“Playtime”-ын үеэр хар тамхи хэрэглэсэн рок хамтлагийн хөгжимчинд ял оноолоо

22-3

Жил бүрийн долоодугаар сард Монгол шилтгээн жуулчны баазад “Playtime” хөгжмийн фестиваль зохион байгуулагддаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд дээрх тоглолтын үеэр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэдийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж байсантай холбоотойгоор энэ жилийн фестивалийн үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас гэнэтийн шалгалт явуулж, олон удаагийн үйлдэлтэй этгээдүүдийг саатуулсан юм.

Дээрх хэрэгт холбогдсон этгээдийг шүүх хурал болж, Монгол Улсын иргэн 19 настай Г овогтой Э-д хоёр жилийн хорих ял оноолоо.

Шүүгдэгч Э нь ЕБС сургууль төгссөн, рок хамтлагт хөгжим тоглодог бөгөөд тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” цогцолборт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э нь “Тоглолтын үеэр үл таних залуу ирээд надаас өвс авах уу гэж асуухад би авахгүй гэсэн. Оройхон нь нөгөө залуу мөн ирээд дахиад асуухаар нь 25 мянган төгрөгөөр жаахан өвс худалдаж авсан. Тэрийгээ шөнөдөө найз Б, М нарт өгч хэрэглүүлсэн. Харин би өөрөө өвснөөс хэрэглээгүй. Маргааш өдөр нь цагдаа нарт баригдахад миний цүнхнээс нөгөө өвсний үлдэгдэл гарч ирсэн. Би тэр үед цагдаад баригдахдаа сандарсандаа өвс хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Яг үнэндээ би өвс хэрэглээгүй. Найзуудтайгаа хэрэглэе гэж бодож авсан боловч би хэрэглээгүй. Надад өвс зарсан залууг танихгүй. Тэр залуу тухайн үед хар өнгийн маск нүүрэндээ зүүсэн байсан” хэмээн мэдүүлжээ.

Харин цагдаагийн алба хаагчид түүнээс биологийн шинжилгээ авахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир ийнхүү хэрэг үүсгэж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д хоёр жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

https://updown.mn/97861.html


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих