Хасах 40 хэм давсан Сонгинын аманд төлийн дуу цангинаж байна

Олон жилийн дунджаас өнөө жил илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд онцолж байна. Тэр тусмаа нийслэлийн Туул голын сав газруудад хасах 40 хэмд хүрч байгааг тус газрын мэргэжилтэн Б.Цог хэлэв. Тэрбээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонгинохайрхан уулын орчимд бүр хасах 45 хэм давж хүйтэрч байгаа гэсэн юм. Түүний хасах 45 хэм давж хүйтэрч байгаа гэсэн газарт олон малчид өвөлжиж байгаа юм. Тиймээс малчид их хүйтрэлийг хэрхэн давж байгаа талаар сурвалжиллаа. Бид Биокомбинатаас хойш Сонгинын амралтын урдуур гарч, Туулын эргийг өгсөж давхисаар Өлтийн ам гэх газарт очлоо. Нар аль хэдийнэ мандсан байсан ч голын эрэг дагаад өглөөний хүйтэн жавар нүүр чимчигнүүлэн хайрах аж. Ингээд Өлтийн амны баруун  тийшээ харсан жалганд өвөлжиж байгаа айл руу зүглэв. Цасан дундуур машинаа хий эргүүлэн явсаар арай гэж зорьсон айлдаа очлоо. Тэгтэл гэрийн эзэд нь байсангүй. Байшингийнх нь хаалга түгжээгүй, гэрт нь хэн ч алга байв. Мөн саравчин дотор бэлчээрт гарч чадахгүй болтлоо муудсан бололтой нэмнээтэй гурван бяруу зогсож байв.

Бүр  эхээс төрөөд удаагүй  100 гаруй хурга хашаан дотор үсэрч цовхчин тоглож байх нь тэр. Өдий цагт төл хүлээж авах болоогүй байтал хонь хургалчихжээ. Угтаа бол гурван сарын сүүлчээс төлөө хүлээж авах ёстой байдаг. Очсон айлын хурганууд сүүл суугаад, гэдэс гарчихсан харагдав. Гэрийнх нь гадаа хэсэг зогсож байтал нэг хүн зүүн уулын сугаар бууж ирлээ. Юун хүмүүс гэрт нь хүрээд ирдэг билээ гээд гайхаж байгаа бололтой. Уулын уруу зогсолтгүй гүйсээр ирсэн. Гэрийн эзэгтэй ирж байгаа нь энэ. Мэнд усаа мэдэлцэж Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн Б.Отгонжаргал хэмээх айлд ирсэн гэдгээ мэдэж авлаа. Тэднийх Завхан аймгаас ирж суурьшаад арав гаруй жил болж байгаа гэнэ. Одоо 300 гаруй бог, арав гаруй бод малтай хэмээн гэрийн эзэгтэй Г.Сайханчимэг ярьж гарлаа.

Түүнээс их хүйтрэлийг хэрхэн давсан талаар асуулаа. “Энд ирээд арав гаруй жил өвөлжиж байна. Ийм хүйтэн өвөл болж байгааг үзсэнгүй. Энэ жил бүр гойд хүйтэн байна. Манай бог уг нь овоо л царигтай өвлийг угтсан юм. Тэгтэл сүүлийн арав хоногийн дотор л сэнсэрчихлээ. Энэ хавиар олон малтай болохоор бодын хамар хатгах өвсгүй болчихлоо. Төлөг, борлонгийн нэлээд  хэд нь хүйтнээс болоод нүд аньсан” хэмээн ярив. Бүр сүүлийн хэд хоног хотноосоо малаа гаргалгүй намар хадсан өвсөөрөө тэжээсэн гэсэн. Хадсан өвс нь олон малд юу ч бололгүй дууссан байна. Мөн банкнаас малчны зээл авч байгаад 30 боодол өвс авчээ. Цаг тавирах болоогүй байхад ийнхүү хэцүүдээд байгаагаа малчид цаг агаарын хүйтрэлтэй холбон тайлбарлаж байв. Харин ийм эрт цаг нь болоогүй байхад зуу гаруй хонь хургалсан байгааг сонирхон асуухад, “Өнөө жил хургалах хонь бараг дуусаад байна шүү. Энэ хавийн айлуудын хуц, ухныг хавар, зун, намар хариулах айл олдохгүй байгаа” гэлээ.  Түүний ярьж буйгаар хуцаа зун нэлээд эрт хөгнөсөн гэнэ. Тэгтэл найман сарын үед хот руу ажлаар яваад ирэх хооронд хуцных нь хөгнө тайлагдаад хоёр өдөр “найрлаад” л ийм болчихоод байгаа ажээ. Үхрийн тэжээл хэрхэн бэлдэж байгааг бидэнд харуулав. Намар адууны халтар хомоол түүгээд арав гаруй шуудайнд хийгээд саравчин дээрээ тавьчихсан байна. Тэгээд хомоолоо үйрүүлээд хивэгтэй зуураад үхрээ тэжээдэг гэнэ. Дөнгөж хүйт ороод эхлэнгүүт үхрийг тэжээх юм бол тарга хүчээ алдалгүй онд ордог талаар ярив. Ийнхүү гэрийн эзэгтэйтэй ярилцаж байтал гэрийн эзэн  Б.Отгонжаргал ороод ирэв. Эсгийгээр хийсэн хурганы уутнаас дөнгөж сая төрсөн нойтон хоёр хурга гаргаад ирлээ. Тэгээд “Хув чихтэй бор халзан хонь ихэр хурга гаргадаг байна ш дээ. Одоо энэ хоёрыг яадаг юм билээ. Тэр бор халзан чинь өөрийгөө яая гэж байгаа амьтан. Хуурай сүүгээр л тэжээдэг байх даа” хэмээн эхнэртээ дуулгаад бидэнтэй танилцаж яриа дэлгэлээ. Тэдний хотны бууц тас хөлдөөд хэвтэр алдаад байгаа учир өдөр машинаараа хажуугийн өвөлжөөнөөс бууц татах гэнэ.

“Хонь хургалаад хэцүүхэн байна. Гэхдээ бүгдийг нь онд оруулах хэрэгтэй. Та нар хэцүү үед л ирлээ. Энд айхавтар хүйтэн байгаа юм. Төлөг, борлонгууд бээрээд бэлчээр дээрээ хэвтчихээд босч чадахгүй хэцүүхэн л байна. Хүн бүл муутай болохоор баларч байхгүй юу. Дулаан орохоор манайд ирээрэй. Одоо аягүй бол нэг нь хургалж байгаа биз” гээд үстэй дээлнийхээ гадуур хүрэм өмсөөд хониныхоо араас яаруухан явлаа.

ЯМАА НЬ ИШИГЛЭЭД БАЙГАА БОЛОХООР ХОТНООСОО МАЛАА ГАРГАХГҮЙ БАЙГАА

Бид дараагийнхаа айлд очихоор хөдөлсөн юм. Эхний очсон айлын гэрийн эзэн Б.Отгонжаргал, Н.Отгонбаяр гэх Тахилтын энгэрт өвөлжиж байгаа айлыг зааж өгсөн юм.  Цаг гаруй явсаар Н.Отгонбаяр гэх айлд ирэв. Тэднийх хонио гэрийнхээ гадаа хураасан байлаа. Ер нь тэр хавьд өвөлжиж байгаа айлуудын ихэнх нь байшинтай юм билээ. Зун болохоор өвөлжөөнөөсөө холгүйхэн зусдаг аж. Ингээд Н.Отгонбаярынд орлоо. Гэрийн эзэд гэртээ цайлж байхад нь иржээ. Бага насны хоёр хүүхэд эхнэрийн хамт аж төрж байгаа нь энэ. Увс аймгаас 2000 онд 600 гаруй малтай нүүж ирсэн гэнэ. Тэгээд малгүй болж хотод хэсэг амьдарч байгаад зээл авч  хэдэн ямаа худалдаж аваад ийнхүү хөдөө гарчээ. Одоо 200 гаруй хонь, ямаатай подхийсэн малтай айл болжээ, Н.Отгонбаярынх. Гэрийн эзэн “Баяжихын түрүүнд ямаа. Барагдахын түрүүнд ямаа гэдэг дээ. Овоо л өсч байна. Энэ хавар яах юм байгаан” гэсээр бидэнтэй яриа өрнүүлэв. Мөн л ямаа нь ишиглээд баларч байгаа юм билээ. Одоогоор 40 гаруй ямаа ишиглэчихсэн байлаа. Өвлийн адаг сар дуусаагүй байхад хотонд нь төлийн дуу цангинаж хаврыг санагдуулах аж. Энэ хүйтэнд дөнгөж эхээс төрсөн турь муутай ишигнүүд хөлдчих гээд хэцүү байгаа талаар гэрийн эзэд хэлж байна лээ. Н.Отгонбаярынх их хүйтрэлийн өдрүүдэд хотноосоо малаа гаргаагүй гэсэн. Өвс, тэжээл ахиухан байгаа болохоор нар голлосон үед хөлийнх нь чилээг гаргаад л гэрийнхээ гадаа хураачихсан юм байх. Тэгэхгүй бол хүйтэн үед уул хадаар явах болоод байгаа гэсэн. Гэрийн эзний нүүр хүйтэнд нэлээд хайрагдсан байв. Хамрынх нь үзүүр шархалчихжээ. Хоёр хүүхэд нь гэртээ нэг, нэг ишиг барьчихаад л тоглож байх юм. Дүү нь ахтайгаа ишгээ булаацалдаж уйлаад л аав, ээждээ зэмлүүлэх аж. Тэдний өвөлжөө нөмөр багатай юм. Сонгинохайрхан уулын тэндээс хүйтэн салхи нэвт алгадаад  байх аж. Мөн өнгөрсөн жил өвсний гарц муутай байсан болоод ч тэр үү борог өвс бараг харагдсангүй. Хэд хэдэн удаа цас орсон учир морины тушихаар цастай байна лээ. Гэрийн эзэгтэй Г.Батчимэг “Хоёрдугаар сарыг давчих юм бол ямаагаа самнаад мөнгөтэй болно.  Тэгвэл ч үнэндээ айгаад байх зүйлгүй. Хэд хоног гэрт гал үзэхгүй хэцүүдсэн шүү. Энэ сарын 5-наас эргээд хүйтрэх юм гэсэн. Тэгэхээр  яадаг юм байгаа юм. Байгаль дэлхийтэйгээ буруу харьцаад л ингэж хүйтэрч байгаа байх даа. Луу жил ч бас чанга байж магадгүй хэмээн Л.Тэрбиш гуай хэлж байсан. Тэр үнэн байх” хэмээн ярив. Ийнхүү ярьж суусан гэрийн эзэд гэнэтхэн яав гэмээр сандралдан “Өө ишгээ оруулахаа мартчихсан байна. Хөөе шоорон эвэртэй хар ямааны ишиг тэнд байна бариад ав. Хөөгөөд байгаарай” хэмээн хашгиралдан гүйлдэж гарлаа.

МАЛЫН ХУЛГАЙ ГАРДАГГҮЙ ГАЗАР

Хэсэг хугацааны дараа Н.Отгонбаярынхаас хөдөллөө. Бидний очсон  айлууд ирэх жилээс арай нөмөр газар өвөлжөө барина гэдгээ ярьж байсан. Ийнхүү явсаар Биокомбинатын туршилтын адуу  байх газарт очлоо. Замд нэмнээтэй үхэр бээвийчихсэн яваа харагдана.   Биокомбинатын адуучин Ж.Банзар адуугаа ерөөсөө гаргахгүй дан өвсөөр тэжээж байна хэмээн ярьсаар бидэнтэй уулзлаа. Эднийх адуугаа өдөр хөлийнх нь чилээг гаргаад л эргээд хашчихдаг байна. Дэлийг нь засчихсан морьд саравчин дотор холхиж байв. Тэдний цусаар эм бэлдмэл хийдэг аж. Нэгнээс нь  бараг гурван литр цус авдаг гэсэн. Сүүлийн арван хоног цаг агаар хүйтэрснээс болж нийслэлийн цэвэр, бохирын шугамаар дамжин ирдэг ус энд ирээд хөлдсөн байв. Уг нь бол өмнөх жилүүдэд хөлдөж байгаагүй гэсэн. Харин хүйтрэлээс болж эргээсээ халиад хөлджээ. Ийнхүү зогсож байтал зүүн гарандаа улаан даавуугаар “Морьт эргүүл” гэсэн бичигтэй тууз зүүсэн морьтой хүмүүс хүрээд ирлээ. Тэд энэ хавийн айлуудын малыг сайн дураараа харж өгдөг “Малчин холбоо” төрийн бус байгууллагын гишүүд болох П.Даваа, Ж.Дагдан гэх 60 гаруй насны иргэд  байлаа.  Дээрх ТББ, малчид, цагдаа нар хоорондоо холбоотой ажилладаг байна. Малын хулгай гарлаа гэхэд утсаар хоорондоо холбогдож хулгайч нарыг барьдаг гэсэн. Гурван жилийн өмнөөс энэ хавиар малын хулгай огт гараагүй гэдгийг тэд онцолж байсан юм.

Ийн хасах 40 хэм давж хүйтэрч байгаа нийслэлийн хамгийн хүйтэн газар болох Сонгинохайрхан уул орчмын айлууд иймэрхүү дүр төрхтэй амьдарч байна. Тэр хавьд амьдарч байгаа иргэд “Эсгий гутал, үстэй дээл, лоовуузан малгай аминд орж байнаа” хэмээн ярьж сууна. Мөн тус хорооны Засаг дарга М.Энхсайхан “Зөвхөн хөдөө гэлтгүй Биод амьдарч байгаа иргэд хүйтэнд хэцүүдэж байгаа гэдгийг хэлж байсан. Гадаа тавьсан машин огт асахгүй. Түргэний машин айлд очоод царцаад асахгүй байгаа” хэмээн ярьж байсан юм.  Уурын зуухны ажилчид нүүрсээр “бөмбөгдөөд” байхад л орон сууцнууд олигтой халахгүй байна гэх гомдол тасрахгүй байгаа талаар хорооныхоо Засаг даргад учирлаж байсан.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих