“МИАТ” хулгайчидтай хариуцлага тооцохгүй суухын учир юув

Ч.Хоролсүрэн гэдэг эзэнтэй “Mongolian Airlines” хувийн байгууллага байдаг юм байна. Уг нь МИАТ-ийг хэлээд байгаа юм байх л гэж бодсон юм, анх сонсчихихоод. Тэгтэл хамгийн чухал нь төрийн байгууллага, хувийн хэвшил хоёрын нэр нэг байгаа нь төөрөгдөлд орох гол шалтгаан болсон хэрэг. Учир мэдэхгүй нэгэн МИАТ-ийн онгоцоор үйлчлүүлэх санаатай байтал нэр адилхан гэх шалтгаанаар “Мongolian Airlines” группын билетийн касс дээр очоод зогсвол яах вэ? Үнэхээр өөр нэр олдсонгүй юу, эсвэл иргэдийг албаар төөрөгдүүлэхээр энэ нэрийг хувийн байгууллагадаа өгөв үү, Ч.Хоролсүрэн дарга. Эсвэл бүр МИАТ “Мongolian Airlines” группт нэрээ түрээслүүлсэн юм болов уу? Төрийн өмчит энэ байгууллага дуртай нэгэнд нь нэрээ зээлдүүлдэггүй л баймаар.

Тэгэхээр “Мongolian Airlines” групп ийм нэртэй болсныг ганцхан шалтгаанаар тайлбарлаж болох нь. Тэр нь “Мongolian Airlines” групп МИАТ-ийн нэрийг хулгайлчихаж. Тэгвэл төрийн өмчит компанийн нэрийг дур мэдэн хулгайлж том толгой гаргасан Ч.Хоролсүрэн гэх эрхэм хэн бэ гэдэг сонирхолтой асуулт гарах нь мэдээж. Ч.Хоролсүрэн цагтаа МИАТ-ын Камерын асуудал эрхэлсэн даргын албан тушаалыг хашиж байсан, МИАТ-ийн тогооны хүн. Монголын иргэний агаарын тээврийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан энэ эрхэм ажлаас гарахдаа нэрнээс эхлээд юутай хээтэй нь хамаад гарсан нь сонин. Тэгээд өөрөө хувийн байгууллага байгуулчихаад тэрэндээ нэрийг нь хайрлачихсан байдаг. Даанч ичих булчирхайгүй байгаа биз. Иргэний нисэхийнхэн дундаа “Хоролмаа” нэртэй түүнийг мэдэх хүмүүс нь юу ч хийж магадгүй нэгэн гэдэг юм билээ. Ямартай л МИАТ-д ажиллаж байхдаа хууль хяналтынхны хараанд өртөж, шалгуулах хэмжээнд хүрэхэв дээ. Ч.Хоролсүрэнгийн энэ үйлдэл МИАТ-д удирдах албан тушаал хашиж хөлжсөн гаруудад МИАТ юу ч биш гэдгийг харуулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл төрийн өмчит гэдэг нь нэр төдий зүйл гэдгийг давхар харуулсан хэрэг.

Бүр цаашилбал төр өмчиндөө эзэн болж чаддаггүйг мэдрүүлсэн нь энэ. Ч.Хоролсүрэн хувийн агаарын тээврийн байгууллага байгуулах туйлын сонирхолтой байж гэж бодъё. Тэгээд заавал “Мongolian Airlines” гэж нэрлэсэн нь хачирхалтай. Манайд Изинис, Аэрмаркет гэхчлэнгээр өөр өөр нэртэй цөөнгүй хувийн агаарын тээврийн компани байдаг. Тэд бусдын нэрийг хулгайлалгүй, өөр нэр олж өгч болоод л байна. Өөр салбарт ч ийм гажуудал гараагүй л байна. “МЦХ” ХК-ийн нэрийг хулгайлсан үүрэн телефоны оператор байдаггүй л биз дээ.

Мобиком”, “Юнител”, “Скайтел” гээд хэнд ч падгүй нэртэй байх юм. Байгууллагуудын нэрийг давхардуулахгүй гэж олон дахин нааш цааш нь явуулдаг Улсын бүртгэлийн газрын чирэгдэл Ч.Хоролсүрэн даргад үйлчлээгүй нь эндээс харагдаж байна. Тэгэхээр улсын нэртэй бүртгэлийн газартай нийлээд Ч.Хоролсүрэн МИАТ-ын нэрийг хулгайлсан болж таарч байгаа биз. Энэ маягаар бол Ерөнхий сайд С.Батболдыг унтаад босоод ирэхэд нэг өглөө оронд нь өөр Засгийн газар байгуулагдчихсан байх юм байна л даа. Нэр хулгайлсан явдлыг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно. Тэрний хамгийн оновчтой нь МИАТ-ын үнэ цэнийг бууруулж, нэр андуурсан шалтгаанаар үйлчлүүлэгчдийг нь өөртөө татах. “Мongolian Airlines” групп бусад агаарын тээврийнхнээс харьцангуй хямд тарифаар үйлчилж байгаа. Сүүлийн үед л гэхэд ангилал хамаарахгүйгээр 107300 төгрөгөөр үйлчилгээнийхээ тарифыг тогтоосон. Энэ нь хэрэглэгчдэд таатай мэдээ ч нэрээ хулгайлуулсан МИАТ-д таатай мэдээ биш нь ойлгомжтой.
Энэ хэрээр МИАТ-ийн үнэ цэнэ буурна гэсэн үг. Бүр нарийн яривал МИАТ-ийг буулгах, дампууруулах далд санаа агуулагдаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Ингэж төрийн өмчит МИАТ ХК-ийн нэрийг хулгайлан байж, хувийн компани байгуулсан нь агаарын тээврийн салбар чамгүй ашигтай, олон хүнийг хөлжүүлсэн газар гэдгийг тодорхой болгож байгаа юм. Хамгийн харамсалтай нь Монголын иргэний агаарын тээврээс хөлжсөн гарууд эргээд байгууллагаа нэрнээс нь эхлээд мөлжиж байгаад оршиж байгаа юм.
Нэг үгээр хэлбэл удирдах албан тушаал хашиж байсан, мөнгөтэй хүмүүст Монголын иргэний агаарын тээвэр юу ч биш гэдгийг харуулж байна. Хэдийгээр төрийн өмчит гэдэг ч нэр төдийхөн зүйл гэдгийг энэ бүхнээс харж болно. Энэ онд хувьчлагдах төрийн өмчит байгууллагуудын жагсаалтын тэргүүн эгнээнд “МИАТ” ХК явж байгаа. Үндсэндээ бол хувьчилна гэж төрийг сажилж байх хооронд МИАТ-ийн зарим хэсэг салбар нь аль хэдийнэ хувьчлагдаж, эзнээ олчихсон байгаагийн тод жишээ нь “Мongolian Airlines” групп. Нууц далд гэсэн үг ч багадмаар энэ хувьчлалд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ихээхэн үүрэг рольтой оролцсон гэж хардах хүмүүс ч цөөнгүй бий. Төрийн өмчийг баруун солгойгүй цацаж, үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг үнэгүйдүүлэхдээ гарамгай түүнийг энэ асуудалд хардахаас ч аргагүй.

Төрийн хөрөнгө хөрөнгө нэрнээсээ эхлээд сэмхэн бусдын халаасанд ороход дарга л гол үүрэг гүйцэтгэнэ биз дээ, нэгдүгээр гарын үсэг зурдаг эрх нь байгаа болохоор. Тэгээд мань хүнийг дундаас нь багагүй мөнгө хусдаг байж болзошгүй хэмээдэг. Ямар сайндаа УИХ-ын гишүүн З.Алтай “Чи зайлаад өгөөч” гэж бухимдаж байхав. Төрийн өмчийг дарга цэрэгтэй нь нийлж хуссан “Мongolian Airlines” групп монголын иргэний агаарын тээврийн түүхэн замналыг өөрийн түүх болгочихсон л тууж явна лээ. Монголын агаарын тээврийн нэгэн шинэ үе 1956 оноос эхэлсэн гэж үздэг. Бүр тодруулбал АН-2 агаарын хөлгөөр хөдөө орон нутаг руу анхны нислэгийг үйлдэж, олон өдөр сараар явдаг байсан газрыг хэдхэн цагийн дотор туулдаг болсон тэр цаг үеэс түүхийн шинэ үеэ эхэлсэн гэдэг. Цаашлаад 1970 он гэхэд Монголын агаарын тээвэр бараг бүх аймаг, сумандаа хүрдэг болж, улам өргөжин тэлсээр байсан.

Энэ бол Монголын иргэний агаарын тээврийн түүх. Нэг ёсондоо Монгол Улсын иргэний агаарын тээврийн тулганы галыг өнөөдрийг хүртэл таслалгүй авч яваа МИАТ-ийн түүхэн замнал. Гэтэл энэ түүхийг “Мongolian Airlines” групп хэнэг ч үгүй өмчилчихсөн байх юм. Компанийн түүх гэж тодоос тод бичиж, тэртээ 1950, 1960-аад оны үеэс үүсэлтэй мэтээр залсан байна шүү. Яахав АН-2 онгоцны замналыг үргэлжлүүлж яваа гэдгээр нь тэгж ойлгож болох ч хувийн байгууллага болчихоод төрийн, Монголын ард түмний бүтээсэн түүхийг өмчилнө гэдэг зүйд нийцэх хэрэг биш. Дөнгөж өнгөрсөн онд байгуулагдчихаад тавь, жараад оны түүхтэй байж болохгүй биз дээ.
Ингэж МИАТ-ийн нэрийг хэнэггүйхэн туучихаад тэнгэрт мөнгө угааж байгаа “Мongolian Airlines” группыг ямар шугамаар хэрхэн байгуулагдсаныг хууль, хяналтынхан гэж байдаг л бол шалгаж нягтлах хэрэгтэй. МИАТ ч нэрээ бусдад алдчихаад нүдэн балай, чихэн дүлий суугаад байж болохгүй шүү дээ. Ижил нэртэй хүмүүс байдаг ч яг адилхан нэртэй байгууллага байж болохгүй. Ч.Хоролсүрэн МИАТ-ийн нэрийг өнгөрсөн онд авсан, энэ жил хувьчлал нэрээр эзэн суухыг ч үгүйсгэх аргагүй байна.

chuhalmn


URL:

Сэтгэгдэл бичих