Монголын баячуудын хурдан хүлэг хулгайчдын гараар үгүй болжээ

УИХ-ын гишүүд, компанийн захирлууд, банкны эзэд болон хөрөнгө, бэлтэй эрхмүүд хурдан хүлгээрээ өрсөлдөж, наадам, бусад тэмдэглэлт ой, даншигт уралдуулах болсон. Тиймдээ ч хүлгийнхээ удам угсааг сайжруулах нэрээр, эсвэл улсын наадамд дээгүүр уралдах боломжтой гэж уяачид шинжсэн ажнайг үнэ хайрлахгүй авдаг. Сумын наадамд айрагдсан, эхний 10-т багтсан ямар ч насны морь 10-аас дээш сая төгрөгөөр үнэлэгдэж буй бол аймаг, бүс, даншиг наадамд дээгүүр давхисан хүлэг дээрхээс нэг дахин илүү үнэтэй. Монголын шинэ цагийн хөрөнгөтнүүд ийнхүү авсан ажнай, хурдан буянаа нийслэлийн ойролцоох жүчээндээ тэжээж, амралтын өдрүүдээр бооцоотой уралдаан зохион байгуулдаг гэлцэх юм билээ.

Бэлтнүүдийн ийм хурдан хүлгийг хулгайлсан хэрэг сүүлийн үед нэлээд олон гарч буй бөгөөд адууныхаа сургийг гаргасан, бодит мэдээлэл өгсөн хүнийг нэг сая төгрөгөөр урамшуулахаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг.
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр “Мал-2012” нэгдсэн арга хэмжээ явуулж байгаа бөгөөд энэ хүрээнд удаа дараагийн үйлдэлтэй, ихэнхдээ хурдан морьд хулгайлдаг гэмт этгээдүүдийг саатуулсан байна. Малын хулгайч нар  2011 оны арваннэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянцогт сумын нутгаас иргэн С-ын хүрэн азаргатай 42 адуу, мөн сарын 25-26-нд Төв аймгийн Баянцогт сумын иргэн Г-ийн хоёр адуу, мөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутгаас хүрэн азаргатай 13 адуу, 2011 оны долоодугаар сард мөн сумын нутгаас хул азаргатай 13 адуу, наймдугаар сард тус сумаас мөн 13 тооны адуу хулгайлсан Өвөрхангай аймгийн харьяат О, Сэлэнгэ аймгийн харьяат М нарын гэмт бүлэглэлийг илрүүлжээ.
Тэд мал хулгайлсан хэргээр хоёр ч удаа шийтгүүлж, ял эдэлж байхдаа хамт хоригдож байсан аж. Тэд суллагдсанаасаа хойш бүлэг зохион байгуулалтад орж, дээрх хэргүүдийг үйлдсэн байна. Адуугаа алдсан зарим хохирогч нь Төв аймгийн Цагдаагийн газарт очиж нулимс дуслуулан тайлбар өгсөн байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын өндөр настан Б хүрэн азаргатай 13 адуу, өндөр настан Н хул азаргатай 13 адуугаа алдсанаа хайж Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймаг хүрсэн,  алдсан адуу нь бүгд хурдан угшилтай, аймаг сумын наадамд олон удаа түрүүлж, айрагдаж байсан тухай тэд цагдаагийнхад өгүүлжээ. Гэмт этгээдүүдийн хулгайлсан адуунаас ердөө тав нь амьд олдсон бөгөөд хэрэгтнүүд тэднийг бусдад худалдсан байсныг хураан авч хохирогчдод өгсөн байна.
Хохирогч нар цагдаагийнханд “Малын хулгайчдыг нэг хоёроор нь авдаг гэж бодсон. Гэтэл азарга адууг маань тууж аваачаад, нядалсан байна. Цагдаагийн ажилтнууд гэмт хэрэгтнүүдийг олж саатуулсанд баярлаж байгаа. Харамсалтай нь адууны маань ихэнхийг нядалж, толгой шийр, арьс нь л эд мөрийн баримтаар хураагдсан байна” гэж нулимс дуслуулан өгүүлжээ.
Цагдаагийн ажилтнууд энэ арга хэмжээний хүрээнд мөн л хурдан удмын, өндөр  үнээр худалдан авсан хүлэг хулгайлж, борлуулсан хэрэгтнийг баривчилсан байна. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Соломын даваа гэх газарт өвөлжиж байсан малчин, Төв аймгийн алдарт уяач Б.Галбадрахын адуунаас гурван хурдан адуу алдсан гэнэ. Алдсан адуу нь Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Цэрэндорж болон аймгийн алдарт уяач Б.Галбадрах нарынх байсан аж. Алдагдсан адууг нь хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хэдээр үнэлсэн талаарх мэдээллийг нууцлахыг хохирогчид хүссэн гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр адуу нь хамгийн багадаа 15 сая төгрөгөөр үнэлэгдэх ажнай байсан бололтой.
Хулгайч дээрх адууг энэ оны нэгдүгээр сарын 21-ний шөнө тууж, цагдаагийнхан түүний мөрөөр цөөнгүй хоног эрэн сурвалжилсны дүнд Налайх дүүрэг дэх түүхий эдийн захад адууны ширийг нь өгсөн байсныг тогтоожээ. Гэмт этгээдүүд түүхий эдийн ченж Оюун-Эрдэнэ гэдэг хүнд гурван ширийг 135 мянган төгрөгөөр борлуулсан гэнэ. Ченжүүд тэдгээр ширийг худалдсан хүмүүсийн талаарх ам зураг, машиных нь өнгийн талаар цагдаагийнханд хэлсэн бөгөөд энэ дагуу ажилласнаар бэлтнүүдийн үнэтэй, хурдан буяныг М.Ганзориг, Б.Цэрэнбаатар, Ш.Хишигдэлгэр нар махалж зарсан болох нь тогтоогдсон байна. Тэд 49-03 УНГ дугаартай автомашинтай явж байжээ. Хэрэгтнүүд урьд нь удаа дараа мал хулгайлсан хэргээр ял шийтгүүлж байсан хүмүүс бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 22-ны үүрээр адууг нядалж, мөн өдрийнхөө 22.00 цагийн үед адууны ширийг түүхий эдийн ченжүүдэд худалдсан гэдгээ хүлээсэн байна.
Өдгөө цагдаагийнхан гэмт этгээдүүдийн хамсаатнуудыг олж тогтоохоор ажиллаж буй гэнэ.
Г.РАВЖАА

URL:

Сэтгэгдэл бичих