Автомат тоглоомын газартай холбоотойгоор БГД-ийн ИТХ дахь МАН-ын бүлэг санаачлагаар НИЙТИЙН СОНСГОЛ ЯВУУЛНА
Баянгол дүүргийн 1,14,18-р хорооны нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа талаар удаа дараа иргэдээс өргөдөл гомдол гарч, энэ талаар нийгмийн цахим сүлжээний орчинд мэдээлэл тарах болсон.
Хууль зөрчин мөрийтэй тоглоомын газар байгуулж, тоглоом зохион байгуулах нь тухайн орчинд оршин суугч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Түүнчлэн хүүхэд залуусын дунд амар хялбар аргаар мөнгө олох сонирхлыг үүсгэх, нийгэмд хөдөлмөр эрхлэлтийг сааруулах цаашлаад гэмт хэрэг гарах нөхцөл шалтгааныг ч бий болгох олон сөрөг талтай.
Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн Төлөөлөгчид тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй мөрийтэй тоглоомын газруудын үйл ажиллагааг цэгцэлж, шаардлагатай арга хэмжээ авах үүднээс “Ерөнхий хяналтын сонсгол” зохион байгуулах, санаачлага гаргах зэрэг асуудлыг БГД-ийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Энхболд, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нараас хүсчээ. Тодруулбал, “Улсын нууцад хамааруулахаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчмыг баримтлан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан бол Ерөнхий хяналтын сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу Ерөнхий хяналтын сонсгол заавал явуулах” шаардлагатай байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243-р зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэгээс гурван сар хүртэлх хугацаагаар барривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа мөрийтэй тоглоомын газруудтай тэмцэх чиглэлээр холбогдох албаныхан шалгалт хийж, тодорхой арга хэмжээг авч ирсэн ч бодит үр дүнд хүрэхгүй байгаа нь анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байгаа юм. Тиймээс ийнхүү нийгмийн чимээгүй тахал болсон мөрийтэй тоглоомын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийснээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг аваад зогсохгүй олон нийтийн ойлголт хандлагыг ч өөрчлөх дараа дараагийн ажлуудыг эхлүүлэх гарц юм.
URL: