Н.Номтойбаярын мөнгөөр зодож авсан сайдын суудал буюу “Нарийн сухайт”-ын нуугдмал алт
“Мөнгөөр чулууг ч нүхэлж болно” гэж Г.Алтан хэлжээ. Ленин, Сталин нарын ишлэл үг цээжилж заншсан улс даа, бид. “Алтжин”-гийн захирал Г.Алтан гэдэг тэр эмэгтэй “Бөмбөгөр” худалгааны төвөөрөө сор залчихаад бөөн хохирогчдынхоо өмнө тийнхүү хэлж байсансан. Өдгөө түүний зааснаар замнах хүн цөөнгүй. Г.Алтан одоо Сингапур, Монголын хооронд дураараа зорчин, бизнесээ өргөжүүлсээр. Завсар хооронд нь Ардын намынхаа бага хурлын гишүүний үүргээ тун дажгүй биелүүлэх гээд үхэн хатан зүтгэж байна. Энэ өгүүлэх зүйл маань харин түүнтэй шууд хамааралгүй л дээ. Зөвхөн мань хүний дээрх ишлэл үгийн ид шидээр албан тушаалд суга дэвшсэн Н.Номтойбаяр гэгч залуугийн талаарх таагүй зарим мэдээллүүд юм. Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын суудалд очсон түүнийг олон нийт үнэндээ хүлээн зөвшөөрөхгүй байх шиг байна. Төрд алба хашсан гэх олигтой юм түүнд ер үгүй.
Тагнуулын байгууллагад хэдэн жил ажилласныг эс тооцвол шүү дээ. Харин аав Нямтайширынх нь байгуулсан “Монгол алт” буюу “МАК” групп бол Н.Номтойбаяр, Ардын нам хоёрын мөнгөний машин буюу саалийн үнээ. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр өөрт ахадсан төрийн тийм том албанд туршлага, мэдлэгээрээ бус мөнгөөр цохиж гарч ирлээ. Энэ үйл нь иргэдийн маань сүүлийн жилүүдэд хамгийн их дургүйцдэг болсон зүйл л дээ. Гэлээ гээд яалтай билээ, Ерөнхий сайд Сү.Батболд өөрөө ийм сонголт хийснээс хойш. Хүмүүст хамгийн муухай харагдаад байдаг энэхүү мөнгө, албан тушаалын холбоос, шүтэлцээний энэхүү шийдэл одоо Н.Номтойбаярыг гэхээсээ илүү Ерөнхий сайдыг өөрийнх нь нүүр царайг яалт ч үгүй хараад будаж орхилоо. Бусдын өмнөөс ичих шиг эвгүй юм бас үгүй.
Н.Номтойбаярын өмнөөс олон хүн ичиж, нүүрээ улалзуулан яваа бололтой. Уг нь аавынхаа компанид дэд захирал гэсэн сул орон тооных нь цалинг аваад л харайж явбал дээр байж хэмээн учрыг сайн мэдэх нэгэн өгүүлсэн юм. “МАК” нь одоо Хятадтай хамтран Өмнөговь аймгийн Нарийн сухайтын ордын нүүрсийг хил давуулан урагш зөөж байгаа. Тэд Хятад, Монголын хамтарсан “Чинхуа МАК-Нарийн сухайт” компанийг байгуулалцсан. Тус компани нь 2005 онд манай Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээний хугацаа 2013 онд дуусна. Гэтэл Н.Номтойбаяр нар Нарийн сухайт хэмээх тэрхүү бүлэг ордоос нэг хэсгийг нь таллаад авчихсан байдаг юм. Хэрвээ Тогтвортой байдлын хийсэн юм бол төр засаг маань энэ том ордыг заавал яагаад хэсэглэн хуваах болов гэсэн асуулт зайлшгүй тавигдана. Монгол улсын нэг хүнд 3500 ам.долларын гадаад өр ноогддог. Та төрөхдөө өртэй, амьдрал тань нил өр, үхэхдээ бас өртэй. Нэг л өдөр Монгол улс өрөө дарж дийлэхгүй учраас хоосон хүний хоёр чихийг ав гэдэг шиг байгаа ганц зүйл болох газар нутгаа өгөх л дутаад байна. Монгол улсын 3 тэрбум ам.доллар гадны банкинд жилийн 1 хувийн хүүтэйгээр хадгалагдана, харин Монгол улсын иргэн дотооддоо жилийн 24 хувийн хүүтэй зээлэнд шулуулна. Энэ бол зүгээр солиорол, галзуурал.
Ерөөсөө Монголын төр гадныхны төлөө л ажилладаг болж. Бүхэлд нь гэрээгээр ашиглавал төрд ч, иргэдэд ч илүү ашигтай нь тодорхой байлаа. Өнөөдөр Нарийн сухайтын бүлэг ордыг гэрээ нэрийн дор “Мак”, “Чинхуа”-гаас гадна ….зэрэг компаниуд эзэмшиж байна. Зарим нь манай засгийн газраас огт хамааралгүйгээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дураараа дургиж дунд чөмгөөрөө гадныхан тэнд ёстой жиргэх шиг л болж байна. Алтны магнат гэгдсэн аав хүү хоёр тэдний л адил энд дэлхийн зах зээлийн үнээс дөрөв дахин хямд үнээр өмнөд хөрш рүү нүүрсээ арилжаалдаг. Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын зэрэг намынх нь нөхөд тэдэнд ийм “дархан эрх” олгосон гэх нь үнэний хувьтай. Чинхуа МАК-Нарийн сухайт” компанийн удирдлага нь Өвөрмонголын Альша аймгийн Далайн Хөв хотод байрладаг. Монголын талын захирлаар нь Н.Батболд гэдэг хүн ажиллаж байна. Тэрбээр Ашигт малтмалын газарт ажиллаж байсан нэгэн.
Одоо Н.Нямтайшир, Н.Номтойбаяр нарын хар бор ажилд зарагдаж байгаа нь энэ. Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг баталсан УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолд “Тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцлийг хэвээр хадгалах нь зүйтэй” гэж заасан нь ч бас дээгүүрх хуйвалдааны эхлэл байжээ. Стратегийн ордын эзэмшлийг 50 хувь хүртэл гэж хуульчилсан ч хайгуулыг нь өөрсдөө хийсэн Нарийн сухайдад хэрэгжиж чадсангүй. Өөр нэг ноцтой зүйл бол Нарийн сухайтын нүүрс нь эрчим хүчнийх биш сайн чанарын коксжих нүүрс гэдгийг манай мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа. Гэтэл бүгдээрээ эрчим хүчний нүүрс гэсэн ангиллаар үнэ хямдтайгаар хил даван одож байна. Эрчим хүчний нүүрсийг хятадууд тийм хямдаар авдаг. Тэгэхээр энэ нь томоохон хуйвалдаан бөгөөд Хятадуудын хаяж өгсөн өгөөшөөр шийдэгдсэн асуудал хэмээн өөр нэг эх сурвалж хэлж байгаа нь бас л ортой болов уу. Бизнесийн ашиг сонирхол аль ч компанид байдаг, байх ч ёстой л доо. Гэхдээ үндэсний эрх ашиг, хуулийн дор явдаг учиртай. Энэ өнцгөөс Н.Номтойбаярынхныг харахад тааламжтай санагдах юм даанч бага аж. Тэд Нарийн сухайтыг цөлмөж хаяад дараа нь МИАТ компанийг хувьдаа авах санаатай хор найруулж яваа юм байна. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр Х.Баттулга МCS, Энержи ресурс рүү үгээр дайрч “Хятадын 75 хувийг эзэмжилтэй компаниуд” хэмээн шуугиан дэгдээсэн. Гэвч тэр МАК-ын дээрх асуудлуудыг хөндөөгүй нь бас л цаанаа МИАТ-тай хамааралтай болов уу. мань хүн МИАТ-ыг Н.Номтойбаяртнуудаас дутахааргүй сонирхож буй. Тиймээс тэдэнтэй эрт орой хэзээ нэгэн цагт МИАТ-ын бизнест хорших тохиолдол ч гарч магадгүй гэж хаяагаа манасан байж болох юм. Түүнээс биш МАК нь ч, Энержи ресурс нь ч адилхан хуулийн гадуур ажиллаад байгаа шүү дээ.
Хууль сахиулагчийн дүрд тоглох л гэсэн бол Х.Баттулга Хятадчилагдсан МАК-ыг дурсахгүй байх аргагүй юм л даа. Гайхалтай нь МАК-ын өмнүүр загас адил чимээгүй ахлаж байлаа. Нямтайшир, түүний хүү Номтойбаярыгаа улс төрд хөол тавиулахын тулд л Ардын намд нэг тэрбум төгрөг хандивлаж байжээ. Өнгөрсөн онд энэ хандивынхаа тухай тэр ярихдаа “Намынхаа шинэ байрыг хурдан барьж дуусгах гэсэн юм” гэж байв. Түүнд иймэрхүү халхавч байлгүй л яахав. Гэхдээ нэг тэрбум бол аав хүү хоёрт юу ч биш. Тэдний хятад руу гаргаж буй нүүрстэй хамт Нарийн сухайтын алт болон бусад ховор элементүүд хил давсаар удаж байгаа. Хэдэн тонн алт өнөөдөр Хятадад очоод угаагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Харин яах аргагүй алт, ховор металл эндээс нүүрс, шороотой холилдон гардгийг монгол инженерүүд нь тэрүүхэндээ сэм ярилцсаар байна.
Нэгэн эх сурвалж хэлэхдээ “Алттай шороог нь авч ачдаг ажлын тусгай групп ч бий. Үүнд Монголын талаас хэн ч хяналт тавьдаггүй” гэсэн юм. Үүний мөрөөр тагнуул, цагдаа нар нь яваад учрыг нь олох байлгүй дээ. “Монгол алт” буюу МАК-ын эзэд Ардын намд гишүүнчлэлтэй нь өнөөгийн Засгийн газарт томоохон олз, аз завшаан болдог нь энэ бүхнээс илэрхий ажээ. Ерөнхий сайд С.Батболдын хувьд сонгуульд намаа ялуулахад мөнгө, мөнгө, бас дахин мөнгө хэрэгтэй байгаа нь мэдээж. 2008 оны сонгуулиар луйвар будлиан тарин байж ялсны нууц мөнгөнд л байсан гэдгийг судлаачид бас байгаа шүү дээ. Тиймээс авдар авдраар алттай Номтойбаярынхан одоо л “хэрэгтэй газраа” очлоо. Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Сонгуульд нэр дэвших шаанс өндөр. Н.Номтойбаярын Дорнод аймагт байн байн очиж оймс, бээлий, мөнгө сэлтээ хайр гамгүй цацаж хаясан саяхны дурсамжуудын “нууц” энд л байжээ. Хууль тогтоох дээд байгууллагадаа иймэрхүү хүнийг залах эсэхээ сонгогчид нь мэдэх хойно, өөр илүү үглэх юу билээ. Ядаж ямархуу царайны эр вэ гэдгийг мэдээд авбал болох нь тэр.
Б.Отгонбаяр
URL: