Чак Фини: Их хөрөнгөтэй, мөнгөтэй байгаад ч нэг хөлдөө хоёр гутал өмсөж чадахгүй

72741627_2466999820065985_661728218339868672_oАлдарт “Duty Free”-гийн үндэслэгч Чак Фини уг нь 100 сая доллар хол давсан хөрөнгө эзэмших эрхтэй нэгэн. Гэхдээ түүний хөрөнгө одоо 2 сая ам.доллар хэмээн тэмдэглэгддэг. Учир нь тэр өөрийн хөрөнгөний ихэнх хувийг сайн үйлсийн аянд зориулжээ. Ингээд баян тансаг амьдралаас татгалзаж, бусдад аз жаргал түгээх хүсэлтэй Чак Финигийн амжилт, амьдралын түүхээс хуваалцъя.

Чак Фини буюу Чарлес Френцис Фини нь АНУ-Ирланд гаралтай бизнесмэн бөгөөд 1931 онд АНУ-ын Нью Жерсид төржээ. Дайны хүнд хэцүү цагт өсөж торнисон Чак цэргийн сургуульд сурч, Солонгосын дайны үеэр АНУ-ын цэргүүдийг зоригжуулах үүрэгтэй радио нэвтрүүлгийн хөтлөгч байжээ. Дайн дууссаны дараа тэр газар дундын тэнгисийн боомтууд дээр жуулчдад зориулан ликёр худалдаалж эхэлснээр “Duty Free” -г үүсгэн байгуулсан гэдэг.

Тэрээр 1960 онд эхнэрийн хамт “Duty Free” олон улсын татваргүй барааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулжээ. Одоогоор “Duty Free” дэлгүүрүүд дэлхийн бараг бүхий л онгоцны буудалд салбартай юм.

Чак энгийн амьдралд дурлагч бөгөөд дөрвөн хүүхдээ ч энэ хэлбэрээрээ өсгөжээ. Тэр бусад тэрбумтан нараас тэс өөр амьдралаар амьдардаг. Харшид олон хамгаалагчаар хүрээлүүлж биш, жижиг Сан Францискод байх түрээсийн байшинд сууж, Rolex биш 15 долларын үнэтэй дуураймал Cassio зүүдэг, хэзээ ч дээд зэрэглэлийн класик ангиллаар нисэж үзээгүй. Төрөлх нутаг нь болох Ирландад түүнийг жирийн америк жуулчин л гэж хардаг гэнэ. Ресторанд биш, түргэн зуушны газар хооллохыг, үнэтэй дэлгүүрийн бус жирийн л хүмүүсийн хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхийг, таксигаар биш метрогоор явахыг эрхэмлэдэг. Эдгээрээс харвал түүнийг дээд зэргийн нарийн, цент бүхнээ тоолсон харамч гэлтэй. Гэхдээ тэр сүүлийн 35 жилийн дотор 8 тэрбум ам.долларыг хандивт өргөсөн гайхалтай өглөгч нэгэн юм.

Чакд өөртөө илүү мөнгө, эд хогшил хураах нь утгагүй санагддаг бөгөөд байшин, машин бол бүгд хэрэглээ, өөрт тухтай л байхад л хангалтай гэж үздэг.

Тэр 1983 оноос хандив өргөж, бусдад туслахыг хүсэж, “The Atlantic Philanthropies” сайн үйлсийн сангаа байгуулсан бөгөөд бизнесээсээ олсон бүхий л хөрөнгөө сандаа цуглуулж, шаардлагатай хүмүүст зориулан хандив болгон өгдөг болжээ. Гэсэн ч эхний 15 жид түүнийг бүх хөрөнгөө хүмүүст хандивладаг болохыг гэр бүлийнхнээс нь өөр хэн ч мэдээгүй гэдэг. Тэр хэвлэл мэдээллээр гарч, шагнуулж магтуулахыг үзэн яддаг учир олон улсын хүндтэй шагнал өгөх болсон ч барагтай бол биечлэн очдоггүй аж.

Түүнийг дэлхий нийтээр тэрбумгүй тэрбумтан хэмээн нэрийддэг. Учир нь “Duty Free”–гээс түүнд нийт 8.5 орчим тэрбумын хөрөнгөтэй болсон ч бүгдийг нь сайн үйлсийн аянд зарцуулжээ. Тэдгээр их мөнгө боловсрол, эрүүл мэндийн, шинжлэх ухааны салбаруудад, Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Америк, Ирланд, Бермудын арлууд дахь өндөр настнуудыг асрах газруудад зориулагджээ. 2016 онд түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2020 он гэхэд бүгдийг нь сайн үйлсийн аянд зарцуулж дуусгах зорилго тавин дэлхийн өнцөг бүрээр аялсаар өнгөрсөн онд өөрийн дансандаа 2 сая ам.доллартай үлджээ.

Түүнээс яагаад ийм амьдрал сонгох болсныг асуухад “Миний хандивласан мөнгөөр эмнэлэг ч юм уу, ямар нэг хэрэгтэй зүйл бий болж байгааг харах нь маш сайхан санагддаг. Ойлгомжтой шүү дээ, мөнгөө банкинд хийж хурааж байснаас сайн сайхан юманд зарцуулсан нь дээр” гэж хариулж байв. Олон улс дамнасан том сүлжээ дэлгүүрийн эзэн 40 жилийн турш арав хүрэхгүй удаа хэвлэлийн өмнө гарч, ярилцлага өгсөн бөгөөд, хувийн амьдралаа энгийн байлгахыг юу юунаас илүү эрхэмлэдэг аж.

Чак бизнесээ хүүхдүүдээ өвлүүлэх хэдий ч ямар ч хөрөнгө шилжүүлэхгүй “Duty Free”-гээс олсон ихэнх орлого “The Atlantic Philanthropies” санд очсон хэвээр байхаар шийдсэн байна. Тэр өөрөө ч хувьдаа машингүй, хүүхдүүдээ хэзээ ч тансаглуулж, үнэтэй зүйл авч өгч байгаагүй.

Мөн хүүхдүүддээ өөрөө ажиллаж , мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд коллежийн төлбөрөөс бусад ямар ч санхүүгийн тусламж өгөөгүй. Дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ алхах сургуульд байхаасаа өөрсдийн хэрэглээний мөнгөө олохоор цагийн ажил хийж эхэлсэн байна.

Дэлхийн хамгийн баян эрсийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн их хэмжээний хандивыг өгсөн Билл Гейтс анх хандив өгч, хүмүүст туслах хэрэгтэй гэсэн үзлээ Чакаас үлгэрлэн авч “Giving Pledge Project” сангаа нээсэн гэдэг.

Билл Гейтс түүнийг сайн үйлсийн аяны “Жеймс Бонд” хэмээн нэрийдэж, энэ бүх хугацаанд хэнд ч гайхуулж, сайрхалгүйгээр хүнд туслаж ирсэн хандлагыг нь биширдэг хэмээн Forbes-д ярьжээ.

Chuck Feeney
Түүний хэлсэн онцлох эшлэлүүдээс

-Өгөөмөр байдал бол хүнд байж болох хамгийн сайн чанар гэж би итгэдэг.

-Хэчнээн хөрөнгөтэй, мөнгөтэй байгаад ч нэг хөлдөө хоёр гутал өмсөж чадахгүй шүү дээ.

-15 долларын үнэтэй цаг минь маш зөв зааж байхад Rolex зүүх шаардлага байхгүй.

-Амжилт гэдэг бол гэр бүл, боловсрол, ажлаа энэ тэнцүү зохицуулах энгийн чадвараас л эхэлнэ.

-Миний зүрх сэтгэл үргэлж номнуудтай минь хамт гэрт минь байдаг. Надад үүнээс өөр хөрөнгө хэрэггүй

-Зарим ресторанд 100 доллар төлөөд ч хангалттай сайхан мэдрэмж авахгүй. Надад 25 доллар төлөөд л жаргалтай болоод гарч нь амар санагддаг.

-Үсээ хусаад нүд нь гархилчихсан бяцхан охин өвчиндөө шаналаад уйлж байсан. Харин хагалгааны дараа инээмсэглэж байгааг нь харахад ертөнцөд үүнээс илүү гайхалтай зүйл байхгүй гэдгийг мэдсэн.

Эх сурвалж: Forbes, Biography, BusinessInsider


URL:

Сэтгэгдэл бичих