Шахмал түлшнээс угаартсан гэх 16 иргэн эмнэлэгт хандсанаас ДӨРӨВ нь амиа алджээ

712-1570317653613b24c95f9adf0465c8bfcb778d73cfcf2204aa

Энэ сарын 4-ний өдөр буюу баасан гарагийн шөнө угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис бямба гарагийн 23 цаг өнгөрч байхад хуралдаж дууслаа.Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Таван толгой түлш” ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өгсөн байна. Тэрбээр “Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас хордсон хүмүүсийг эрүүлжүүлэх, эмчлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүй байна. Харин олон нийтийн зүгээс ямар компани шахмал түлшний үйлвэр барих тендерт ялсан, үйлдвэрийн горим, олон төрлийн химийн нарийн шинжилгээ хийсэн эсэх зэрэг асуултад хариулахыг шаардаж байгаа юм. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар шахмал түлшний үйлдвэр барих тендерт “бялдаржуулах төв” ажилуулдаг компани ялсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих