Эдийн засаг нь өсөөд байхад иргэд нь яагаад баяждаггүй юм бол
-Цөөн хэдэн олигархи нь нэг л өдөр хадгаламжаа татлаа гэвэл яах вэ-
Монгол Улсын эдийн засаг, ДНБ-ий хэмжээ 17 хувиар өслөө. Өсөлт цаашид улам өндөр байх болно, ДНБ 2012 онд хоёр дахин өснө гээд л гоё сайхан үг дуулдах болсоор багагүй хугацаа өнгөрөв. Монгол Улс ойрын таван жилд эдийн засгийн өсөлтөөрөө Азидаа манлайлна, Төв Азийн цээжин дэх хамгийн өндөр хөгжилтэй орон эсвэл хамгийн богино хугацаанд огцом өсөлт бий болгосон орон болох нь гэх мэт сайхан таамаглал бий. Энгөрсөн 2011 он эдийн засгийн их өсөлтийн гарааны жил байлаа хэмээн улстөрчид омогшиж, онгирч байна. Гэхдээ энэ бүх эдийн засгийн өсөлт иргэн Дулмаад яагаад мэдрэгдэхгүй байна вэ. Эрх баригчид эдийн засгийн өсөлт гарсан гэх тоо ярьж, баярхаж суух хооронд Долоон буудлын Должин эмээгийн амьдрал улам л дордсоор байх аж.
Ингэхэд яагаад иргэдийн амьдрал дээшлээгүй байхад улсын эдийн засаг өсдөг билээ. Жамаараа бол иргэд баяжиж, татвараа төлж, үйлдвэрлэж эхэлсний дараа эдийн засгийн өсөлт бий болох ёстой. Монголчууд “Иргэн баян бол улс баян” гэж ярьдаг шүү дээ. ДНБ өсч байна гэдэг шууд утгаараа иргэдийн халаасан дахь мөнгөний хэмжээ өсч байна гэсэн үг. Гэтэл манай улсын хувьд ДНБ гурав дахин өссөн мөртлөө иргэдийн амьдрал харин эсрэгээрээ гурав дахин дордсон байх юм. Хамгийн энгийнээр хэлэхэд цалингийн хэмжээ 2008 оноос хойш гурав дахин нэмэгдээгүй шүү дээ. Харин инфляци гурав дахин өсчихсөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл яагаад ДНБ гурав дахин өслөө, эдийн засаг 17 хувиар өслөө гэх тоо гарч ирдэг билээ.
Үүний гол шалтгааныг үндэсний нийт баялгийн ихэнх хэсэг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрөх болсноор тайлбарлаж болно. Энэ талаар эдийн засагчид, улстөрчид ярьж эхэлсэн ч ярихаас хэтрэхгүй ажээ. Гэтэл цөөн хэдэн хүмүүсийн энэхүү эдийн засгийн ноёрхлыг арилгахгүй бол хөгжлийн талаар “мөрөөдөөд” ч хэрэггүй шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэхэд банкин дахь нийт харилцах, хадгаламжийн 90-ээс дээш хувь нь 4-5 хүний гарт төвлөрсөн гэх баримт бий. Энэ байдал хөрөнгийн зах зээл, банк санхүү, барилга, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбарт ажиглагдана. Энэ тохиолдолд тэдгээр 4-5 хүн, тэдний гэр бүл баяжихын хэрээр улсын татварын орлого, ДНБ-ий хэмжээ нэмэгдээд байгаа юм. Нөгөө талд нь ард түмний ихэнх хэсэг нь ядуу, ажилгүй, орлогогүй хэвээрээ байх аж. Ядаж байхад хэдэн хүсмүүс мөрөөрөө баяжихгүй-улсын эдийн засаг хаашаа эргэхийг хүссэнээрээ “удирдах” аж. Энэ тал дээр нефть бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдлөөр жишээ татаж болно. Нефть импортлогч компаниудын эзэд гэх цөөн хэдэн хүмүүс үнэ нэмэгдүүлнэ шүү гэж төрийг шантаажлах.
Нефть бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбар байна. Тэнд бол жинхэнэ олигархиуд ажилладаг юм гэнэ лээ. Тэдний хөрөнгө чинээ төрөөсөө баян болчихсон. “Энержи ресурс” гэхэд өнөөдөр Ухаа худагийн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулчихсан, Гашуун сухайтын боомт руу зам татчихсан байна. Тэр замаар нь төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс зөөвөл төлбөр авахаар гэрээ хийчихсэн гэж байгаа. Хэзээ нэг өдөр “энэ замыг та нарт ашиглуулахгүй, эсвэл үнэ төлбөрөө нэм” гэвэл төр засаг яаж ч чадахгүй. Уул уурхайн салбарт нэг иймэрхүү. Дээр банк, санхүүгийн системийн талаар дурьдсан. Нийт харилцах, хадгаламжийн 90-ээс дээш хувь нь цөөн хүний гарт төвлөрч байна гэдэг банк, санхүүгийн системийг тэдгээр цөөн хэдхэн хүн удирдаж байна гэсэн үг. Магадгүй гэнэт хадгаламжаа татлаа гэхэд л банкны систем сөхрөн унах нь. Нөхцөл байдал ийм байхад иргэдийн амьдрал яаж ч сайжрах вэ дээ, боломжгүй зүйл. Одоо тэгвэл яах вэ.
Мэдээж “та нар хэтэрхий баяжсан учраас хөрөнгийг чинь хурааж авна, ард түмэнд тараана” гэж болохгүй. Энэ чинь ардчилсан нийгэм шүү дээ. Гагцхүү эдийн засгийн бодлогоо л зөв явуулах хэрэгтэй. Эдийн засгийн бодлого буруу явж байгаа олон жишээ байна. Наад зах нь татварын бодлогыг дурьдах хэрэгтэй. Жирийн нэгэн бизнес эрхлэгч, эсвэл дөнгөн данган амьдралаа авч яваа хүмүүс төрдөө 10 хувийн татвар төлж байна. Нөгөө талд үндэсний эдийн засгийг атгачихсан байгаа томчууд ч бас ялгаагүй 10 хувийн татвар төлнө. Гэтэл үндэснйи цөөнх болсон баячуудаас арай өндөр татвар аваад, жирийн нэгэн бизнес эрхлэгчээс бага татвар авах, эсвэл бүр татвараас түр хугацаагаар чөлөөлөх бодлого яагаад байж болохгүй гэж. Дэлхийн олон улс оронд ийм бодлого байдаг шүү дээ, монголчууд яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Засгийн газар энэ оныг “бага орлоготой өрхийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд бага орлоготойгоос нь бага, их орлоготойгоос нь их татвар авах асуудал яригдаж эхэлсэн билээ. Нөгөөтэйгүүр дундаж орлоготой гэр бүлийг дэмжих. Нийгмийн дундаж давхарга хуримтлал үүсгэж, татвараа тогтмол төлснөерөө улсын эдийн засагт чамгүй үр нөлөө үзүүлдэг хэмээн эдийн засагчид хэлдэг. Үүнээс гадна хамгийн чухал нь мэдээж ажлын байрыг нэмэгдүүлэх. Ажлын байрыг нэмэгдүүлж, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжиж чадвал баян ядуугийн ялгаа багасч, тэр хэрээр эдийн засаг урт хугацаанд тогтмол өсөх учиртай. Уул уурхайгаас орж ирэх орлого түр зуурынх гэж улстөрч болгон ярьж байгаа. Түр зуурын биш баялаг бол мэдлэг, боловсрол. Тэгэхээр цаашид боловсролын системийг өөрчилж, мэдлэгтэй, боловсролтой иргэдийг бэлтгэх шаардлага байгаа. Боловсролын салбарт улсын төсвийн долоо орчим хувь нь л зарцуулагддаг. Энэ мэтээр эдийн засагт шийдвэрлэх асуудал олон байна.
Манай улс газрын гүндээ баялагтай, тэр баялгаа түшиглэн өндөр хөгжинө гэж байгаа. Иргэдийн амьдрал сайхан болох учиртай. Тийм боломж ч байгаа. Ойрын жишээ гэхэд Катар улс байна шүү дээ. Сүүлийн 10-аадхан жилийн дотор үсрэнгүй хөгжиж чадсан улсуудын нэг. Хамгийн гол нь катар хүн бүр баян байна. Харин манай улсад яг өнөөгийн байдлаар гэвэл ард түмэн нь ядуу, цөөн хэдхэн хүн л баян байна. Уг нь байгалийн баялгаараа бодоод үзвэл Монгол Улс Катараас дутахааргүй баян, монгол хүн катарчуудаас дутахгүй “чөмөгтэй” баймаар. Ердөө л зөв бодлого, зөв засаглал дутаад байна.
Л.Энхдэлгэр
URL: