Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь интернэт ашигладаг
Дэлхийн хүн амын 53.6 хувь нь буюу 4.1 тэрбум хүн интернэт ашигладаг тухай НҮБ-ын дэргэдэх Олон улсын цахилгаан холбооны тайлан мэдээнд дурджээ.
Тайлан мэдээнээс үзвэл, интернэт хэрэглэгчдийн тоо 2018 оныхтой харьцуулахад 5.3 хувиар өссөн байна. Интернэт ашиглаж буй хүмүүсийн 48 хувь нь эмэгтэйчүүд бол 58 хувь нь эрэгтэйчүүд аж. 2005 онд дэлхийн хүн амын ердөө 16.8 хувь нь сүлжээ ашиглаж байсныг мэргэжилтнүүд сануулсан байна. Үүнээс хойш хэрэглэгчдийн тоо жил тутам дунджаар 10 хувиар өссөн боловч сүүлийн жилүүдэд саарч, дэлхийн зарим хэсэгт “ханасан байдал” тогтжээ.
Интернэт хэрэглэгчдийн үзүүлэлт Европт хамгийн өндөр буюу 82.5 хувьтай байгаа бол Африкт хамгийн бага 28.2 хувьтай гарсан байна. Харин 3.6 тэрбум хүн интернэт ашиглаж чадахгүй байгаа ба тэдний дийлэнх нь буурай хөгжилтэй орнуудын иргэд ажээ.
URL: