Хятадуудад 60 жилээр газраа өгсөн Сэлэнгийнхэн “Атар-60” баяр тэмдэглэх нь ИЧГЭВТЭР биш гэж үү?

7573

Газар тариалангийн гол бүс гэгддэг Сэлэнгэ аймаг, тэр дундаа Шаамар сум малын бэлчээр, атар газаргүй болж, Хятадуудын мэдэлд очжээ.

Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар нь 300 га газрыг БНХАУ-ын хѳрѳнгѳ оруулалттай компанид 60 жилийн хугацаатай олгож,  малын бэлчээр, атар газрыг “Хулгайлав”.
Хэрхэн 300 га газрыг дээрэмдсэнийг эргэн санавал…
Тус сумын Засаг зарга М.Баярбаатар нь энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Газар эзэмшүүлэх тухай А12 тоот захирамж гаргаж. Уг захирамжид “Дэлгэрхаан нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Үржихийн эхийн урд байрлах 221 га газар, 49-р зүүн урд энгэрт байрлах 79 га газрыг тус тус хагалахгүйгээр бусад аргыг ашиглаж, эмийн ургамал тарих зориулалтаар “Сэлэнгэ үндэс” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” хэмээн баталжээ. Гэтэл 2018 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан  тус компани Шаамар суманд газар эзэмших эрх авснаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Лүй Хэшун гэх БНХАУ-ын иргэний эзэмшилтэй “Хэшун Агро” ХХК-д шилжүүлсэн байна.
Анх уг газрыг Хятадын компанид олгохдоо Дэрвэгэр жирвэгэр тариална, малчид, тариаланчдад ямар ч хүндрэл учрахгүй” хэмээн багийн хурлын үеэр Сумын удирдлагууд хэлж байжээ.

Иймээс нутгийн иргэд эсэргүүцэж, малаа бэлчээх бэлчээр, тариалангийн газраа эргүүлэн авахын тулд эвлэлдэн нэгж, шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл энэ сарын 4-ны өдөр анхан шатны шүүх асуудлыг хэлэлцэж иргэдийн талд шийдвэр гаргасан байна. Тодруулбал тус компани 96 орчим га газрыг хагалсан бөгөөд 59 га нь атар газар байсан гэх үндэслэлээр малчид, иргэдийн талд шүүх шийдвэр гаргажээ.

Дээрх олгосон газрын ихэнх нь газар тариалангийн бүс нутагт багтдаг бөгөөд зөвхөн Сэлэнгэ аймаг, Шаамар сумынхнаас гадна бусад сум, аймгийн иргэд хүнсний ногоо тариалдаг байна. Гэтэл Сэлэнгэ аймаг, Шаамар сумын удирдлагууд газар нутгаа Хятадуудад 60 жилээр өгчхөөд өнөөдөр “Атар 60″ жил хэмээн баярлаж суугаа нь ИЧГЭВТЭР хэрэг биш гэж үү.
Газар тариалангийн гол бүс нутаг болсон Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэрвэгэр жирвэгэр тариална гээд атар газраа бусдад худалдаж, нутгийн иргэдийг хавчин гадуурхаж, цагаачил хэмээн хөөхийн зэрэгцээ эцэстээ тухайн хэсэг цөлжилт явагдах аюул нүүрлээд байгааг нутгийн иргэд буруушаан хэлж байна.
Нутгийн иргэд алга дарам 0,07 га газраа авч чадахгүй байхад 4280 хүний эзэмших газрыг сумын засаг дарга нь дур мэдэн шийдэж, Хятадын компанид олгов? Газар эзэмших эрх авсны дараа яагаад Хятадын компани руу шилжүүлэв? гээд олон асуудал хариултаа хүлээж байна. Үүний цаана авлигалын асар том хэрэг бий гэж нутгийн иргэд хардаж байгаа юм.

Иргэд тэмцсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэр ийн гарлаа. Гэхдээ баярлах эрт байна. 300 га газрыг 60 жилийн хугацаатай авч чадсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бэл, бэнчинтэй, нөлөөлөл ихтэй компани зүгээр сууж байгаад газраа алдчихгүй нь лав.
Сэлэнгийнхэн тэмцэж байна, газраа ч эргүүлэх авах учиртай. Харин Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил та иргэдтэй нэгдэж чадах уу?
ТӨР.МН
Б.ШҮРЭНЦЭЦЭГ

URL:

Нэр: Anonymous Огноо: 9 December 2019

За даа, хамаатнууд нь юм болов уу?

Сэтгэгдэл бичих