“Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-2


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сөрөг хүчин байхдаа хэлдэг л байлаа, өмнөх парламентын үед. “Хөтөлийн цемент шохойн хувьчлалын цаана асар том хуйвалдаан явж байна. Шинээр үйлдвэр байгуулаад удаагүй байж, тэрнийхээ учрыг нь ч олоогүй байж хувьчлах гэж байгаа нь ямар учиртай юм. Хөрөнгө оруулагч талд шилжүүлнэ гэж юу яриад байна, ийм юм хийдгээ боль” гэж. Хариуд нь тухайн үеийн УИХ-ын спикер, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд “2010 онд гарсан Засгийн газрын шийдвэрлэсэн зүйлийг бид үгүйсгээд өөрчлөх боломжгүй. Ийм залгамж халаагүй юм шиг юм ярьдгаа болих хэрэгтэй” хэмээгээд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 70 дугаар тогтоолыг баталж байв.

Энэ хүрээнд хэд хэдэн төрийн өмчит компанийг хувьчилсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтсан байдаг. Гэвч тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийх нэрийн дор Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын зээлийг олгосон ч  өнөөдрийг хүртэл хугацаанд буюу бүтэн долоон жилийн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй явааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлд мэдээлсэн. Нэг үгээр АН эрх барьж байх үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт олгосон зээл, хүүгийн төлбөртэйгөө нийт 240 орчим тэрбум төгрөгт хүрч чанаргүй зээлд орсон юм.

Сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсноор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал гарч ирснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Шалгалтын хариу хэзээ гарах нь тодорхойгүй ч, хуулийн байгууллага уг асуудлыг дэнсэлж, мухарлах нь тодорхой. Гагцхүү гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ бүхий үйл ажиллагаа явуулахаар 2008 онд байгуулсан “Бэйзмент” компанид шилжүүлсэн нь анхаарал татдаг. Тус компани ч Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж авсан даруйдаа нэрээ Хөтөл болгон өөрчилсөн билээ. Учрыг одоо сийрүүлье.

УИХ-ын 70, Засгийн газрын 330 дугаар тогтоолын хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Тамгын газрын дарга Ц.Одмоо нар 2015 аравдугаар сарын 8-нд нэгэн тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нараас өгсөн үүргийн хүрээнд уг тогтоолыг үйлдсэн гэсэн үг.

Тогтоолын хүрээнд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн 28,566,747,900 /хорин найман тэрбум, таван зуун жаран зургаан сая, долоон зуун дөчин долоон мянга, есөн зуу/ төгрөгийн богино хугацаат өр төлбөр, барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, 39,7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр тус компанийн төрийн эзэмшлийн 119,452,690 ширхэг хувьцааг хөрөнгө оруулагч “Бэйзмент” компанид худалдсугай.

Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдан авах саналаа энэхүү тогтооыг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Төрийн өмчийн хороонд ирүүлж, худалдахаар санал болгосон хувьцааны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх дэнчинг төлсөн нөхцөлд “Бэйзмент” компанитай “Худалдах, Худалдан авах гэрээ” байгуулахыг Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхам зөвшөөрсүгэй” гэжээ. Мөн тус үйлдвэрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулснаас 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхийг хүчингүйд тооцож, дэнчинг улсын орлого болгон, нээлттэй дуудлага худалдаанд оруулахыг үүрэг болгосон байна.

Энэхүү тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос “Бэйзмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяртай Худалдах, Худалдан авах гэрээ байгуулжээ. 2015 оны аравдугаар сарын 14-нд байгуулсан уг гэрээний хүрээнд “Бэйзмент” компанийн зүгээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 277 сая 221 мянга 280 төгрөгийн дэнчинг Төрийн өмчийн хорооны ….9006 тоот дансанд 2015 оны аравдугаар сарын 14-нд шилжүүлснээр 100 хувь хувьд шилжжээ. Гэтэл Хөгжлийн банкнаас 62 сая ам.долларын зээл олгож, хөрөнгө оруулалт хийсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нийт хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлж, хувьд шилжүүлсэн байх юм. Цаашлаад 2016 онд 54.28, 2017 онд 62.99, 2018 онд 52.09 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой тус компани өнөөдрийг хүртэл хугацаанд Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй нь хачирхалтай биш гэж үү.

Ийнхүү төрийн өмчит үйлдвэрийг хувьчилж авсан “Бэйзмент”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, компанийнхаа оноосон нэрийг “Хөтөл” болгон өөрчилжээ. Хамгийн сонирхолтой нь, нэрээ “Хөтөл” болгон өөрчилсөн тус компани М.Бөх-Очир гэсэн ганцхан хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захиралтай болохыг Бүртгэл.мн хуудасны нээлттэй мэдээллээс харж болно.

Хамгийн хачирхалтай нь, Ч.Сайханбилэгийн танхимд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Хөтөл”-ийг 1.3 тэрбумаар 100 хувь хувьчлах асуудлаар өнөөдрийг хүртэлх хугацаанд бүлх залгисан юм шиг дуугүй явж ирсэн нь сонирхолтой биш гэж үү. Эргэн сануулахад тэрбээр

Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших “Хөтөл”-ийн байранд болсон “Үйлдвэрлэгч-Хэрэглэгч” уулзалтад оролцох үеэрээ “Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсан. Сүүлийн 25 жилийн хугацаанд нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах үйлдвэрт орж ирээгүй. Энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” хэмээж байсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна.

30 жилийн түүхтэй “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр хуурай аргын технологи нэвтрүүлж жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байдаг. Гэвч ердөө нэгхэн жилийн дараа УИХ, Засгийн газраас дугаар тогтоол гаргаж яаран хувьчилсны тэгэхдээ бүр орчуулга хийдэг компанид шилжүүлсэн шалтгааныг тухайн үеийн сайд Д.Эрдэнэбат сайн мэдэх хүний нэг биш гэж үү. Ингэхэд “Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?. Тийм бол шалтгаан нь юу вэ?

 

Үргэлжлэл бий.

С.Гандөл

https://www.24tsag.mn/a/176317


URL:

Сэтгэгдэл бичих