Хонконг: Хэллоуинээр үүсч болзошгүй үймээнээс сэргийлж 3000 цагдаа ажиллана

2_bӨнөөдөр тохиож буй Хэллоуин баярын үеэр олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсч болзошгүйтэй холбоотойгоор Хонконгийн цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна.

South China Morning Post сонины мэдээлснээр Засгийн газрыг эсэргүүцэгчид баг өмсөн жагсаал цуглаан хийж болзошгүй байгаа гэнэ.

Эсэргүүцэгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан Виктория цэнгэлдэх хүрээлэнд цуглан, Лан Квай Фонг дүүргийн төв гудамжаар алхахаар тохиролцсон байна. Өнгөрсөн онд гэхэд энэ гудамжинд Хэллоуинээр 120 мянган хүн цугларч байжээ.

Улмаар хотод эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн 3000 гаруй хууль сахиулагчид дайчлагдсан бөгөөд зарим гудамжуудыг хаан, шаардлагатай тохиолдолд усан буу ашиглахаар төлөвлөсөн байна.

“Бид хотын олон дүүрэгт түүвэрлэн шалгалт явуулж, хэт даврагчдад өгөх зорилгоор шатамхай шингэнтэй лонх, хамгаалалтын хэрэгсэл тээвэрлэж байж болзошгүй сэжигтэй автомашинуудыг шалган үзлэг хийнэ” хэмээн Хонконгийн цагдаагийн газраас мэдэгджээ.

Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс Хонконгийн “Тэнгисийн парк”-д Хэллоуинээр зохион байгуулахаар төлөвлөсөн бүх арга хэмжээг цуцалсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих