Өглөөний мэнд Азийн цагаан “зимбабвечууд аа”
Өглөөний мэнд Азийн цагаан “зимбабвечууд аа”. Биш ээ, дээд тэнгэрээс заяат монголчууд аа. Мөнгө санхүү болон авлига хээл хахуулиараа дэлхийг алмайруулаад 4 дэх өглөөгөө бид эхлүүлж байна. Ам.доллар “ах” жаахан чангарсныг эс тооцвол автобус унаа явж, ажил руугаа түгжирсэн өглөө л байна. Ам.доллар бага зэрэг өсөхөөс өөрөөр одоогийн байдлаар шинэ жагсаалт маань бидэнд олигтой “бэлэг” бариагүй л байна. Одоо яах вэ. Өөрөө унасан хүүхэд уйлах биш. Увайгүй улстөрчид, урагшгүй шүүгчиддээ талархая. Ямартаа ч ардчиллалаас хойш муугийн жишээ, мунхагийн дээд гэж ам ангайхдаа муулж явсан Африкийн Зимбабве улстай хамтдаа “Саарал жагсаалт”-д зэрэг хөл тавина гэж зүүдэлсэнгүй. Явж, явж Зимбабве шүү дээ. Энэ юу ч биш бидний эгнээнд Гана, Тринадад Табого, Ботсвана байгаа. Би эднийгээ ямар аймаар муулдаг байсан гээч. Гэтэл бид нэг түвшинд байж хөөрхий.
“Саарал жагсаалт”-д оруулахад тусалсан манай ШҮҮГЧИД, АВЛИГАЧИД
хамгийн “мундаг”
ФАТФ-аас гаргасан шийдвэрийг дэлхийн хамгийн олон улс, банк санхүүгийн байгууллагууд дагаж мөрддөг, үйл ажиллагааг нь дэмжиж сайшаадаг. Бид өмнө нь 2011 онд энэ хориг арга хэмжээнд өртөж явсан. Энэ удаад хоёр дахь удаагаа орж буй нь энэ. Гэхдээ бахархаад байх зүйл огт биш. Дахиад нэг удаа муугаа харууллаа гэсэн үг.
Энэ удаад орсон бидний гол асуудал авлига, хээл хахууль болон мөнгө угаасан байж болзошгүй улс төрийн нөхцөл байдлууд. Эрдэнэт тэргүүтэй олон хэргүүд биднийг өнөөдрийн энэ жагсаалт руу чирлээ. Мөн шүүх засаглалийн шударга бус байдал манайхыг “Саарал жагсаалт”-д ороход туйлын дэм болов. Дээр нь нэмээд хэлэхэд зэвсгийн наймаа байж болохуйц нэг асуудлыг сайд асан нэгэн эрхэм өдүүлсэн гээд нэрмээс мундахгүй.
Бид ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжийн 35-ыг нь хангалттай биелүүлсэн. Хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7-г нь бас хангачихсан. ФАТФ 40 зөвлөмжийн 20 хүртэлхийг нь хангаагүй, хэрэгжилтийн үзүүлэлтийн 9-өөс илүүг нь биелүүлээгүй улс орнуудыг “Саарал”-д оруулдаг. Манайх аль хэдийн 40-өөс 35-ыг нь, 11-ээс 7-г нь хангачихсан хэрнээ авлигад идэгдсэн, шударга бус шүүгчдийнхээ ачаар түмний шившиг боллоо. Явж, явж Зимбабветэй хамт…
Манай жагсаалтад байгаа 12 улсын тал нь африкийнх, бусад нь
иргэний дайнд нэрвэгдсэн хэд
Малгай тавиад манайх гэгчээр манай жагсаалтад өнөөдрийн байдлаар өлсгөлөн, гуйланчлал, авлига хээл хахуулиараа дэлхийг “атаархуулдаг” Ботсвана, Гана, Зимбабве, Зааны ясан эрэг, болон иргэний дайны хөлд сүйрсэн Сири, Панам, Пакистан зэрэг 12 улс байна.
Өөрөөр хэлбэл, иргэний дайнд утгаа байтугай улсаа алдсан хэдэн улс, аль муу муухайгийн жишээ болж явдаг ядуу африкийнхантай бид албан ёсоор зиндаа нэгдэж, нэг завин дээр тууж эхэллээ. Монгол Улс өнөөдөр ямар зэрэглэлд, ямар арьчаагүй ангилалд байгааг тайлбарлахад илүүц биз. Зүгээр л манай жагсаалтынханы талаар эргэцүүлцгээ.
Хар жагсаалтад орох хүртлээ бид “Саарал жагсаалт”-аа мартана
Улстөрчид нь шоу болгож жаахан цэцэрхэж байгаад, иргэд нь мэдэмхийрч сошиалд сэвж байгаад энэ долоо хоногийн сүүлчээр гэхэд бид “Саарал”-д орсон муухай түүхээ мартана. Бид угаасаа л тэгдэг. Улстөрчид хэзээнээсээ л сэдвээ солихдоо хурдан байдаг.
Яагаад орох болов, ямар шалтгаан нөхцөл бүрдсэн бэ. Яагаад шаардлагыг нь бараг биелүүлчихээд байхад энэ жагсаалтад биднийг оруулчихсан бэ. Одоо бидэнд эдийн засгийн болон улс төрийн ямар асуудал тулгарах вэ гээд олон чухал асуултын хариултыг тэд мэдэхгүй. Мэдсэн ч хариулахыг, өөрчлөхийг хүсэхгүй. Хоногийн хоол, хоёр талхныхаа төлөө ажиллаж буй иргэд нь харин аажмаар ирэх дарамт бүрийг гашуунаар туучих болно.
“Саарал жагсаалт”-д орсон нь БОЛОМЖ юм бол Сири, Зимбабветайгаа эндээ үүрд үлдье
Шинэ жагсаалтад орсон биш зарим нэг улстөрчид бараг тэнгэрээс од шүүрсэнд аятай, бараг баярлалаа гэх нь халаггүй байна. Тийм сайхан юманд орчихсон юм бол баяр тэмдэглэе. Ахиад ахиухан хэдэн жил тэнд нь байя. Насан туршдаа “саарал”-даа байсан ч яах вэ. Шри Ланка, Тунис, Этоп шиг гарах гэж зүтгээд яахын. Хэрвээ “азгүйтээд” гарчих юм бол дахиад орохгүй гэж амиа тавихаа болъё.
Өмнө нь ороод бид “үхээгүй” гээд л тархи угаах юм. 2011 онд орсон гавьяа чинь өнгөрсөн 2012 оноос хойш Монголд хөрөнгө оруулах газаргүй болгосон юм. Хөрөнгө оруулагчид татахын тулд улаа эргэтэл тухайн үеийн Засгийн газрынханыг гүйлгэдэг байсан юм. Хөрөнгө оруулагчгүй, мөнгөгүй болгосон тул олон бондыг босгож улсаа ломбардахад хүргэсэн юм.
Манайхыг энд орох магадлалтай гээд сүүлийн 2 жил шуугихад аль хэдийнээ барууны олон банкууд манайтай харилцаагаа таслаад зугтчихсан. Одоо үлдсэн хэсэг нь харилцаагаа дуусгана. Үүний гор валютын шилжүүлэг дээр л мэдэгдэх болно. 2 хонож шилждэг байсан бол банк, банк дамжаад нижгээд хугацааг туулах болно. “Саарал” сайхан гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй улстөрчид, албан тушаалтнууд. Ялангуяа ийм байдал руу оруулсан үе үеийн Засгийн газар, улстөрчид. Оймсондоо боодол, боодол ам.доллар чихээд суух төрийн албан хаагч, авлига авч асуудлыг шийдсэн гэх шүүгчид, яллагдагчаасаа авлига нэхдэг прокурорууд эх орноо, улс үндэстнээ ХОРЛОЛОО. Ийм байж ядаж “Саарал жагсаалт”-д орсон нь сайхан юм боллоо гэж битгий тохуурхаж, даапаал. Ялын ядарсан ард иргэд л үүрнэ. Заавал юмыг ингэж асуудал болсны дараа шийдэж байснаас жаахан сэтгэл гаргаад урьдчилаад шийдэхгүй та бүхэн юу хийв.
Одоо гарцаа ярилцаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээс өөр сонголтгүй. Баталж өгдөггүй хуулиа батал. Өршөөлийн хууль баталж эдийн засгийн дээрэмчдээ бүү өөхшүүл. ФАТФ-ыг ОУВС-тай адилтгах хэрэггүй. Ганцхан зорилго нь мөнгө угаах, алан хядлага, терроризмыг санхүүжүүлж зэвсгээр хөөцөлдөж, зэвсгийн наймаа хийлгэхгүйг л байх. Зэвсгийн наймаа, терроризмыг дэмжсэн гэдэг дээр азаар, онгоцны мотор “хойдуудад” гулсуулсан гэхээс өөр зэвсгийн асуудал манайд байхгүй. Одоо тэмцэх хамгийн том зүйл бол авлигажсан төрийн алба, ашиг сонирхолд өртсөн шударга бус шүүхийг л цэгцлэх.
Г.Лхагваа
URL: