Ид шуугиулж буй Монголын “Хү” ардын метал рок хамтлаг дэлхийг эрхшээхээр зэхэж байна
(Раян Рийдийн бичсэн хөгжмийн шүүмж)
“Хүннү рок” хамтлаг “ЮуТүүв” (YouTube) – ийн одод хэдүйнээ болсон. Өдгөө тэд Чингис Хааны сүр сүлдийг дуудан, эзэнт гүрнээ өргөжүүлэхэд бэлэн болжээ. Зураглаачийн дуран өндөр уулсын таг, өтгөн ой шугуй дээгүүр эргэцэхүйд дөрвөн монгол эр өнгө гялтганах морин хуур, товшуур гэх рок хөгжмийн бус зэмсгүүдээр эгэн давтагдах тогтмол хэмнэл товшин хуурдана. Өмнө эгнээнд зогсох эрэгтэй цээжний хөндийн гүнээс хүнгэнүүлэн өгүүлэх нь үхлийн метал рок хөгжим дэхь хашхираантай айлсах авчиг, цааш сайтар анхааран сонсох аваас исгэрэн шүгэлдэж, найрсан эгшиглэх уламжлалт хөөмэйн дугаралт болохыг та таних болно. Энэ бол “Хү” хамтлагийн “Гэрэг” цомогт орсон “Юу вэ ? Юу вэ?” нэртэй шилдэг дан -дуу болох туульс, зөрчилдөөнт өгүүлэмж бүхий дууны клипийн зураглал болно. Энэхүү клип нь 2019 оны есдүгээр сард анх гарсанаасаа хойш ЮуТүүв -д хамгийн их 19 сая удаагийн тандалт авсан тус хамтлагийн бүтээл болно. Тус хамтлагийн морин хуурч-дуучин Ц. “Галаа” -Галбадрах тэдний дараачийн бүтээл болох “Чонон сүлд” яагаад өчнөөн олон соёлыг сөрөн гаталж, 13 сая тандалт авч, “Билборд” (Billboard) сэтгүүлийн Хүнд Рок Тоон рэмбэнд тэргүүлж (No.1 on Billboard’s Hard Rock Digital chart), олон улсад анхаарал татсаныг ухаарч чадахгүй явна. Тэгэхдээ тэрбээр хамтлаг нь “Өрнийг Дорнотой, шинийг хуучинтай эвсүүлсэн” -ээр рок хөгжим сонирхон бишрэгчдийн таашаалд нийцсэн байх гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр “Энэ нь мэдээж бидний харагдах байдлаас ихээхэн хамаарна” хэмээн орчуулагчаар дамжуулан өгүүлэв.
“Бидний хувцас эртний монгол бол биш. Монгол хувцас хэвээрээ л байгаа. Гэхдээ бид рок маягийн харагдахаар хувцсаа урласан. “Юу вэ ? Юу вэ ?” дууг дүрсжүүлэхийн тулд бид 6000 бээр замгүй газраар довтолгосон. Учир нь бид монгол эх орон маань ямар болохыг, байгал нь хичнээн тансаг болохыг дэлхийд харуулахыг хүссэн. Бидний ингэж зүтгэж, хөдөлмөрлөснийг одоо хүмүүс харж байгаа байх аа ! Тэдний “Гэрэгэ” цомог энэ намар дэлхий даяаар худалдаанд гарах ба “Элээвэн Сээвэн Хөгжмийн Компани” энэ ажлыг нь гардаж буй. Эл компани нь “Моотлий Кру (Mцtley Crьe), “Ин Флаймз”(In Flames), “Хиллия”(Hellyeah) зэрэг хамтлагуудыг төрүүлсэн билээ.
“Хүннү рок” хамтлагийн дөрвөл залуус “Түүл”(Tool), “Слипнот” (Slipknot), “Бурханы хурга” (Lamb of God), “Доошлох тогтолцоо” (System of a Down) болон “Корн”(Korn) зэрэг алдартай рок болон метал рок хамтлагуудын бүтээлийг шүтдэг ажээ. Харин Галаа “Хү” болон хүнд метал рокын яг завсарын хөгжмийг илүүд үздэг аж. “Бид “Хүннү рок” чиглэлээр хөгжимдөж буй. Тэгээд бид товчлоод “Хү” гэсэн нь хүн буюу хүмүүн бие, хүн хэмээх бодгаль л гэсэн утгатай юм. Монголоор. Бидний хөгжмийн хэв маяг зөвхөн метал рок ч юмуу, эсвэл тэр чигтээ хүнд рок, бүүр дагнан паанк рок бус. Олон чиглэл урсгалын рок хөгжмийн шинж тэмдгүүдийг Монгол хөгжимтэй сүлэлдүүлсэн л зүйл юм. Тус хамтлагийн гишүүд болох Галаа, Б. “Энкүүш” буюу Энхсайхан (морин хуурч, хөөмэйч), Г. “Жааяа” буюу Нямжанцан (аман хуур, хөөмэй, лимбэ, цуур) болон Н. “Тээмкаа” буюу Тэмүүлэн (товшуур) нар бие биенээ олон жил мэдэх, уран бүтээлийн цөөнгүй жилийн андууд ажээ. “Хү” хамтлаг тэдний хамтран ажиллаж буй анхны төсөл бөгөөд дугуй цартай аргил гитар, лимбэний хөдөлгөөнт – “пассаж” мэт хэнгэрэгийн нүргээн, чавхдаст хөгжмийн удаанаар давтагдан нүргэлэн үргэлжлэх “бурдон” ховсдолт дуун энэ бүхэн тус хамтлагийн хөгжмийнх нь донж маягийг бүхэлд нь фюүз рок (fuse rock) ба монгол эгшиглэгээний нэгдэл болохыг илтгэнэ. Тэд төрөлх эх орныхоо уламжлалт дуу хууртай гүн гүнзгий холбоотой. Хамтлагийн дөрвөн гишүүд бүгд Монгол Улсын Консерваторид суралцжээ (харин Жааяа нь тэндээ багшилдаг аж). Галаа 11 настайгаасаа хөгжим бүжгийн сургуульд анх элсч, хөгжмөөр хичээллэж эхэлсэн ба улмаар Консерваторид үргэлжлүүлэн сурч, хөгжмийн магистр цол авчээ.
“Хү” хамтлаг тэдэнд анхлан гэрэлт бамбар асааж өгсөн тус хамтлагийн продюсер Б.”Даашкаа” буюу Дашдондоггүйгээр оршин байх боломжгүй. Учир нь тэрбээр 2011 оноос тус хамтлагийн төрх маяг ямар байх тухайд туршиж, чиг хандлагын тухай бодож боловсруулж эхэлсэн байна. “Тэр энэхүү санааг анх тээж, эртний монгол яруу найраг, хөгжмийн зэмсэг, хөгжмийн судалгааг эхлүүлсэн” хэмээн Галаа өгүүлэв. – “Энэхүү төслийг эхлүүлэхээс бүүр өмнө бид түүнийг мэддэг байсан. Тээмкаа маань гэхэд л Даашкаагийн студид найман жил ажиллсан байлаа. Тээмкаа бидэн хоёр хөгжим бүжгийн сургуульд 10 жил хамтдаа суралцсан (12 настайгаасаа эхлээд). Би Энкүүш, Жааяа хоёртой өөр хамтлагт 10 жил хамтдаа хөгжимдөцгөөсөн. Бид бүгд найзууд ч өмнө нь өөр өөр төсөл дээр ажилладаг байв. Тэгээд Даашкаа энэхүү санаагаа авчирангуут л бид бүгдээр хамтдаа хөгжимдөхөөр сэтгэл шулуудсан. Тэгээд бид 2016 онд хамтран ажиллаж эхлээд, өдгөө хайж байсан дугаралтаа олсон гэж бодож байна” хэмээв. “Өнгөрсөн явдлыг эргэн дурсахад бид энэхүү сэдэл санаа тээж байхдаа ер нь иймэрхүү зүйл бүтээнэ гэж зорьж байсан” хэмээн Энкүүш нэмэв. “Галаа бид хоёр хоорондоо ямар нэгэн рок хөгжмийн төсөл хийхсэн, бүтээхсэн гэж ярилцаж байсан ч ерөөсөө үүн шиг болж өгөөгүй. Тэгээд бид Даашкатай уулзаад л өнөө хайж байгаа зүйлээ мөн байна гэж мэдэж, ойлгосон” гэж Энкүүш өгүүлэв. “Хү” хамтлаг Даашкатай хамтран ажилласны дүнд есөн дүрсжүүлсэн дуутай болоотхов. Эдгээр бүтээлд тэдний хамтын үзэл санаа эвсэлдэн, заримдаа ялгаран байх аж. “Чонон Сүлд” дуунд нь гэхэд л блюз маягийн аяст хүнд рок хөгжмийн дахин давтагдах богино хэмнэл морин хуурын гоёмсог “бурдон” дуугаралтай эвсэн нэгэн цул хана хэрэм мэт цохилгын дуурьсалд уусна. “Их Чингис Хаан” бүтээлээ тэд монголын суу алдарт их удирдагчид зориулж. Баруунд түүний нэрийг Жингис Хаан (Genghis Khan) гэдгээр нь илүүтэй мэдэх билээ. Маршын сүрлэг дуугаралтаас бүүр өмнө богиноор давтах хэмнэлээр анхлан эхлэх байдал нь Роберт Жонсоны (америкийн блюзийн хаан, өнгөт арьстан хөрв. Б.Б) хуучны пянз бичлэгийн хөгжимдөлт аясыг санагдуулах ба эл дуу бүхэлдээ монгол эртний хэм хэмнэлд тулгуурласан аж. “Чингис хаан яг жинхэнээсээ хэн байсныг бид дэлхийд харуулахыг зорьсон” хэмээн Галаа сүүлд нэмж өгүүлэв. Цааш тэрбээр “Бидний их өвөг дээдэс – их хаан дэлхий ертөнцөд маш олон сайн сайхан зүйл авчирсан. Анхны шуудангийн үйлчилгээ байна. Мөн “гэрэгэ”. Гэрэг гэдэг нь дэлхийд анхны дипломат паспорт болох юм. Бид энэ дуундаа энэ бүгдийн тухай өгүүлдэг. Манай оронд түүнийг америкийн Вашингтон ерөнхийлөгч лугаа улс орноо нэгтгэсэн их үндэслэгч эцэг хэмээн үздэг юм” хэмээв.
Хэдийвээр “Гэрэг” цомог бүхэлдээ эрч хүчээр дүүрэн ч шүлэг найраг нь гүн хүндэтгэлийн аяс ихэнхдээ агуулах ба сэтгэл ариусган, хөвөн нисэх мэт “Хун ээжийн домог” бүтээл нь тус хамтлагийн хөөмэйн урлагийн ид бах, найрсан дугаралтын жишээ болно. “Хун ээжийн домог” дуу эх хүн үрээ хайрлах тэр сэтгэлийг илэрхийлсэн утгатай” хэмээн Галаа видео нэвтрүүлэгт өчих аж. Тэрбээр цааш нь “Мөн эх хүн амин голоо тасран тасартал үрээ гэх сэтгэл тээдэг тухай энд өгүүлэн буй. Тиймдээ ч эл дууны маань аялгуу монгол эртний магтаал аялгын дуурсалтай. Хүний зүрхний гүн рүү чиглэсэн зүрхнээс зүрхэнд очих хүч юм” хэмээв. “Хү” хамтлаг хорвоогийн тавцан болсон ЮуТүүвд өндөр амжилт гаргаж буйн зэрэгцээ ар талд нь бүхэл бүтэн үндэстэн – ард түмэн “Гэрэгэ” -тэй хамт зогсож буй аж. Тэд хамтлагаараа “Соёлын элч – дипломатууд болжээ. 2019 оны 4-р сард тэдний эх орных нь Гадаад Харилцааны сайд бүгдийг нь “Дэлхийд Монголыг төлөөлөх Соёлын Элчин Сайд” болгон өргөмжилжээ. Дараа сард нь улсынх нь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүлээн авч уулзсан байна. Тэд Их Хаан шигээ Эзэнт Гүрнээ өргөтгөн тэлсээр явна. Англи болон Европоор энэ зун хөгжмийн наадмуудад оролцоод саяхан өндөрлөцгөөсөн бөгөөд энэ намраас Хойд Америкийг эрхшээхээр зэхэж буй. “Бид үзэгчдийн хандлагыг хараад үнэхээр цочирдсон” хэмээн Галаа өгүүлэв. “Бидний тоглолтын бүх билетүүд урьдчилан зарагдаж дуусаад, очсон газар бүрт “Хү ! Хү !” хэмээн хүмүүс уухайлан түрж байв” хэмээн Галаа өчив. “Хү” гэнэтийн нэр алдрын сүрд дарагдан буй хэдүй ч тэд талд нь хүргээд орхисон хараахан нэр өгч амжаагүй байгаа цомгоо Монголдоо очиж дуусгах төлөвлөгөөтэй аж. Тэд урьдын адил Даашкатайгаа ажилласаар байгаа. Тэрбээр хамтлагынх нь салшгүй хэсэг нь. “Тэр бидний хувьд продюсерээс ч илүүтэй манай хамтлагийн бараг гишүүн юм. Бид том гэр бүл” хэмээн Галаа хэлэв. Түмэн нүд тэднийг ширтэн буй ч тэд энэхүү дарамтыг төдий л ойшоохгүй янзтай. “Бид тайван аядуу байгаа. Тэгэхдээ бидний сэтгэл машид ихээр догдолж буй. Бидний суралцсан, ажилласан, урлан бүтээхийн төлөө явсан он жилүүд биднийг энэ хүртэл хөтөлсөн. Бид бүүр цааш зорих бодолтой байгаа” хэмээн Жааяа өгүүлэв. Тэд олны анхаарлын төвд байна гэдгээ ухамсарлах нь мэдээжийн хэрэг билээ. Хэдийгээр тэдний хөгжмийг сонсоход хүнд ч гэлээ хүмүүст бясалгалын тайвшрал үзүүлж байгаа билээ. Галаагийн өгүүлсэнээр тэд анхнаасаа л ийн зорьсон аж.
“Бид дуунуудаа зохиож байхдаа л иймэрхүү нөлөөлөлтэй байгаасай гэж найдаж байсан байсан” хэмээн тэр залгуулав. Эцэст нь Галаа: “Бидний энэ хөгжим (уламжлалт) олон мянган жилээр өртөөлж ирсэн. Манай соёлд морин хуур татахад, айл гэрийн жавар үргэж, сайн сайхныг авчиран, орон гэрийг нь ариусгадаг гэдэгт бид итгэдэг. Бид өөрсдийн хөгжмөөр дамжуулан, хүмүүст хүч чадал авчирч, муу сөрөг бүхнийг элдэн хөөснөөр хүн бүр дотроо дайчин эр болоосой хэмээн бэлэгддэг” хэмээн үгээ өндөрлөв.
Зохиогч: Раян Рийд (Rayan Reed). Хэвлэгдсэн газар: Сар тутам 100 мянган хувь АНУ- д хэвлэгддэг, рок хөгжмийн “Гар буу” (Revolver) хөгжмийн мэргэжлийн сэтгүүлийн 2019 оны 09 -р сарын 13 -ны дугаарт хэвлэгдсэн.
Монгол хэлэнд буулгасан: Б. Батжаргал
sonin.mn
URL: