Трампын 1001 шөнө

11-13-Трамп АНУ-ын төрийн тэргүүний суудалд суусан 1000 дахь өдрөө тэмдэглэв-

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрхэнд гараад хэдийнэ 1000 өдөр болжээ. Энэ хугацаанд Америкийн төрийн тэргүүн “covfefe” хэмээх шинэ үг гаргаж, жиргээг хэрэглэх аргаа олж, өөрийн аппаратнаас дээд амжилт эвдэхээр олон хүнийг халсан боловч цэргийн нэг ч кампанит ажил явуулаагүй юм. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн төр барих 1000 хоногийн хугацаанд гарсан сонирхолтой үйл явдлуудаас түүвэрлэн хүргэе.

Твиттер бол зэвсэг

Өмнөх Ерөнхийлөгчид, тэр дундаа олон нийтийг сүлжээг идэвхтэй хэрэглэдэг Барак Обамагаас ялгаатай нь Трамп Твиттерийг улс төрийн зэвсэг болгон хэрэглэдэг. Энд тэрбээр дургүйцэл, сэтгэл санаагаа илэрхийлж, улс төрийн сөрөг хүчний хүмүүсээ  шүүмжилж, найз нөхөд, өрсөлдөгчдөдөө дохио өгч, тэр ч бүү хэл уулзалт товлодог.

Тухайлбал, 06 дугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Дональд Трампын хоёр Солонгосын хил дээр уулзах хүсэлтэй байгааг Твиттерээс болж мэдсэнээ мэдэгдсэн билээ. Трамп үнэхээр ийм санал тавьж, Хойд Солонгосын удирдагчтай хоёр Солонгосын хил дээр багахан хугацаанд уулзаж чадсан юм.

Трампын хувийн Твиттерийг өдөр бүр 65 сая гаруй хүн уншдаг нь Их Британийн хүн амтай дүйх хэмжээ юм. Трамп Ерөнхийлөгчөөр ажиллах 1000 өдрийн хугацаандаа 45 240 жиргээ бичсэн нь өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагаас гурав дахин их гэсэн үг. Үнэндээ Обамагийн уншигчид түүнийхээс  хоёр дахин их байжээ.

2017 оны 05 дугаар сарын 31-нд Трамп оньсого мэт “covfefe” хэмээх үгээр жиргэсэн. Тэрбээр огт өөр юм бичих гэж байгаад нийтлэх товчоо санамсаргүй дарсан байх. Энэ үг удалгүй хит болж, хэдэн долоо хоногийн турш олны ярих сэдэв болон юм.

Хамгийн их халаа сэлгээ

Трамп засгийн эрхэнд байх 1000 өдрийн хугацаанд өмнөх Ерөнхийлөгчдөөсөө ч олон хүнийг халсан юм. Хэвлэлүүдийн тоолсноор засаг захиргаанд өндөр албан тушаал хашиж байсан 23 хүн гарчээ. Тухайлбал, Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоноо Майк Помпеогоор сольж, саяхан үндэсний аюулгүй байдлын дөрөв дэх зөвлөхөө саяхан томилсон юм. “The Guardian” шинжээчдийн тооцоолсноор Трампыг Ерөнхийлөгч байх хугацаанд Засгийн газраас 51 ажилтан нь халагдсан гэнэ. “The Washington Post”-ын жагсаалтад АНУ-ын төрийн тэргүүний засаг захиргаанаас гарсан 60 нэр багтжээ. Зарим нь долоохон хоног алба хаасан байх нь ч бий.

Трампыг ажиллах хугацаанд түүний засаг захиргаанд Батлан хамгаалахын хоёр сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга, Тагнуулын төв газрын хоёр захирал, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны гурван дарга солигджээ.

Трамп одоогийн байдлаар Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 40 улсад очиж үзсэн байна. Зарим улсын төрийн тэргүүнүүдтэй муугүй харилцаа тогтоож чадсанаас хамгийн ойр дотны холбоотойг нь нэрлэвэл Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ нар байна.

Германы канлер Ангела Меркельтэй хөндий харилцаатай бол Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой эхэндээ гайгүй харилцаатай байсан боловч удалгүй хөндийрч эхэлсэн билээ.

Үүний зэрэгцээ АНУ, БНАСАУ дайсагнасан харилцаатай ч Трамп удирдагч Ким Чен Унд талтай ханддагаа нуудаггүй. Тэрбээр Хойд Солонгосын даргыг нэг бус удаа магтаж байсан юм. Мөн Оросын төрийн тэргүүн, Хятадын дарга Си Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарт хүндэтгэлтэй ханддаг.

Энэ 1000 хоногийн хугацаанд Трамп Мексикийн огцорсон Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетод их таагүй ханддаг байсан. Түүнийг “гэмт хэрэгтэн”, Гаити улсыг “бохир нүх” гэж нэрлэж байлаа. Мөн ойрын хөрш, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог ч таагүйгээр дуудаж байсан юм. 2018 онд Трамп Канадын төрийн тэргүүнийг үйлдлийг “сул, шударга бус” гэж байв.

Мөрдлөг шалгалт дуусч, импичмент эхлэв

Трампыг улс төрийн тавцанд 1000 өдөр байсан үеийг амжилттай гэж үзэж болно. Түүний рейтинг өндөр биш ч Америкийн эдийн засгийн тогтвортой өсөлт хоёр дахь удаагаа сонгогдох найдлага төрүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ Трампын гол өрсөлдөгч, Ардчилсан намын Жо Байден Украин дахь хүүгийнх нь бизнестэй холбоотой дуулианаас болж нэр хүнд нь шавартай хутгалдчихаад байгаа.

Трампын хувьд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Кремль оролцсон гэх дуулианаас “уснаас хуурай гарах” шиг л болсон. Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан, тусгай прокурор Роберт Мюллер түүнийг Оросын засаг захиргаатай холбоотой гэх баримтыг илрүүлж чадаагүй билээ. Гэхдээ Трамп доод танхимын завсрын сонгуулиар өрсөлдөгч Ардчилсан намынхандаа ялагдаж, конгресст шүүмжлүүлэх болсон. Мөн энэ 1000 хоногийн хугацаанд Ардчилсан намын төлөөлөгчид түүнд импичмент зарлах ажиллагаагаа эхлүүлсэн гээд асуудал өчнөөн.

Нэг ч дайн хийгээгүй

Трамп Ерөнхийлөгчөөр ажиллах 1000 хоногийн хугацаандаа цэргийн нэг ч кампанит ажил эхлээгүй юм. Түүнийг өмнөх Ерөнхийлөгчидтэй харьцуулбал, Жорж Буш, Билл Клинтон л гэхэд Ерөнхийлөгчийн эхний хугацаандаа Ирак, Югославын эсрэг кампанит ажил эхэлж байсан билээ. Трампын хувьд цэрэг дайны замаар асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийдэг, эдийн засгийн болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхийг илүүд үздэг гэдгээрээ алдартай.

Трамп Ерөнхийлөгчийн 1000 хоногийн хугацаандаа Сириэс Америкийн цэргүүдээ гаргаж, мөн Афганистанаас гаргахаар зэхэж байна. Тусгаар тогтносон улс руу цэргийн хүч хэрэглэсэн цорын ганц тохиолдлоор Сирийн цохилтыг нэрлэж болно. Трамп үүнийг энэ улс химийн халдлага хийж байна гэсний дараа үйлдсэн билээ. Энэ явдал 2017 оны дөрөвдүгээр сард болсон ч ямар нэгэн эвдрэл сүйрэл дагуулаагүй юм.

Тийм ч баян биш

Цагаан ордны анхны тэрбумтан Ерөнхийлөгч 1000 хоног төр барих хугацаанд “Forbes”-ын рейтингээ унагажээ. 3,1 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр 209 онд 400 баян америкийн 375 дугаарт жагсаж байна. Энэ нь 2018 оноос 16 байраар ухарсан үзүүлэлт юм. Трамп Ерөнхйилөгч болохоосоо өмнө 119 дүгээр байрт бичигдэж байжээ.

Эх сурвалж: gazeta.ru


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих