Нью-Йорк Зул сарын гацуураа суурилуулжээ

2_bБямба гаригт буюу 11 дүгээр сарын есний өдөр Рокфеллер-плазагийн талбай дээр Нью-Йорк хотын Зул сарын гол гацуурыг суурилуулсан талаар ВВС мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр  гацуурын өндөр 23 метр, 14 тонн жинтэй бөгөөд Оринж тойргоос авчирсан байна.

Гацуурыг Нью-Йорк мужийн оршин суугч Кэрол Шульц бэлэглэжээ. Түүний өгүүлснээр 1959 онд гацуурын суулгац худалдан авч, вааранд суулгаад, дараа нь гэрийнхээ гаднах талбай дээр ургуулжээ.

Энэ жилийн гол гацуурыг нийтдээ найман километр урттай гэрлэн чимэглэлээр чимэж, оройд нь уламжлал ёсоор Австрийн Сваровски компанийн уран гартнуудын урласан асар том болор од байрлуулах аж.

Дашрамд дуулгахад, гол гацуурын гэрлийг асааснаар АНУ-д зул сарын улирал эхэлдэг уламжлалтай. Энэ жил 12 дугаар сарын дөрөвний өдөр гацуурын гэрлийг асаах ёслол болох юм байна.

Рокфеллер-плазагийн талбайд зул сарын гацуур суурилуулах уламжлал 1930-аад оны эхээр бий болжээ. Анх 1931 онд Рокфеллер төвийн барилгыг барьж байсан ажилчид барилгын талбай дээр зургаан метр өндөртэй гацуур суурилуулсан байна. Гацуураа цаасан чимэглэл, ойн жимсээр чимэж байжээ. Харин зул сарын гацуурын гэрлийг асаах ёслол анх  1933 онд болж, үүнээс хойш гацуурыг цахилгаан гэрлээр чимдэг болсон байна.

Г.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих