”Эрдэнэс-Тавантолгой” ХК нэрэмжит төгөлдөө 100 мод тарилаа

''Эрдэнэс-Тавантолгой'' ХК нэрэмжит төгөлдөө 100 мод тарилаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон “Мод тарих үндэсний өдөр” буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх нэрэмжит төгөлдөө 100 ширхэг мод нэмж суулгалаа.
Компанийн хамт олон анх 2013 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг мод тарьж суулгаснаар жил бүрийн тав болон аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт төглөө эргэдэг уламжлалтай болсон бөгөөд  мэргэжлийн хүмүүсийн дүгнэснээр моднууд 99 хувийн ургалттай байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгах ажлуудыг 2011 оноос  хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Компаниас говийн бүсийг ойжуулах ажлаа эрчимжүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран, тэдний туршлага судалгаанд тулгуурласан “Ногоон говь” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнуудын туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос 30 орчим төрлийн 38000 мод суулган, тарьж ургуулан арчилж байна.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 25 га газарт 60 мянган ширхэг мод тарьж ургуулахаар ажлаа эхлүүлж, одоогоор 20 мянга гаруй модоо суулгаад байна.

URL:

Сэтгэгдэл бичих