“Дулааны цахилгаан станц-3”-ын ажилтан цахилгаанд цохиулж, амиа алджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд засвар үйлчилгээ хийж байсан тус компанийн ажилтан өчигдөр /2019.10.28/ өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд байрлах зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байсны нэг нь 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулж, амиа алдсан байна.
Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагчид 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин, 35 настай, эрэгтэй Б нь 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.
Онцгойн алба хаагчид цогцсыг буулгаж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
URL: