МАН өрөө төлөх зарчмаар дэд сайдуудаа тодруулжээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая өндөрлөж, дэд сайдуудын нэрс тодорлоо. Гадаад харилцааны дэд сайдаар МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар “МАК”-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайдаар “Бишрэлт”-ийн захирал Б.Ундармаа, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Цэнгэл нарыг Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрч баталжээ.
ГХЯ-нд очиж буй Г.Тэнгэр нь МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн гарын хүн. Бусад дэд сайдуудын хувьд бизнесийн салбарын төлөөлөгчид байна. МАН дэд сайдын орон тоог авч үлдэхээр зүтгэж байсны цаана Засгийн газрыг сонгуулийн мөнгө босгох хэрэгсэл болгох вий гэсэн болгоомжлол байсан. Энэ болгоомжлол ортой байсныг саяын томилгоо харууллаа. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАК-ийн Нямтайшир МАН-ын байрыг барихад тэрбум төгрөг өгсөн гэж байсан. Үүгээр бол МАН Нямтайширт өрөө төлж хариу барин хүүг нь дэд сайд болголоо. Үүнээс үзвэл МАН үнэхээр Монголын төрийг мөнгөний золиос болгож доромжилж байгаа бус уу. Арай дэндэж байгаа бус уу.
Б.Өнөр mminfo
URL: