НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын компанийн үнэн төрх

5dd33f5e5db86-Гэрээнд заасан талбайгаа дутаахыг нь мэдсэн бол иргэд тус компанитай гэрээ байгуулахгүй нь мэдээж-

Дахин төлөвлөлт гэж даанч олон жил ярьсан нийслэлийн удирдлагууд гэр хороололд увуулж цувуулан ганц нэг орон сууц ашиглалтад оруулж байна. Гайхмаар олон жил маш удаан ярьсаар байгаа тэр үлгэрийн орд харшуудыг нь босгож байгаа зарим компани асуудал тарьж эхэллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд “Бармон” ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн, “Шинэчлэл” хороолол барьж буй. Уг хорооллын  6-114 тоотын айл “Брайт пойнт” ХХК-иар 10 дугаар сарын 30-нд байрныхаа талбайг хэмжүүлжээ. “Бармон”-той байгуулсан гэрээ ёсоор энэ айлын байр 56,67 ам метр байр ёстой. Гэвч “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу хийсэн хэмжилтээр 54,54 ам метр байгааг тогтоожээ. 2.13 ам метр талбай дутсаныг “Бармон” ХХК-ийн холбогдох ажилтнуудад хэлэхэд хүлээж аваагүйгээр барахгүй, “Харин ч илүү байгаа. Танайхтай байгуулсан гэрээгээ цуцална” гэсэн хариу өгсөн байна. Тиймээс уг айл нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газарт ханджээ.

“Бармон” ХХК Чингэлтэй дүүргийн 9-11 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийн тулд 2014 онд тэр хавийн иргэдтэй газрыг нь байраар солих гэрээ байгуулжээ. Төсөл хэрэгжүүлэх эрхийг тус компанид иргэд олгосон. Учир нь  нийслэл, дүүргээс сонгогдсон компани тухайн төсөл хэрэгжүүлэх талбайд газар өмчилсөн айлуудад үйл ажиллагаагаа танилцуулан, гэрээ байгуулдаг. Газар дээрээ тэр компаниар орон сууц бариулаад, барьсан байрыг нь газраараа сольж авахыг зөвшөөрөх эсэхээ иргэд өөрсдөө шийднэ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.02.20-ны өдрийн 23  дугаар тогтоолын хавсралт буюу “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д заасан ёсоор 301 хүртэлх нэгж талбартай байршилд 30 хоног, 301 ба түүнээс дээш нэгж талбартай байршилд 60 хоногийн хугацаанд иргэдийн 75 хувийн зөвшөөрлийг авч чадаагүй бол тухайн компани дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхээ нийслэлийн Засаг даргаас авч чадахгүй. (Барилга, хот байгуулалтын сайдын 2018.03.29-ний өдрийн 46 дугаар тушаалаар 80 хувийн дэмжлэг авах ёстой болсон). “Бармон” ХХК Чингэлтэй дүүргийн 9-11 дүгээр хорооны 581 айлын газар дээр төсөл хэрэгжүүлэх тендерт өрсөлдсөн тул 50 хоногийн дотор 436 айлын зөвшөөрлийг авах ёстой байлаа. Түүнийгээ ч авсан.

Харин одоо “Бармон” ХХК тэр үед өөрт нь итгэл хүлээлгэсэн иргэдийн итгэлийг алдаж, барьсан орон сууцныхаа талбайг гэрээнд заасан хэмжээнээс дутаачихаад байна. Хэрвээ иргэд 2014 онд “Бармон” ХХК-тай хоёр талт гэрээ байгуулаагүй бол тус компани энэ төслийг авч чадахгүй байв. Гэрээнд заасан талбайгаа дутаахыг нь мэдсэн бол иргэд тус компанитай гэрээ байгуулахгүй нь мэдээж. Бидэнд итгэ гэж иргэдийг бүхэл бүтэн таван жил хүлээлгэчихээд, “Бармон” барьсан орон сууцныхаа талбайгаас хумслан, иргэдийн хохирлыг барагдуулалгүй, харин ч “Гэрээгээ цуцална” хэмээн сүрдүүлж байна. Нэг ёсондоо “Би энд барилга барья. Та нар зөвшөөрөөч” гэж гуйж байж зөвшөөрлөө авчихаад, “Одоо би барилгаа барьчихлаа. Зарвал авах хүн олдох л байлгүй. Чи талбай нь дутуу байр авбал ав. Үгүй бол боль” гэж хэлж байна.

Асуудал үүгээр дуусахгүй. “Бармон”-ы барьж буй “Шинэчлэл” хорооллын 6, 7 дугаар байр одоо болтол халуун усгүй байгаа юм. Халуун усгүй, Улсын комисс хүлээж аваагүй байрандаа айлуудыг оруулчихсан. Эдгээр байрыг 10 дугаар сарын сүүлчээр Улсын комисс шалгасан байна. Тэр үед айлууд нь бараг бүгд орчихсон, Улсын комиссын гишүүдтэй орцонд зөрөлдөн, зарим нь шинэ байрны найраа хийж байлаа. Улсын комиссын гишүүд үүнийг харсан атлаа чимээгүй өнгөрсөн байх юм.

7 дугаар байрны хэд хэдэн оршин суугчтай уулзахад “Энэ долоо хоногт өгнө гэсээр халуун усгүй бараг сар боллоо. Цонх нь цантаад, мөс болчихсон. Халаалт муутай, хүйтэн байна. “Бармон” өөрөө СӨХ байгуулсан гэж хэлээд, оршин суугчдаас мөнгө аваад байгаа” гэсэн бол 6 дугаар байрны зарим оршин суугч “Бид өөрсдөө хэмжиж үзсэн чинь яах аргагүй 2 ам метр талбай дутаад байгаа. Одоо тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх гэж байна. Зарим айл тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлэхэд дутсан байна лээ” гэж ярилаа.

Анхаарал татаж байгаа бас нэг асуудал нь дахин төлөвлөлтийн төслийг ямар хугацаанд хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг юм. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.02.20-нд баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.25-д “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж заажээ. Үүгээр бол “Бармон”-ы гэрээг цуцалчихсан баймаар.

Иргэдтэй байгуулсан хоёр талт гэрээнд зааснаар 2014-2016 онд 464 айлын, 180 машины гарааштай, үйлчилгээний 1700 ам метр талбайтай, 4 блок орон сууц, 2015-2018 онд 936 айлын, 380 машины гарааштай, 8 блок орон сууц бариад ашиглалтад оруулчихсан байх байв. Гэвч тэр үед төрсөн хүүхэд сургуульд орох гэж байхад “Бармон” 228 айлын хоёр блок орон сууц л дөнгөн данган бариад байна. Өнөө цаасан дээр амласан олон машины гарааш, бусад орон сууц хаана байна вэ? 1845 шөнийн үлгэрээ жаргааж чадаагүй байгаа атлаа 3358 өрхийн 43 блок орон сууц, 720 хүүхдийн цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль барьж, түрээслүүлээд өмчлүүлэх тухай үлгэр ярьж яваа нь ямар учиртай вэ? Харин ганц үнэн юм гэвэл “Бармон”-ы захирал Ш.Үнэнбат энэ хооронд НИТХ-ын төлөөлөгч болсон.

http://erennews.mn/article/27114


URL:

Сэтгэгдэл бичих