УЛААНБААТАРЫГ МАШИНААР ТОЙРОХОД ХЭДЭН ЦАГ ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Сирийн зөрчлийг шийдэх талаарх тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йоркт хэлэлцлээ. Арабын орнуудын лигийн санаачилсан уг төслийг АНУ, Их Британи, Франц дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Уг тогтоолд энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоох, засгийн эрхийг шилжүүлэн өгөхийг Сирийн эрх баригчдад уриалжээ. Түүнчлэн Сирид зэвсэг нийлүүлэхийг бусад оронд хориглох талаар уг тогтоолд өгүүлсэн аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ уг тогтоолын төслийг дэмжихгүй байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровтой энэ талаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Ази, Номхон далайн орнуудад айлчилж буй С.Лавров “Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар шийдвэр гаргахдаа тус улсын ард түмнийг хохироохгүй байх хувилбарыг сонгох ёстой.
Сирийн эрх баригчдад ямар нэгэн хориг арга хэмжээ авлаа гэхэд энэ байдлыг улам хурцатгаж, зөрчлийг дэвэргэж болзошгүй. Тэгээд ч аливаа улсын дотоод хэрэгт оролцох эрх Аюулгүйн зөвлөлд байхгүй” хэмээн мэдэгджээ. Түүний зэрэгцээ Сирийн ард түмэн өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй гэдгийг тэрбээр мөн онцолсон аж. НҮБ дахь Оросын төлөөлөгчид Сирийн эрх баригчид, сөрөг хүчнийхэнд хандан Москвад хэлэлцээр хийхийг уриалж байгаа юм.
Х.ОД
URL: