Найман настай охин Эйнштейн, Хокинг нараас илүү IQ-тай
Адара Маита Перес Санчес охин одоо наймхан настай. Гэвч тэрбээр аль хэдийнэ дунд сургуулиа төгсөөд, өдгөө хоёр их сургуульд суралцаж байна. Тэгвэл жаахан охин яаж ийм балчир насандаа ийм их зүйлийг амжуулж чадаж байна вэ? Ээжийнх нь хэлснээр гэр бүл нь бүгдээрээ түүнд тусалдаг гэнэ. Үүнээс гадна Адарагийн IQ 162 оноотой гарсан нь суут Альберт Эйнштейн, Стивен Хокинг нарынхаас 2-оор илүү юм.
Адара нь Мексикийн Бока-дель-Рио хотод төрсөн ч нийслэл Мехико хотод шилжин иржээ. Гурван найтайдаа Аспергерийн синдром буюу нийгэмших чадваргүй нь тогтоогдож, эцэг, эх, багш нар нь цэцэрлэгт нь сургах гэж нэлээд сандарчээ.
Гэсэн ч ээж нь охиноосоо асар их чадвар олж харсан байна. Охин юмыг маш хурдан сурдаг, математик, одон оронд сонирхолтой байв. Тиймээс Адараг тусгай шалгалтад оруулж, онцгой хүүхэд болохыг нь тогтоожээ. Харамсалтай нь ээж аав нь охиноо гоц авьяастнуудын сургуульд оруулахад хэтэрхий үнэтэй тусч байлаа.
Адара сургуулиа маш эрт төгсөөд, шууд л хоёр их сургуульд интернэтээр сурч эхэлсэн байна. Тэрбээр аж үйлдвэр, системийн инженерийн чиглэлээр сурдаг. Мөн гэрээр математик судалж, Мехикогийн үндэсний тусгаар их сургуульд англи хэл үздэг.
Үүгээр ч зогсохгүй Адара Олон улсын агаарын сансрын хөтөлбөрт оролцож, НАСА-гийн шинжээчдээс мэдлэг олж авч байна. Адара охин сансрын нисгэгч болохыг мөрөөддөг гэнэ. Түүний шүтээн нь Базз Олдрин хэмээх саран дээр газардсан хоёр дахь хүн юм.
Адара хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд АНУ-ын Аризонагийн их сургуульд одон орон физикийн чиглэлээр сурахаар төлөвлөж байна. Урилгаа ч хүлээн авсан гэнэ. 2019 онд Forbes сэтгүүл Адараг алдарт тамирчин, бизнес хатагтай, эрдэмтдийн дунд Мексикийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтад багтаажээ. Адара чөлөөт цагаараа жирийн л хүүхдийн адил эгчтэйгээ тоглож, зурагт үзэж, лего угсарч өнгөрөөдөг аж.
Эх сурвалж: lifter.com
URL: