Алтны үнэ 1740 ам.долларт хүрлээ

Манай улсын орлогын гол эх сурвалжийн нэг болсон алтны үнэ унци тутамдаа 1700 ам.доллараас давж, хоёр сарын өмнө байсан дээд амжилт руугаа улам дөхсөөр байна.

Өсөлтийн шалтгааныг шинжээчид евро бүсийн орнуудын тогтворгүй байдал, Иран АНУ-ын сөргөлдөөн гэх мэт улс төрийн нөхцөл байдлаар тайлбарлаж байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар шаргал металлын ханш унци тутамдаа 1740 ам.доллараар үнэлэгдэж байлаа. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт байв. Гэхдээ үүнээс өмнө шаргал металлын ханш 1600 орчим ам.долларт тогтвортой байсан билээ. Евро бүсийн орнуудын тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдын цаасан мөнгөнд итгэх итгэлийг алдагдуулсан нь алтны ханшийг огцом өсгөөд байсан. Харин үүн дээр нэрмээс болж, ираны нефтийн асуудал гарч ирсэн бололтой.

Үүнээс гадна БНХАУ-ын алт худалдан авалт нэмэгдсэн нь ханшийн өсөлтөд нөлөөлсөн байна. Тус улсын үйлдэл алт, зэсийн ханшид хүчтэй нөлөөтэй болсоор багагүй хугацааг үдэж буй билээ. Шаргал металлын ханш 2011 оны дөрөвдүгээр сард унци нь 1800 ам.долларыг давсан нь түүхэн дээд амжилт байсан. Тухайн үед евро бүсийн орнуудын нөхцөл байдал эд хурцдаж байсан юм.

Түүнчлэн АНУ-ын өрийн хямралтай холбоотойгоор түүхэндээ анх удаагаа зээлжих зэрэглэлийг ЗА рейтингээ алдсан нь металлын захыг “самраад” байсан билээ.

Л.Дэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих