Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг задлахаас өөр арга МАН-д үлдсэнгүй

15704532365d9b36f401bcfЕрөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараа МАН-д гурван сонголт байгаа талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон бусад гишүүд нь ярьж байсан. Тэгвэл өчигдөр Бүлгийн хурлын дараа гурван сонголт нь хоёр болж цөөрчээ. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхгүй орхих гэдэг хувилбарыг сонголтоосоо хассан байна, тэд. Ямар ч байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэснээрээ хийхээр шийдэж.  Угаасаа МАН-ынхны 2016 оны сонгуулиар өгсөн хамгийн том амлалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Тэд амласан амлаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Засаглалын завхралаа засах цаг болсон. Үнэхээр зөв өөрчлөлтийг хийж чадвал МАН 2020 оны сонгуулийн өмнө ард түмний өмнө хэлэх үгтэй зогсоно. Тиймдээ ч нэмэлт, өөрчлөлтөө хийдгээрээ хийхээр болж.

Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулахаар цааш зүтгэхэд бас хоёр хувилбар байгаа.  Д.Тогтохсүрэн даргын хэлснээр, нэгдүгээрт 73-р тогтоолоо засаад, хугацаа тавиад, Ерөнхийлөгчийн хэлсэн 24.1.16-г оруулаад,   эрх зүйн зөрчлийг арилгах боломж байгаа аж.  Энэ хувилбар газар авахгүй гэдгийг мань хүн өөрөө хурлынхаа үеэр хэлчихсэн.  Ард нийтийн санал асуулга явуулах шийдэл гаргавал УИХ-ын сонгуультай хамт хийхээс өөр хувилбар байхгүй ээ гэж.  Тэгэхээр Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг угаасаа худлаа боллоо. МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Засаглалын хямралаас улс орноо гаргасан гэдэг нэр хүнд зайлшгүй хэрэгтэй. Тэгээд ч сонгуулийн дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яваад, гишүүдийн олонхи нь дэмжээд, батлагдтал зай ч байна, лай ч байна.  Одоо сөрөг хүчин болоод Ерөнхийлөгчийн саналыг шингээгээгүй учраас гацаанд орох нүхээ ухсан байтал сонгуулийн дараа өөрчлөлт хийж, эцэслэн батална гэдэг угаасаа үлгэрийн далай.

Тиймээс МАН-д Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өөр сонголт үлдсэнгүй.  Бүр нарийн ярьвал, хоёрдугаар хэлэлцүүлгийг задална, өөр арга тэдэнд байхгүй. Яахав, гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ гэж бодъё, АН оролцохгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газар ч дэмжихгүй. Эрх баригчид Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бараг тусгаагүй. АН-ын гол гол саналуудыг “цавчсан”. Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх, танхимаа өөрсдөө бүрдүүлэх боломжийг Үндсэн хуульд тусгаж өгөх саналыг ч гишүүд хүлээж аваагүй.  Тэгэхээр МАН дангаараа гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд, нүдээ аниад батлах нэг арга байж болох юм. Хэрвээ тэгвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд, нэр төдий өөрчлөлтүүдээ баталж болох.

Гэвч МАН-ын олон гишүүн дангаараа хүч түрж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.  Тэр нь ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаас харагдлаа. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн байтал чуулганы хуралдаанаар хүлээгээд авчихсан нь үүнийг нотолж байгаа юм.  Өнгөрсөн долоо хоногт зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, түүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө яах вэ гэдгээ шийднэ гэж Д.Тогтохсүрэн дарга ярьсан. Мөн  “Хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах уу, АН болон Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналыг оруулах уу, үүнийг нь манай намын бүлэг авах уу,  үгүй юу гээд хийх ажил их” гэж ярьсан.

Эцсийн дүндээ, МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэнээрээ хэлэлцээд, энэ их хөдөлмөрөө салхинд хийсгэлгүй, үр дүнд хүрнэ гэвэл Ерөнхийлөгчийн болон АН-ын саналыг хүлээж авч, зөвшилцөхөөс өөр сонголт байхгүй.  Тэгж байж зөв болно.  Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх гол өөрчлөлтөө оруулж гэмээнэ Монголын ард түмэнд хэрэгтэй. Цаашид Засгийн газар тогтвортой ажиллавал энэ улсын хувьд том дэвшил болно. Үүнийг олон гишүүн хүсэж байгаа гэдэгт итгэж байна. Зөвшилцөлд хүрнэ гэвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийнэ гэж байхгүй. Хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад, шаардлагатай заалтуудаа оруулах л сонголт байна.

Түүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах товоо зарлаад, асуудлыг түргэнд оруулж болох юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 31-ний өдөртөө багтаад ард түмнээс асуучихаж болно. Эсвэл сонгуулиар давхар ард иргэдээсээ асуумаар байгаа бүхний асуух сонголт бий. Гол нь сонгуулийн дараа аль ч нам нь эрх барьсан, ямар ч засаг бүрдсэн Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батална гэдэг тохироогоо хийж, Ерөнхийлөгч үндсэн зохицуулагчаар нь ажиллах шаардлагатай болох байх.

http://www.zaluu.com/read/3e73659bc


URL:

Сэтгэгдэл бичих