Ц.Элбэгдорж: Одоо Монгол Улсын баялгийн 50 хувь нь гадныхны гарт байна
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаад буцахдаа Чойр хотын иргэдтэй уулзахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Төр бол булаагч биш, баялгийг эзэмшигч биш, төр бол хүмүүсийн ажилд нь тусладаг байх ёстой. Таны амьдрал сүүлийн хоёр жилд сайжирсан уу. Яагаад манай эдийн засгийн өсөлт жирийн айлд нөлөөлөхгүй байна вэ.
Төр оролцоод байна, эсхүл гадныхан оролцоод байна. Үүнийг өөрчлөхийн тулд би ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж байгаа юм. Юм хийж буй хүнд татварынх нь дарамтыг багасгаад өг, юм хийж буй хүнд төрөөс дэмжлэг үзүүлээд өг гэж би хэлсээр ирлээ.
Гэтэл их хуралд бугшсан хөрөнгөтнүүд чигжиж суучихаад хөдөлгөх аргагүй болчихоод байна. Цэргийнхэн дунд хүртэл хөрөнгөтөн хурандаа нар бугшлаа.
Тэднийг илчлэх хэрэгтэй байна. Эдийн засгийг 30, 40 хувиар өсгөнө гээд амлаад ббайсан намууд өнөөдөр юу болсныг хараарай.
Төр үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэддээ үйлчилдэг, ард түмний санааг зовоосон зүйлийг шийддэг төр байх ёстой. Иддэг уудаг, өгдөг амладаг, хүмүүсийг энэ оны сонгуулийн хуулиар цэвэрлэхийг хичээж байна. Эрхтэн дархтнуудыг шалгаад өг гэхээр их хуралд ороод нотлогдохгүй байна гэдэг боллоо.
Тиймээс их хуралд очоод гацдаг биш, хаагддаг биш, жирийн ард иргэд шиг асуудлаа шийдүүлдэг, бусадтай адил түвшинд шалгуулдаг болмоор байна.
Сайдтай холбоотой асуудлыг шалгуулах гэхээр яаж ч нотолгоо өгөөд хаагдаад байна. Үүнийг би байхгүй болгохын төлөө явсаар ирлээ. Миний ерөнхийлөгч болоод хамгийн анх хийсэн ажил нь эрүүгийн хуулинд авлигатай холбоотой хэргийг хуульчлах, гэтэл энэ хуулийг их хурал хоёр жил хойшлуулж байна.
Сандал суудалтай холбоотой асуудлыг шууд шийддэг мөртлөө энэ хуулийг хойш тавиад байх юм. Үүнийг би орхихгүй дахин хэлэлцүүлэхээр хуулийг би өргөн барих болно. Дараа нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийг оруулна. Урагш явахгүй, арынх нь урагшлахгүй ийм л байдалд орчихоод байна. Одоо Монгол Улсын баялгийн 50 хувь нь гадныхны гарт байна. Тиймээс би лицензүүдийг цуцласан. Их хуралд энэ лицензийн асуудлуудыг жил бүр оруулж байна. Шийдэгдэхгүй байна.
Шударга ёс, агаарын бохирдол, ажилгүйдэл зэргийг дээгүүр суудалтай хүмүүс ойлгохгүй байна. Тэд жирийн амьдралыг мэдэхгүй байна. Бидний босгосон ардчиллын 20 жилийг үнэлэх үнэ цэнийн чадамж ард түмэнд байгаа. Гэтэл одоогийн төрийн алба нь ах дүү, амраг садангийн цугларалт боллоо. Яг хуримын ордон шиг.
/Танхимд нирхийтэл инээлдлээ/
Ард түмнийг бөөнддөг боллоо. 999 гишүүн элсүүлнэ ч гэх шиг. Хүмүүс бөөний бараа юмуу. Өнөөдөр жирийн ард иргэдийн дунд юу тулгамдаж байна вэ. Тэд байргүй байна. Хүмүүс нэг данх усаа ээлжилж халаагаад усаа асгаад тойруулаад бие биенээ угааж өгсөөр амьдарсаар байна.
Ийм амьдралаас одоо Монгол Улс гарах хэрэгтэй. Хүмүүс байранд тухтай амьдрах хэрэгтэй байна. Үүнд юу саад болж байна вэ. Хээл хахууль, хэдэн төгрөг илүү өгсөн хүн л газар авч байна. Байр авч байна.
Үүнийг болимоор байна. Би 21 аймгаар тойрч ажиллалаа. Говьсүмбэрт хамгийн сүүлд ирлээ. Та нэг удаа сонголт хийхэд тэр нь таныг бүтэн дөрвөн жил дагах болно. Таны нэг өдрийн сонголт дөрвөн жил дагаж, таны амьдралыг халаасыг сэгсэрч байна.
Та сонголтоо зөв хийгээрэй. Нэг удаагийн мөнгөөр биш, дөрвөн жилийн өөрчлөлтийн төлөө сонголтоо хийгээрэй.
URL: