Зуухны сайныг магтах мянга байхад өөлөх нь нэг
Утаагүй зуухны талаар сайн, муу мэдээ олонтаа цацагдах юм. Зуух дэлбэрлээ, пийшин нь нурж, задарсан гэнэ гэхчлэн янз бүрээр мэдээлэл цацагдаж байгаа ч үнэн хэрэгтээ зуух бус пийшин нь задарсан тохиолдлыг дэвэргэж ийнхүү ярьдаг бололтой. Утаагүй зуух дэлбэрсэн гэх тохиолдлуудыг мэргэжлийнхэн, хууль хяналтын байгууллагууд нь нягтлаад үзэхээр утаагүй зуухнаас болсон шалтгаан огт байхгүй байгаа аж.
Харин “Өлзий”, “Хас” зуух нь пийшин голдог учраас удчихсан юмуу муу пийшинд угсрах боломжгүй байдаг ч аливаа юмыг монголчлох дуртай иргэд хуучин пийшиндээ дур мэдэн буруу холбосноос зуух нь биш пийшин нь дэлбэрсэн тохиолдол гарсан аж. Гэтэл зөв арчилж, хэрэглээд амьдарч байгаа айл, өрх цаана нь өчнөөн байх юм билээ.
Харамсалтай нь утаагүй зуухны сайныг магтах мянган хүн байхад муулж буй ганц хүний үгийг өлгөн авч, шуугиан тарьдаг “моод” дэлгэрсэн бололтой. Дашрамд дуулгахад, “Өлзий”, “Хас” зуухыг цагаан сар хүртэл төслийн хөнгөлөлттэй үнээр нь борлуулах бөгөөд харин түүнээс хойш одооны хямд үнээр олдохгүй гэнэ.
URL: