Нэг долларын луйвар

olloo_mn_1569474472_one“Танд баяр хүргэе! Та азтан боллоо”. Энэ үгийг сонссон хэн боловч сэтгэл дотроо нууцхан баярладаг. Харин үүнийг залилан мэхлэгчид тун овжин ашиглаж, аливаа гэмт хэргийг үйлдэхдээ “Сугалаанд хожлоо, ховорхон боломж олдлоо” гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлэх болжээ. Учир нь бид аливаа шийдвэр гаргахдаа 80 хувьд нь зөвхөн сэтгэл хөдлөлөө дагадаг [1] аж. Сүүлийн үед “Нэг долларын луйвар” нэртэй цахим захиланд өртсөн хохирогчид хэд хэд бүртгэгдсэн гэх мэдээллийн дагуу энэ хэргийн мөрөөр сурвалжиллаа.

Саяхны нэгэн өдөр танил маань Samsung Galaxy S10 гар утас интернэтээр хожсоноо ихэд сайрхан ярьсан бөгөөд “Google” компаниас түүнийг азтанаар шалгаруулж, ийм сайхан боломж олгосон гэв. Чамлахааргүй өндөр үнэтэй гар утас хожсонд нь би ч битүүхэн атаархаж суулаа. Цахимаар ирдэг хуурамч и-мэйл, pop-up мэдээллийг залилангийн шинжтэй гэж мэддэг хэдий ч энэ удаагийнх хонины арьс нөмөрсөн чоно гэдэг шиг маш үнэмшилтэй байсан төдийгүй цөөхөн үлдсэн боломжийг амжиж шүүрэхгүй л бол харамсаад барахгүй мэт мэдрэмж төрүүлэх аж. Тэгээд өөрийн дансны мэдээллийг оруулж, нэг доллар шилжүүлснээр таны азын сугалаа баталгаажиж, та Samsung Galaxy S10, iPhone Xs Max гар утаснаас сонголтоо хийх боломжтой. Ердөө ганцхан доллар. Өнөөх л сэтгэл хөдлөлдөө автсан хэрэг. Найз маань азтан болсондоо урамшиж, алдлаа гэхэд ганцхан доллар юм чинь үзээд алдъя гэж бодсон гэнэ. Харамсалтай нь нэг доллар битгий хэл мянган доллараар ч үнэлж барахгүй өөрийн карт, дансны дугаар, гүйлгээний нууц үг зэргээ луйварчдад алдаж, дансандаа байсан 100 орчим мянган төгрөгийг нэмж алджээ. Энгийнээр хэлэхэд ердөө картын дугаар болон сүүлийн 3 оронтой кодоо бүртгүүлснээс болоод л данснаас нь мөнгө авах зөвшөөрлийг өөрийн гараар луйварчдад нээгээд өгчихсөн гэсэн үг. 1 долларын залиланд хэл устай, өндөр боловсролтой хүмүүс өртөж буй нь хачирхалтай.

Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг гэдгийг мартуузай.

Цахим орчинд таны мэдээллийг олж авч санхүүгийн залилан үйлдэх зорилготой вэб сайт, холбоосууд маш олон байдаг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн таны анхаарлыг татахуйц, хурдан хариу өгөхийг шаардсан, үнэгүй зүйлс амласан шинжтэй байдаг.

Энэ мэт залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд:

  1. Таныг залилах зорилготой хуурамч сайтууд интернэтэд маш олон байдаг тул та аливаа вэбсайт болон зарын холбоос дээр дарахаасаа өмнө баталгаатай эсэхийг сайтар шалгаж хэвшээрэй;
  2. Өргөн хэрэглэгддэг вэб хөтчүүд Anti-Phishing Toolbar суулган ашиглах хэсгийг тохируулах боломжтой байдаг ба ийм төрлийн toolbar нь таны хандах гэж буй вэбсайтын баталгаат байдлыг таны өмнөөс шалгаж өгдөг;
  3. Таны хандаж буй вэбсайтын URL нь httpS:// агуулсан байгаа эсэхийг баталгаажуулаарай;
  4. Таны дэлгэцэн дээр шууд гарч ирж буй сурталчилгааны эсвэл бусад төрлийн Pop-Up мэдээллүүд нь ихэвчлэн хуурамч сайт руу хөтлөх линк байдаг тул та аль болох дарахаас татгалзаарай. Ингэхийн тулд зөвхөн “X” товчин дээр дарж хаагаарай. Учир нь БУЦАХ гэсэн товч дарахад ч мөн хуурамч сайт руу хөтлөх боломжтой байдаг;
  5. Өөрийн ашигладаг вэб хөтөч, үйлдлийн систем, програм хангамжийн шинэчлэлтийг үргэлж хийж хэвшээрэй. Эдгээр шинэчлэлтээр систем аюулгүй байдлын сул талуудаа шинэчлэн сайжруулдаг тул цахим халдлагаас урьдчилан сэргийлэх хамгаалалт болох юм;
  6. Интернэтийг аюулгүй ашиглах хамгийн гол дүрэм бол та өөрийн хувийн мэдээллийг баталгаагүй сайт, холбоос болон мэйлээр хэзээ ч бүү дамжуулаарай. Учир нь тэдгээр сайт болон и-мэйлийн цаана танаас олж авсан мэдээллээ ашиглан цахим залилан хийх зорилготой этгээдүүд ажиллаж байдаг;
  7. Интернэтээр дамжуулан хийгддэг цахим гэмт хэрэг нь танд итгэл төрүүлэхүйц маш үнэмшилтэй байдаг тул та аль болох бодитоор эргэцүүлэн худал байх боломжтой мэдээлэлд бүү итгээрэй. Жишээ нь: Таныг ямар нэгэн сугалаанд оролцоогүй байхад “Та сугалаанд хожлоо, линкээр орж мэдээллээ баталгаажуулна уу” эсвэл “$1-оор гар утас авах боломж” гэх мэдээлэл ирвэл энэ нь мэдээж хуурамч байх магадлалтай юм;

Хэрэв та ямар нэгэн хуурамч сайт дээр мэдээллээ оруулчихлаа хэмээн сэжиглэвэл дараах арга хэмжээг авна уу:

  1. Хэрэв та өөрийн болон өөрийн ойр дотны хэн нэгний нэвтрэх нэр, нууц үг гэх мэт бүртгэлийн мэдээллийг хуурамч вэбсайтад оруулсан тохиолдолд эдгээр хувийн нууцлалтай мэдээллээ нэн даруй өөрчилнө үү.
  2. Хэрэв та өөрийн төлбөрийн картын мэдээллийг хуурамч сайтад оруулсан тохиолдолд өөрийн харилцдаг банкинд нэн даруй мэдэгдэнэ үү.

http://olloo.mn/n/68307.html


URL:

Сэтгэгдэл бичих