдмин компани нь хэдийгээр Эрдэнэт үйлдвэрийн охин компани боловч хүдрээ Эрдэнэт үйлдвэрээс тонн тутмыг нь 0,75 америк доллараар тооцон авч, үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг.
Ачит-Ихт ХХК-ийн ашиглаж буй 2-р овоолго нь нийт 65 сая тонн хүдрийн нөөцтэй бөгөөд Эрдмин компанийн жишгээр тооцвол 48,75 сая америк доллар буюу өнөөдрийн ханшаар 132 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй болно.
Иймээс Ачит-Ихт ХХК-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрт энэ төлбөрийг төлсөн эсэхийг эрх бүхий байгууллагаар шалгуулж тогтоолгох. Хэрэв энэ төлбөрийг төлөөгүй бол нөхөн төлүүлэх, эсвэл түүнтэй дүйцэх хөрөнгийн харьцаагаар Ачит-Ихт ХХК-ийн хувьцааг Эрдэнэт үйлдвэр ба түүнийг удирдах дээд байгууллагад шилжүүлж, өнгөрсөн хугацааны тус компанийн олсон ашгаас ногдох хувийг нөхөн олгуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Эрхэм дарга та энэ асуудлыг эрх бүхий байгууллагаар хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлэн, иргэн надад болон Монгол улсын нийт ард олонд зохих хариуг өгнө үү.
Цаашид Монгол улсын хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, эрх мэдэл, албан тушаал бүхий этгээдүүд байгалийн баялгийг тонон дээрэмддэг явдлыг таслан зогсооход онцгойлон анхаарахыг Монгол улсын ард иргэд, ирээдүй хойч үеийн нэрийн өмнөөс хичээнгүйлэн хүсье!
Ил захидлын хувийг Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй хэвлэл мэдээллийн 46 хэрэгслийн цахим хаягаар хүргүүлэв.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Ж.БАЯРСАЙХАН
URL: