Тантай учрах тавилангаар төрсөн заяаны ханиа олсон уу?

Бидний амьдралд олон учралууд тохиолддаг. Тэднээс үнэхээр сэтгэл догдлуулж, зүрх булиглуулсан нь цаг зуурынх байх тохиолдол алийг тэр гэх вэ. Тэгвэл тантай л учрах тавилангаар төрсөн заяаны ханиа олсон эсэхээ яаж мэдэх вэ. Далд ухамсрын тувшинд үүнийг ийнхүү тайлбарлажээ.

ХОЁР УХАМСАР НЭГ БОЛОХ

Заяаны ханьтайгаа учрахыг өөрөөр “Ихэр сүнс нэгдэх” хэмээн нэрийддэг. Энэ нь бидний дотор буй сүнсний ихэр нь заяаны ханийн маань биед байдаг. Түүнтэй учирсан цагт хоёр сүнс нэгдэж нэг цул болдгийг илэрхийлнэ хэмээжээ.

Хүн хайр энэрэл, уучлал өршөөлийн тухай амьдралынхаа туршид хангалттай сайн суралцаагүй тохиолдолд заяаныхаа ханьтай учирдаггүй юм байна. Учир нь тэр болтол зүрх ихэр сүнсээ өөртөө нэгтгэж чадахуйц өр зөөлөн, уян хатан, хүчирхэг болж бэлтгэгдээгүй байдаг. Заяаны ханиа олсон олон хүн тэр учралын өмнөхөн, эсвэл дараахан “ухамсрын шөнө”-ийг туулж хатуужаад, сэтгэл санаа, оюун бодлын хувьд цэгцлэгддэг.

Тиймээс заяаны ханьтайгаа амьдралаа холбоно гэдэг их аз завшаан, хувь тавилангийн бэлэг байдаг. Нэгдэхээс өмнө сүнс тус бүр арга, билгийн хувьд өөрийн тэнцвэрээ олсон байх ёстой.

Зарим ихэр сүнснүүд дэлхий дээр учирдаггүй, насан турш ухамсарын түвшинд оршсоор дуусдаг. Энэ тохиолдолд нэг сүнс нь бодит орчлон дээр өөр нэг сүнстэй итгэлцэлийн холбоо тоггоон амьдарч байсан ч өөрийн ихрийг оюун санаагаараа мэдэрдэг. Заримдаа ихэр сүнснүүд өөр цаг хугацаанд хүн төрхөө олсон явдал ч байдаг. Хэдий сайхан боловч заяаны ханьтайгаа учрах нь таниас сэтгэлзүйн болон оюун санааны асар том дэвшил, ухаарлыг шаарддаг.

ИХРЭЭ ОЛСНОО ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Та хоёрт тохиолдлын чанартай олон ижил зүйл байвал энэ нь ихэр сүнсний шинж. Жишээ нь хоёр өөр хотод боловч, ижилхэн тоотой байрны ижил дугаарт амьдардаг байх бол заяаны ханиудын хосломол тэмдэг гэнэ. Эсвэл тохиолдлоор нэг өдөр төрсөн байж таарах, нэг газар яг адилхан хүнтэй уулзаж үзсэн байх зэрэг нь тэнгэрээс илгээсэн дохио болдог.

Хамгийн сонирхолтой дохио бол 11:11 гэсэн тоог санаандгүйгээр олон удаа харах юм. Компьютер эсвэл гар утасны цаган дээр байн байн харагдах, энэ тоо оролцсон төлбөрийн хуудас авах, гар утасны дугаартай таарах гээд заримдаа таныг энэ тоо дагаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөх вий. Тооны шинжлэх ухаанд 11, 22 гэсэн тоонууд хамгийн хүчирхэг утгыг агуулсан байдаг.

Эд бол ганц юм хос болох, хос юм нэг болж уусч буйн илэрхийлэл болдог. Өөрөөр хэлбэл заяаны ханийн төгс билэг тэмдэг юм. Энэ бүгдээс таны сэтгэл зүрхний орон зай дүүрч, бүтэн бүрэн боллоо гэдгийг мэдрэх хамгийн том дохио юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих