“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, УИХ, Засгийн газрын гишүүдийг басамжилж байна-2
“Рио Тинто” компани Монголын талтай Дубайн гэрээг ямар нэг аргаар байгуулахын тулд 2015 онд ТЭЗҮ15(x1) ТЭЗҮ(x2) гэгч баримт бичиг боловсруулжээ. Энэ баримт бичигт ТЭЗҮ10-д тусгагдсан хөрөнгө оруулалтын хэмжээ цэвэр өнөөгийн үнэ цэнээр 2-12, ашиглалтын нийт хугацаанд 2-25, далд уурхайн хэсэг 3-4 дахин өссөн байна.
Дубайн гэгдээд буй Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөөг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99 дүгээр захирамж болон 2015 оны тавдугаар сарын 15-ны 123 дугаар захирамжаар эрх олгосны дагуу “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал нар гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэтэл гарын үсэг зурсан өдрөө тус төлөвлөгөөнд нэмэлт оруулж, “Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө” гэх баримт бичгийг хамт үйлдэж, хавсралтаар “Менежментийн гэрээ”-ний загварыг баталгаажуулсан байна. Үүгээр “Рио Тинто” компанийн хамааралтай этгээдийг “Оюутолгой” ХХК-ийн “Менежментийн баг”-аас томилохоор тогтжээ. Энэ нь Оюутолгойн ордын нөөц “Рио Тинто” компанийн мэдүүлснээс ихээхэн зөрүүтэй байгааг шалгахад хүргэж буй баримт юм.
Оюутолгой ордын эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн нөөц 2009 онд 25.3 сая тонн байсан бол 2014 онд 31.2 сая болж өсжээ. Ашигт малтмал газрын тосны газрын нөөцийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн хэмжээ, “Рио Тинто” компанийн 2017 оны санхүүгийн тайланд тусгасан нөөцийн хэмжээнээс их зөрүүтэй байна. Дээрээс нь төсөл хэрэгжих хугацаа уртассантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ өснө. Тодруулбал, хөрөнгө оруулалтын бүтцээс далд уурхайн хөрөнгө оруулалт 3.5 дахин өссөн үзүүлэлтэй байгаа аж.
“Рио Тинто”-гийнхны боловсруулсан ТЭЗҮ15(x1) ТЭЗҮ(x2) гэгч баримт бичгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд үндэслэл, нотолгоогүйгээр ордын ашиглах хугацааг 29 жилээр нэмэгдүүлсэн байна. Гэтэл баяжуулах фабрикт жил тутам боловсруулах хүдрийн хэмжээг тооцохдоо ил уурхайгаас олборлох хүдрийг 2019 оноос таван сая тонн хүртэл бууруулж, харин далд уурхайгаас 30 сая тонн олборлохоор тооцсон явдал ордын ашиглалтын хугацааг уртасгах бус богиносгохоор харагдаж буй юм.
ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ ЯАГААД ӨСӨВ
-Үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээ 2010 оны ТЭЗҮ-д 375 сая тн байсан бол 2015 оныхт 499 сая тн болж өссөн.
-Төслийн хүчин чадал 2010 оны ТЭЗҮ-д 75 мян.тн/өдөр байсан бол 2015 оныхт 95 мян.тн/өдөр болж өсжээ.
-Далд уурхайн малталт 89 км байснаас 203 км болж өссөн.
-Босоо ам гурав байснаа тав болж нэмэгдсэн.
-Агааржуулалтын хоолойн талбайн хэмжээ 1250 байснаа 2282 болж өссөн.
-2010 оны ТЭЗҮ-д далд уурхайгаас хүдрийн вагон тээвэрлэж хоёр болон гуравдугаар босоо гол амаар тээвэрлэж байсан бол 2015 оны ТЭЗҮ-д налуу амаар конвейрээр тээвэрлэхээр шийдвэрлэжээ.
2014 онд ил уурхайн гуравдугаар үе шатны олборлолтын технологийн зам нь ил уурхайгаар олборлолт хийх, “Оюут” ордыг зүүн хойноос баруун урагш дамнан тогтсон байршил бүхий газрын гүнийн дээд ирмэгт давхцал үүссэнээс болж, анхны төлөвлөсөн уурхайн дизайныг өөрчлөхөөс өөр нөхцөлгүй болсон гэж үзэхээр байгаа аж. Үүнээс үүдэн гуравдугаар үе шатны нөөцийг олборлох боломжгүй болсон бөгөөд төлөвлөгөөнд тусгаагүй нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж, дөрөвдүгээр үе шатны нөөцийг ашиглахын тулд ордын зүүн хойд талд шинээр хөрс хуулж, олборлолтыг үргэлжлүүлсэн байна.
Энэ нь далд уурхайн олборлолтыг эрчимжүүлж, агуулга өндөртэй, үнэ цэнтэй хүдрийн биетийг богино хугацаанд олборлох зорилгоор далд уурхайн хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмэгдүүлж, түүнийг Дубайн гэрээгээр баталгаажуулсан аж.
ДУБАЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЖЭЭ
ТЭЗҮ 2010-ын тайлбар хэсгээс харахад тооцооллыг 100 хувь хувьцааны санхүүжилт байхаар хийсэн байна. Харин бодит байдалд “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтийн 25 хувь нь хувьцаа, үлдсэн 75 хувь нь зээл байв. Үүнээс үүдэлтэйгээр талуудын хүртэх өгөөжид ихээхэн хэмжээний өөрчлөлт гарахаар болсон байна. Тиймээс ТЭЗҮ 2010-д дурдсаны дагуу Өмнөд Оюугийн ил уурхайгаас бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь гүний уурхайг ашиглалтад оруулах их хэмжээний хөрөнгө оруулалтад бус хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдсан байна. Санхүүжилтийн бүтэц нь одоогийн байгаа хэлбэрээр үргэлжилбэл цаашид уурхайн үе шат бүрт “Оюутолгой” ХХК-ийн чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь хувь нийлүүлэгчдийн зээл ба түүний хүүнд зарцуулагдахаар байгаа аж.
Оюутолгой ордыг ашигласны үр дүнд Засгийн газар татвар, хураамжийн хэлбэрээр орлого олно. Үүний дийлэнх хэсэг нь ААНОАТ, АМНАТ юм. Төслийн хүрээнд Монгол Улсад 5.1 тэрбум ам.доллар орж ирэхээр тооцжээ.
Дубайн гэрээ найман бүлэгтэй, 12 хуудас баримт бичиг байна. Үүнд:
1. Нэр томъёоны тодорхойлолт
2. Ерөнхий зүйл (Энэ бүлэгт Хөрөнгө оруулалтын гэрээ болон НӨОДТХНГ-(Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний заалт, нөхцөлүүдийг дагаж мөрдөхөө дахин нотолж, “Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-тэй нийцсэн, Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжих нийт хугацаанд төслийн үр ашгийн 53 хувийг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр авахаар тусгажээ)
Гэвч “Оюутолгой” төслөөс Монголын талд ногдох өгөөжийг 2015 оны шинэчилсэн ТЭЗҮ-д хэрхэн тусгасан, хөрөнгө оруулагч талын нийт өгөөжийг ямар үзүүлэлтээр илэрхийлэх, хэрхэн тооцох, зээлийн хүүгийн орлогыг оруулж тооцох эсэх нь тодорхойгүй байна.
3. Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө (Энэ бүлэгт Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын тооцоо зэрэг багтжээ. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зардлын тооцоо болон Монгол Улсын дотор зарцуулагдах мөнгөн дүнгийн хэмжээг хөрөнгө оруулалтын эхний долоон жилээр тооцсон боловч энэ бүлэгт Монголын талын болон Хөрөнгө оруулагч талын хүтэх өгөөжийн харьцааг тусгаагүй.
Мөн Зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг “Оюутолгой” ХХК 2016 оны есдүгээр сараас өмнө боловсруулахаар тодруулж заасан байна. Тус компани заасан хугацаанд боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яаманд хүргүүлсэн ч судалгааны бүх хувилбарт Монгол Улсад хайлуулах үйлдвэр барих, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлыг нөхөх боломжгүй, хүхрийн хүчлийн тээвэрлэлтийн зардал өндөр болохыг дурджээ.
4. Далд уурхайн бүтээн байгуулалт (ТЭЗҮ-г тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь ТЭЗҮ-д зааснаас өөр гарч болох тооцооллуудаас бүрдэх бөгөөд эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг Талууд хүлээн зөвшөөрөв гэжээ)
Түүнчлэн 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам хүлээж авч, баталгаажуулах үүрэг хүлээхээр болсон байна.
5. Далд уурхайн үе шатны санхүүжилтийн талаарх тохиролцоо (Энэ бүлэгт Далд уурхайн санхүүжилтийн шийдвэрийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ гаргахдаа санал нэгтэй байхаар тусгасан байна. Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх хөрөнгө болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл, хуримтлагдсан хүү, өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулахаар заажээ.)
6. Монгол Улсын хууль, олон улсын жишигт тулгуурласан АМНАТ (Энэ бүлэгт АМНАТ-ыг хуульд зааснаар тооцох бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг ямар зарчмаар тогтоохыг заасан байна.)
7. Нэмэлт зүйл (Энэ бүлэгт НӨОДТХНГ-нд заасны дагуу “Эрдэнэс Оюутолгой” компаниас шаардсан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нийлүүлэхийг “Туркойс Хилл” компани зөвшөөрснийг тусгажээ.)
8. Бусад зүйл (Энэ бүлэгт НӨОДТХНГ-ний Маргаан шийдвэрлэх журмыг энэхүү төлөвлөгөөнд хамаарахаар тусгасан байна. Энэ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахдаа бүх талууд гарын үсэг зурж баталгаажуулахаар заажээ)
Энэ төлөвлөгөө нэртэй гэрээг байгуулснаар хөрөнгө оруулалтын үндэслэлгүй хэтрэлтийг Монголын Засгийн газраар баталгаажуулах үндсэн зорилгоо “Рио Тинто” бүрэн биелүүлжээ. Дээрээс нь “Оюутолгой” ХХК “Рио Тинто” компанийг менежрээр томилж, улмаар “Рио Тинто” компаниар стратегийн үйл ажиллагааны гэсэн хоёр үндсэн чиглэлийн ажил гүйцэтгүүлэхээр тохирсон байна. Үүнтэй холбоотой менежментийн баг Монголын талд бус өөрсдөдөө ашигтай байхаар олон зүйл заалтаар баталгаажуулж өгчээ. Мөн татвартай холбоотой маргаан ч өнөө хэр арилаагүй байгаа юм.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
URL: