Газрын наймаачин Х.Бат-Эрдэнэ улстөрд хүч үзэх нь
Саяхан даа. Х.Бат-Эрдэнэ гэдэг машины тосонд хутгалдсан жолооч хүү гэнэтхэн барилга угсралтын ажил эхлүүлж байсан санагдана. Өөртөө таарсан хөөрхөн компани байгуулчихаад “Алтай констракшн” хэмээн нэрийдэж билээ. Сэргэлэн залуу бусдын буяныг эдлэхийн хажуугаар бузрыг нь ч их үүрэлцсэн дээ. Цаг хугацаа хурдан өнгөрч, Нийслэлийн газрын албаны даргын жолооч байсан залуу нүд ирмэхийн зуур Монголын толгой баячуудын нэг болжээ.
2003 оноос хойш барилгын салбарт хүч үзэж яваа энэ залуу есхөн жилийн дотор баячуудын эгнээнд шилжинэ гэж тухайн үед хэн ч тааварласангүй. Харин өдгөө хаана найр наадам болно тэнд л Х.Бат-Эрдэнэ өндөр үнэтэй машин тэрэг бэлэглэж, аархана. Хэн машин тэрэг бэлэглэж, хүүхэн шуухан, морь малаараа гайхуулж өрсөлдөнө, тэнд Х.Бат-Эрдэнийн сураг дуулддаг болжээ. Яах вэ, баян чинээлэг бизнесмэн эр мөнгөө л цацаж байгаа биз гэхсэн.
Гэвч шунал ихэдвэл шулам болдог гэдэг. “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ үүний амьд жишээ болж, улстөрд хүч үзэхээр зэхэж байна.
Сураг сонсвол Х.Бат-Эрдэнэ энгийн иргэд явах зайгүй болтол газрыг нь зарсан Хан-Уул дүүрэгтээ нэр дэвших сурагтай. Амгалангийн дэнжид ах дүүстэйгээ бужигнаж өссөн тэрбээр “Алтай констракшн” гэх томоо барилгын компани байгуулж чадлаа. Үүнээс илүү яах гэсэн юм бол.
Улстөр гэдэг бизнесийн салбараас тэс өөр, тэнгэр газар шиг ялгаатай. Харин Х.Бат-Эрдэнэ “Өөрөө баяжиж ханалаа. Одоо ард түмнээ баяжуулна” хэмээн улстөр рүү хошуурдаг бизнесмэнүүдийн адил сайн сайхныг амлах биз.
Хөрөнгө бэлтэй хүн бүр ултөрд оршин тогтноод байдаггүйг олон хүн харуулсан. Наад зах нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нарыг нэрлэж болно.
Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан хоёр насаараа хураасан хөрөнгийнхөө хүчээр хэдэн жил төрд суусан нь үнэн. Гэвч цаг цагаараа байдаггүйн жамаар хамаг мөнгөө сонгуулиар үрэн таран хийчихээд байнд ч үгүй, банзанд ч үгүй гэгчээр хоосон хоцорсон. Үүнд хорссон Б.Жаргалсайхан үймээн самуун дэгдээж байж “цаазлуулах” шахсан. Харин Б.Эрдэнэбат бас ч гэж ухаан зааж, Хөвсгөл аймгаар нэг бэлэглэсэн “Пургон” автомашиныхаа зарлагыг нөхөх гэж үйлээ үзэж явна. Б.Жаргалсайхан ч ялгаагүй.
Улстөр гэдэг ийм л хатуу тоглоом. Хөрөнгө мөнгөний хувьд Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нар Х.Бат-Эрдэнийг дагуулахааргүй, ёстой л ид үе дээрээ байсан. Ард түмэн гэдэг юмны наад цаадахыг ялгаж салгадаг учраас мөнгөтэй бүхнийг нь сонгодоггүйг тэд яс махандаа шингэтэл мэдэрсэн байх.
Одоогийн улстөрчдийн ихэнх нь бизнесмэнүүд гэдэг нь үнэн. Тэдэн дээр нэмэгдэж орох хөрөнгөтнүүдийн орон зай энэ улстөрд даанч алга. Тэр тусмаа төрийн албанд ганц ч жил ажиллаж үзээгүй Х.Бат-Эрдэнэ шиг “памперстай пацаан”-д орон зай үлдээгүй. Ирэх сонгуулиар одоогийн улстөрч бизнесмэнүүдээс нэлээд хэд нь шүүрдэгдэх биз. Учир нь хүнийг мөнгөөр хэмждэг үе төгсгөл болж байна.
Уг нь Х.Бат-Эрдэнэ “Алтай констракшн”-аараа цоллуулаад, баян чинээлэг бизнесмэн чигээрээ явсан бол хэн ч түүнийг муу хэлж, ад үзэхгүй. Ард түмэн түүнийг ямар луйвраар өдий зэрэгтэй болсныг мэдэхгүй учраас “Юмтай хүн юмаараа тоглож байгаа биз” гэж л харна. Харамсалтай нь шуналдаа хөтлөгдсөн тэрбээр улстөрд хошуу дүрсэн нь гавихгүй бодолтой нэгэн гэдгээ зарласан үйлдэл боллоо. Улстөр гэдэг хоосон толгойтой, мөнгөтэй нэгнийх нь суудаг орон зай даанч биш аж. Х.Бат-Эрдэнийн хувьд ядаж л төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил гээд байх зүйлгүй. Аз, заль хоёроороо ачигчаас эхлээд барилгын компанийн эзэн болж томорсон юмдаг.
Урдахаа шингээж дуусаагүй байж илүү харж, билүү долоохоор зэхэж буй түүнийг хэрхэн хөлжсөн талаар багахан түүх сөхье.
Х.Бат-Эрдэнэ цэвэр толгойгоороо ийм том компанитай болчихсон гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Түүнтэй ойр дотно ажиллаж байсан нөхөд нь их зальжин, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдэг юм билээ.
Үүний тод жишээ нь “Хадгаламж” банкны хэрэг. Х.Бат-Эрдэнэ МАН-ын нөлөө бүхий эрхэм болон түүний өмнөөс ял эдэлж суугаа Ц.Чимэдцэрэн нартай нийлж, 14.3 тэрбум төгрөг идсэн хэргээр хэсэг хугацаанд хоригдсон. Гэвч Х.Бат-Эрдэнэ нар томчуудын нөмөр нөөлгөөр хэргээс мултарч, Ц.Чимэдцэрэн гүрийдгээрээ гүрийж, долоон жилийн ял сонсоод явсан. Харин Х.Бат-Эрдэнэ тухайн үед Газрын албаны дарга М.Цэлмэг, цаашлаад Н.Энхбаяр зэрэг МАХН-ын томчуудын нөмөрт хоргодсоор ялаас амь мултарсан гэдэг. Энэ өрөө төлсөн үү яасан, саяхан намынхаа нөлөө бүхий томчуудын хүүхдийн хуриман дээр 800 сая төгрөгийн үнэтэй машин бэлэглэж байна лээ.
Ер нь түүнийг МАН-ын томоохон санхүүжүүлэгч бизнесмэнүүдийн нэг гэлцдэг. Учир нь Х.Бат-Эрдэнэ МАХН-ын хууччуулын өмнөөс газар зарж, мөнгийг нь угааж өгдөг байсан гэнэ. Яг л “Мон-Уран”-ы Б.Наранхүү шиг.
Томчуудын гар хөлийн үзүүрт зарагдаж, хэд гурван төгрөг олдог байсан Х.Бат-Эрдэнэ газрын наймаанаас мөнгө босгох арга ухаанд суралцаж, тэр хэрээрээ ч хөлжсөн. Өнөөдөр Улаанбаатар хотод Х.Бат-Эрдэнийн оролцоогүй газар, байшин барилга гэж алга. Хаана л хууль дүрэм зөрчиж байшин баригдаж байна, тэнд “Алтай констракшн”-ы барилга босдог.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчимд үүссэн газрын маргаан. Өнгөрсөн жил 120 мянгатын автобусны буудлын ард байрлах ногоон байгууламжийг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ “Миний өмч” гээд нурааж эхэлсэн. Уг нь Хан-Уул дүүргийнхэн энэхүү ногоон байгууламждаа усан оргилуур хийж, хөгшид амарч, хүүхэд тоглох цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөж байсан аж. Ингээд оршин суугчид удаа дараа гомдол гаргасны дараа хотын дарга арга буюу “Алтай констракшн”-ы газар эзэмших эрхийг цуцалсан юм. Үүнийг эсэргүүцсэн Х.Бат-Эрдэнэ Хотын даргыг шүүхэд өгч, газрын төлөө яаж үхэн хатан тэмцэлддэгээ харуулсан.
Харин “Алтай констракшн”-ы захирал дээрх 4000 метр.кв бүхий ногоон байгууламжийг 2005 онд нийслэлийн Засаг дарга болон Газрын албаны дарга нараас авсан байдаг.
Хотын төвийн 4000 метр.кв том газрын араас хүн бүр л үхэлдэх байсан гэж бодъё. Гэтэл Х.Бат-Эрдэнэ нэг айлын өрхийн хэрэгцээний газрыг үлдээлгүй хүчээр булааж авдаг юм билээ. 2006 оны 12 дугаар сард иргэн Ё.Даваасүрэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” хотхоны нэгдүгээр гудамжны хоёр тоотод гэр бүлийн хэрэгцээндээ зориулан иргэн бүрт төрөөс олгосон 0.07 га газраа хуулийн дагуу өмчлөн авчээ. 2009 онд “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ Ё.Даваасүрэнгийн газрын дэргэд орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн аж. Тэрбээр барилга барихдаа Ё.Даваасүрэнгийн газрыг оруулан хүчээр барилгаа барьжээ.
Хохирсон иргэн шүүхэд гомдол гаргахад “Алтай констракшн”-ы буруу болох нь тогтоогдсон байна. Гэсэн ч тэд шүүхийн тогтоолыг үл ойшоон иргэн Ё.Даваасүрэнгийн газар дээр барилгаа барьж дуусгажээ.
Ямартай ч ганзагын наймаа бус газрын наймаагаар хөлжсөн Х.Бат-Эрдэнэ хотын төвийн газруудыг “идэж” дуусаад улстөрд орж, төсвийн хөрөнгөнөөс идэлцэхээр сэтгэл шулуудсан бололтой.
Өглөөний сонин
URL: