ПҮРЭВХҮҮ БАТХУЯГ-т

78550690_1356938307814899_3946087484798009344_n“Миний муусайн найзууд” он цагийн даялганд цөөрсөөр байгаад харамсах сэдхил төрж, төрөхийн хэрээр нөгөө хэдээ санахын тоолонгоор гандаад ч байх шигээ.
Тэнгэрт одсон үзэг нэгт ахан дүүсээ өдгөө ч амьдчилан сэтгэлдээ авч явдаг цөөн нөхдийн минь нэг нь, яалт ч үгүй П.Батхуяг бөлгөө.
Утга, уран зохиол руу тал нутгаас тэмүүлэн ирж Монголын уран зохиолын үүдэн хаалгын зайд орж суухад хэдэн “даржин банди” нартай зэрэгцэх ахуйд миний мэдэхгүй, уншаагүйг ярьж аархалдах нь нөгөө алдарт ХҮРЭЭ ХӨВГҮҮД байсансан.
Г. Жамъяангаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль, МУИС-ийн Монгол хэл судлалын тэнхим, сэтгүүлзүйн тэнхим энэ гурвалсан уулзвар дунд тэдэнтэй оюутан цагийн найзууд бололцон явсан минь хувь тохиол гэлтэй. Тэдэн дундаас П.Батхуягтай ам мөчөөрхөн; “-Чиний Очирбатын Дашбалбар, Миний Эрээнцавын Д. Нямсүрэн” хэмээн хоёр талаас өндийн босч уралдан шүлгийг нь уншиж, хэн нь том бэ? гэж мэтгэлцэж явсан “идэр дарцаг” үе бидэнд байсаан.
Он цагийн эрхээр 25 жилийн хойно бодохнээ орь залуу шүлэгч хөвгүүдээс одоо санаж сарвайж, утас цохин ярих, асуух, зорин очих нь мөн л цөөрсөөр ноён П.Батхуяг л болж дээ хэмээн боджээ сууна.
Тэр миний Т. Содномнамжилыг , Хатагин Б. Бат-Оршихыг ярьдаг, хүндэлдэг, хэлцдэг байсаан. Тэдэнтэй нэгэн цаг үед шадарлан хундага тулган сэржим өргөж, яруу найргийн асар дор үг, утгыг хэлэлцэж явсныг би бол мартаагүй. Харин П. Батхуяг яасныг би эс мэднэ.
….Аавыгаа тэнгэрт одоход нь оёулж амжаагүй дээлнийх нь өнгөөр номоо хавтаслаж, “Буух зурвас” номоо шөнө дөлөөр надаар угаалгах гэж 100 айлын шавар туучин манай гэрт ирж шөнөжин шүлгээ уншиж, эрхэм найзын “Зөөлөн зөөлөн алхахад чинь , зөөлөрч гүйцлээ…” гэсэн мөрийг давах шүлэг бичих гэж лааны гэрэлд чардайн суусан үе ч шинэхэн хэвээрээ зүрхэнд тод санагдана.
Найз минь өдгөө хэнийг ч тал засалгүй, хэний ч эрхшээлээр бус, хэний ч нөлөөнд оролгүй их Монголын утга, уран зохиолд Пүрэвхүүгийн Батхуягаараа сэтгэлгээний эрэлд туурвиж л яваад нь баярлаж сууна.
Тэр одоо уншсанаараа ч, мэдлэг боловсролоороо ч, шавь нараараа ч хэнийг ч дагуулахгүй миний л урд явааг би сайн мэдэж байна. Гүйцээ…
12.04

 Даваасүрэн Ган-Очир


URL:

Сэтгэгдэл бичих