Сүүлийн үед хийморь сэргээх нэрээр амьтны амь хороож, машинаар хөөж туйлдуулан ид хаваа хангадаг анчдын тоо эрс нэмэгдсэн. Техникийн хүчээр хээрийн зэрлэг амьтдыг гартаа оруулж цусаар нь машинаа мялааж хийморио сэргээж буй анчдын ихэнх нь эрх мэдэлтэй албан тушаалтан төдийгүй хэтэвч зузаан нөхдүүд байдаг. Харин хээрийн зэрлэг амьтныг агнаж хийморио сэргээх гэсэн нөхдүүд гал зэвсэгтэй харьцаж сураагүйн улмаас чоно биш хүн агнадаг тохиолдол бий.
Өнгөрсөн жил Төв аймгийн Жаргалант суманд чоно агнаж хийморио сэргээхээр гарсан Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн, тус аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл, түүний жолооч Ж.Баатар нарын хүмүүс аймгийн заан Б.Баянбатыг “Чи анд сайн. Бидэнтэй хамт яваач” хэмээн гуйж байж авч яваад “агнасан” хэрэг гарсан. Тэдэнтэй хамт явсан Ч.Дэлгэрсайхан гэдэг залуу буу шалгах үедээ аймгийн заан Б.Баянбатыг санамсаргүйгээр буудаж хүнд шархдуулснаар амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарч байсан билээ.
Харин эл эмгэнэлт хэргийг давтахаа шахсан хэргийн эзэн бол Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж. Тэрбээр өнгөрсөн жил ан хийж яваад хүний гар руу бууджээ.
Эл хэрэг өнгөрсөн жил гарсан бөгөөд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт болжээ. Нийслэлийн ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж ан хийж өөрийгөө зугаацуулах үед тэнэсэн сум нь “Портер” загварын автомашинтай явсан тус сумын харъяат Б-гийн гаранд тусаж, хүнд гэмтэл учруулсан аж.
Буудуулсан иргэн Б нь тус сумын харъяат бөгөөд нутгийн иргэд “Бумбан” гэдэг хочоор нь анддаггүй аж. Ш.Түвдэндорж, тухайн иргэнийг буудсаныхаа дараа хэргээ нууцлахын тулд хамт явсан хүмүүсийнхээ амыг үдсэн байна. Харин буудуулсан иргэний гарыг тухайн үед эмчилгээ энэ тэр хийлгэж, аахар шаахар зүйлээр хуурч байснаа сүүлдээ үнсэнд хаясан шалз шиг хаяжээ. Гар хөдөлж байж ам хөдлөнө гэдэг үг бий. Хоолоо олж идэх гол эрхтэнээс нь салгасан тэрбээр сүүлийн үед жудаггүй загнаж, хуншгүй зангаа харуулсан талаар нутгийн иргэд ам муутай байгаа аж.
“Насаараа” шахуу намын төлөө зүтгэж байгаа тэрбээр сүүлийн үед УИХ-ын сэнтий рүү зүтгэх болсон. Нам гэдэг байгууллага “Ард түмнийхээ төлөө” хэмээн иргэдийн өмнөөс ам болж дуугардаг. Тиймээс эл байгууллагад алба хашиж буй хэнбугай ч иргэний сайн сайхны төлөө цохилох зүрхтэй байх ёстойсон. Гэвч албан тушаал, амбиц хоёртоо хөтлөгдөж, УИХ-ын гишүүний суудал өөд зүтгэх болсон нөхдүүд жирийн иргэдийн эрх ашгийг уландаа гишгэдэгийн нэгэн жишээ энэ.
Уг нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгсэн. Гэтэл Нийслэлийн ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж буутай харьцаж сураагүйн дээр “бай”-гаа зөв хараалдаггүйг нь биеэ засаагүйх гэх үү, бэлтгэлээ базаагаагүйнх гэх үү. Сүүлийн үед биеэ ихэд засаж “Лекц”-чин болох дөхөөд байгаа тэрбээр аз болж гарыг нь оноогүй бол тэнэсэн сум тархинд гэгчээр эгэл бор иргэний аминд хүрсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Ямартай ч буутай зөв харьцаж галт зэвсгийг хэрхэн яаж ашиглах талаар хэр тааруу мэдлэгтэй нөхдүүд ийнхүү шувуу агнах ажиллагаа зохион байгуулсан нь “ХҮН” намнах хэрэг болохоо шахжээ.
URL: