Ж.Оюунгэрэлийн хүүд зодуулсан залуугийн бие муу байна
“Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Metropolis” клубт үйлчлүүлж байхдаа нэгэн залууг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар бид мэдээлж байсан билээ. Өдгөө энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд Б.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн 96.2.1-т зааснаар танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 7-10 жилийн хорих ялаар шийтгэх заалттай юм байна. Б.Дөлгөөнд зодуулсан залуугийн биеийн байдал хүнд Бээжинд эмчилгээ хийлгэж байгаа аж. Нүд рүү нь шилний хагархай орсон тул нүд нь хараагүй болох аюултай байгаа талаар хохирогчийн ар гэрийнхэн ярьж байна. Б.Дөлгөөнийг цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног хориод өмгөөлөгчийнх нь хүсэлтээр ар гэрийнхэн нь батлан даалтад гаргаад байгаа гэх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
С.Отгон
URL: