Үеийнхэндээ гадуурхагдсан хүү ангийнхнаа бууджээ

2_bОХУ-ын Амурск мужийн Благовещенск хотод нэгэн оюутан сургуульдаа гал нээж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан талаар Регнум агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн дамжуулснаар, орон нутгийн цагаар пүрэв гаригийн 10:00 цагт Амурскийн барилга, нийтийн аж ахуйн коллежийн байранд оюутан гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн нэгний биеийн байдал онц хүнд байгаа гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Энэ хэргийг 19 настай оюутан үйлдсэн бөгөөд тэрбээр оюутнууд руу гал нээснийхээ дараа амиа хорложээ.  Хэргийн шалтгааныг тогтоохоор хууль сахиулагчид ажиллаж байгаа бөгөөд  суралцагчдын хооронд гарсан маргаан зөрөлдөөний улмаас уг хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Мөн хэргийн гэрчүүд ч энэ хувилбарыг батлаж болзошгүй мэдүүлгүүдийг өгсөн байна. Тухайлбал, тус коллежийн нэгэн оюутан хэрэг үйлдэн, улмаар амиа хорлосон оюутны талаар ярихдаа “би тэр үед хичээл дээрээ байгаагүй, байсан бол намайг ч алах байсан байх. Учир нь манай бусад оюутнууд түүнийг нийлж, доромжилж байсан. Мөн найз охиныг нь гутаан доромжилсон” гэж ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих