Сурах бичгээ хэвлэж чадахгүй байж сүржин бүтээн байгуулалт ярих нь ичмээр
Бүхэл бүтэн туурга тусгаар улс айл байтлаа ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээ өөрсдөө хэвлэж чадахгүй байна гэхээр хэлэх муу үг олдохгүй юм. Ийм байж том, том төсөл, хөтөлбөр бүтээн байгуулалт ярьж, энд тэндэхийн олон улсын арга хэмжээнд дарга цэрэггүй төсвийн мөнгө үрэн байж явах нь бүр нэг ой гутмаар. Сайд болсон дээрээ, дарга байгаа дээрээ, нам ялсан дээр нэг сайн яваад авъя, боломжийг ашиглая гэсэн байдалтай улсаа “шатаах” улстөрчид олширчээ. Авлигын гэмт хэрэг нь хуралд саар 11 их наяд төгрөг давчихсан, энэ нь улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх улсад сурах бичиг хэвлэх мөнгө байхгүй байна гэхээр итгэж чадахгүй юм. Хэзээ ийм байлаа гэж бодогдоно. Сурагчид өнөөдөр сурах бичиггүй хичээллэсээр нэгдүгээр улирлын ээлжийн ам ралттайгаа золгох гэж байна. Сурлагын чанар, гэрийн даалгавар энд ярих нь дэндүү эртдэх хэрэг.
Аав, ээжүүдийн толгойны өвчин сурах бичиг болж, хүүхдийнхээ хичээл номд хий дэмий санаа зовохоос хэтрэхгүй байна. Засаг төрийнх нь арчаагүй байдал ийм хойно гээд ер өнгөрч боломгүй. Монгол орны ирээдүй хойч хэдхэн сайд, дарга нарын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж хохирч үлдэнэ гэхээр бухимдал төрнө. Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өслөө хэмээн Ерөнхий сайд сайрхаж, төсвийн орлого төсөөлж байснаас ахиу байгааг Сангийн сайд мэдэгдэж байсан. Гэтэл улс орны тулгуур, хөгжлийн цөм болох боловсролын салбарт нүүрлэчихсэн энэ хүнд суртлаа эрхэм дарга нар олж харах нүдгүй байна гэж үү. Сурагчдынхаа сурах бичгийг хэвлэж чадахгүй улсад эдийн засаг өсөх, төсвийн орлого давах нь чухал үйл явдал мөн үү. Салбар хариуцсан сайд нь сонгогдсон тойргоо тордохоос цааш нэг л хэтрэхгүй. Хариуцсан салбар нь ундуй сундуй. Сурагчдад түрээсээр сурах бичиг олгох нь гал унтраах төдий арга заль мэх байх. Бүхнийг сугална, түрээсэлнэ. Яачихсан улс гэж ийм байдаг юм бэ. Хүүхдүүд яагаад томчуудын өмнөөс шийтгэл хүлээх ёстой гэж. Үе үеийн Засгийн газар боловсрол болон эрүүл мэндийн салбарт төсвөө харамгүй олгодог. Зөвхөн Монголд ийм биш. Дэлхий нийтээр дээрх хоёр чухал салбарт онцгой анхаарал хандуулж ирсэн. Тэгэхээс ч аргагүй. Гэтэл сурах бичиг хэвлэх мөнгөгүй гээд бусдаас гуйланчлах нь бид яах аргагүй улсаараа оюуны ядууралд орсны шинж тэмдэг биз. Дарга сайд нар өрөөгөө хэдэн зуун саяар тохижуулж, үнэтэй тавилга, өргөн буйдан аваад ханахгүй унах тэргээ хүртэл хамгийн сүүлийн үеийн загвараар шинэчлэх нь ядарсны зовлон биш задарсан төрийн үйлдэл. 180 мянган сурах бичгийн гурван багц тендер салбарын яам нь зарласан. Гэвч тендер шалгаруулалт удааширч, энэ сарын 11-нд дөнгөж тендерийн гэрээ байгуулсан талаар манай сонин өмнө нь бичсэн. Яамны ажил мэлхийн хурдаар яваа бололтой. Өөрсдийн ажлын хариуц лагагүй байдлаа олон улсын байгууллагад хүртэл чихэж, булайгаа дэлгэх нь ичмээр. Учир явдлыг ухаж үзвэл, “Баяраа өөрөө л уначихсан юм биш үү”. Зунжин айраг, хуушуур, найр наадам эргүүлсэн манайхан “тоглоомын дүрэм”ээ өөрсдөө зөрчсөн гэх. Тодруулбал, Монголын талын хариуцсан ажил хангалтгүй байсан тул тендер удааширсан яриа байна. Эргэн сануулахад, Азийн хөгжлийн банкны санхүүжүүлсэн нэг бус төсөл манайхнаас нь болж хойшилж, шүүхийн маргаан хүртэл үүсэж байв.
Эцэг эхчүүдийн нуруунд сурах бичгийг үүрүүлэхээр засаг шийджээ
Тодруулбал, Ховд-Баян-Өлгий чиглэлийн автозамын төслийн тендерт монголчууд өөрсдөө будилаан үүсгэж, уг замын ажил цаг алдаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн нөлөө, бизнесийн ашиг сонирхол энд орж ирсэн нь АХБ уг тендерийг эргэж харахад хүргэж байсан удаатай. Шударга бус тендерийг тэд хүлээж авахгүй. Авлига энд үйлчлэхгүй. Ийм нөхцөл байдал 180 мянган сурах бичгийн гурван багц тендерийн аль нэгт илрээгүй байх гэж итгэнэ. Олон улсын байгууллагын тендерийг манай төсвийн тен дертэй харьцуулах боломжгүй. Төсвийн тендер шиг юм гэж ер нь хаана байх вэ. Эзэд нь эхнээсээ тодорчихсон байдаг гэх тендерийг олон улсын байгууллага хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Ийм зүйл болоогүй байх гэж найдна. Манай улс ядарч явах үедээ Азийн хөгжлийн банкны гишүүн орны нэг болж байсан. 1966 онд байгуулагдсан тус банк өдгөө 68 орныг өөрийн гишүүнчлэлийн эгнээнд багтаасан.
Хоёр талын түншлэлийн стратегийн хүрээнд 2020 он хүртэл Монгол Улсад АХБ нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Энэ мөнгийг нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчин гэсэн үндсэн гурван чиглэлд голчлон зарцуулах юм билээ. 2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон сайд, дарга нар гоё, гоё зүйл ярьж, хайр зарлах нь холгүй индрээс салж ядан буцсан. Тэд угтаа сурах бичиггүй, сурах бичиг хэвлэх тендер нь удааширсан байхад эрдэм ном сайн сураарай гэж олны нялх үрсийг хэнэг ч үгүй басамжлаад өнгөрсөн билээ. Ёс суртахуун гэж байна уу. Энэ жил сурах бичиг хэвлэхэд улсаас нэг ч төгрөг төсөвлөөгүй гэж салбарын сайд нь долоон сарын өмнө ярьж байсан. Түүний үр дүн өнөөдөр гарч, уйлах, уурлахын завсарт аав, ээжүүд байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн нуруунд сурах бичгийг үүрүүлэхээр засаг эхнээсээ шийджээ. Хувийн хэвшлийнхний бүрдүүлсэн татварын орлого, уул уурхайн гол хэдэн таваарын үнийн тогтвортой байдлыг авч үзвэл Монгол Улсад 180 мянгаар зогсохгүй сурах бичиг хэвлэх дайны мөнгө төсөвт төвлөрсөн. Ядаж л бултаараа булагнасан ЖДҮийн сангийн мөнгөнөөсөө яагаад сурах бичиг хэвлэж болоогүй гэж. Тэгвэл гоё харагдах байсан даа.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: