Сонгуулийн шоу ба ерөнхийлөгчийн хориг
Төрийн тэргүүнд хуулиар олгосон тоотой хэдэн бүрэн эрхийн нэг нь УИХ-ын тогтоол, шийдвэрт хориг тавих. УИХ-ын 76 гишүүний тал бүрээс нь хэлэлцэж, баталсан хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг өөрчлүүлэх хүчтэй уг эрх мэдэл Ерөнхийлөгчийг хүчтэй байлгадаг гол зэвсэг гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Парламент хоригийг нь хүлээж авах, үгүйгээс тухайн Ерөнхийлөгчийн хүчтэй, хүчгүйг багцаалдах явдал ч байдаг.
ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСНААР ТӨСВИЙН АЛДАГДАЛ 174.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ
Өнөөгийн Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө 10, 11 дэх хоригоо тавьсан. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон заалтууд болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад, Ерөнхийлөгчийн хоригийн нэгээс бусдыг нь хүлээж авахгүй хэмээн байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэж олонхын бүлэг үзжээ. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгтэй холбоотой хэсэг юм.
Төсөв батлагдах үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буйг эсэргүүцэж, олон нийт ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Харин УИХ дахь олонх “Энэ бол гурван жилийн өмнө батлагдсан хуулийн дагуу хийж буй ажил. ОУВС ингэхийг шаардсан” гэсэн үгээр ам хааж, төсөвт тэр чигт нь суулгасан. Харин одоо түүнээсээ буцахаар шийджээ. Тэртэй, тэргүй хөдөлмөрийн үнэлэмж багатай улсад, цаг наргүй зүтгээд амьдралд нь хүрэлцэхгүй багахан цалин авдаг хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг нийтээрээ эсэргүүцсээр буй нь ийнхүү шийдвэрээсээ буцахад хүргэв бололтой. Сонгууль дөхөж байхад иргэдийн халаас руу гараа шургуулж, нийгмийг бухимдуулсан шийдвэр гаргачихаад, түүнд нь Ерөнхийлөгч хориг тавиад байхад хүлээж авахгүй гүрийх нь эрх баригчдад яавч сайн зүйл авчрахгүй гэдэг нь тодорхой билээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр УИХ-аар батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэхгүй, харин улсын төсвийн орлогоос 174.2 тэрбум төгрөг хасагдаж, төсвийн алдагдал нэмэгдэнэ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оноос хоёр хувиар нэмэгдүүлэхээр заасан Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх ажил УИХ-д нэмэгдэнэ. Хоригийг хүлээж авсантай холбогдон гарч буй дээрх асуудлыг зохицуулахын тулд Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хоёр хувийн нэмэгдлийг бүр болиулах, эсвэл хувь хэмжээг нь бууруулах гэх мэтийн хувилбар парламент дахь олонхын бүлэгт яригдаж буй аж. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал ийнхүү хөдөлмөр эрхлэгчдэд нааштайгаар шийдэгдэж мэдэх нь.
Муу зүйлд ч сайн тал байдагчлан улстөрчид олон нийтэд таалагдаж, оноо авахын тулд суусан газраасаа шороо атгаж буй үе учраас популизм, олон нийтэд таалагдах гэсэн оролдлого нь иргэдийн халаасанд цалингийнх нь хоёр хувийг үлдээх шийдвэр УИХ-аар гаргуулахад ойрхон байна. Хэдий популизм хийж эхэлсэн ч валютын ханш, инфляц гээд тал талаас нь зулгаадаг, 300-гаадхан ам.доллартой тэнцэх цалинтай жирийн иргэдийн талд гарч буй шийдвэрийг муулах шалтгаан алга.
ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨМНӨӨС ГАРГАСАН ШИЙДВЭР ХЭВЭЭР ҮЛДЭХ НЬ
Ерөнхийлөгчийн хоригт туссан бусад заалт ч эргэж харвал харууштай зүйл байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг “Тойрогтоо бүтээн байгуулалт хийлгэхээр төсөвт тусгасан” гэж сонгогчдын өмнө хэлэх үгтэй, сурталчилгаандаа ашиглах шав тавьсан зурагтай байлгах зорилгоор төсөвт тусгасан гэхэд хилсдэхгүй 386 барилга байгууламж, арга хэмжээнд Төрийн тэргүүн хориг тавьсан. Эдгээр барилга, байгууламжуудыг 2020, 2021, 2022 он дамжуулан барихаар төлөвлөж, 1.4 их наяд төгрөг төсөвлөсөн. 2020 онд энэ парламент, Засгийн газрын бүрэн эрх дуусаж, ээлжит сонгуулийн үр дүнгээр дараагийнх нь байгуулагдана. 2021, 2022 оны төсөвт юу тусгах, ямар ажил хийх нь дараагийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын эрх мэдлийн асуудал. Гэтэл бүрэн эрх нь дуусаж буй парламент гишүүдээ сонгуулийн сурталчилгаанд хэлэх үгтэй байлгахын тулд үүнд нь халдаж, улсын төсвийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх Засгийн газрын өмнөөс зарцуулахаар шийдвэрлэсэн нь тийм ч зохистой зүйл биш гэдэг нь тодорхой. Ерөнхийлөгч ийм үндэслэлээр хориг тавьсан ч үүнийг нь УИХ хүлээж авсангүй.
Хэрэв хоригийн энэ заалтыг хүлээж авсан бол одоогоор зураг төсөл нь ч тодорхой болоогүй, ирэх хавар УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүд тойрогтоо очихдоо шав тавьж, ажил эхлүүллээ хэмээн пиардах, ямар тооцоо судалгаанд үндэслэсэн, гарцаагүй хэрэгтэй, эсэх нь тодорхойгүй 386 барилга байгууламжид төсөвлөсөн 1.4 их наяд, тэр тусмаа энэ оны төсөвт суулгасан 350 тэрбум төгрөг хэмнэгдэн, төсвийн алдагдал буурах байв. Энэ мөнгө хэмнэгдэхээсээ илүү сонгуулиа бодсон улстөрчдийн 2021, 2022 оны төсвийн хөрөнгийг дураараа зарцуулсан шийдвэр таслагдах нь ирээдүйд хэм хэмжээ тогтоох ач холбогдолтой байж ч мэдэх байлаа.
Үндэсний шуудан
URL: