Л.Чулуунбаатар: “Анод”-ын зээлдэгчдийг хэргийн хамтран оролцогчоор шалгаж байна
Нийслэлийн прокурорын газрын (НПГ) Тамгын хэлтсийн дарга Л.Чулуунбаатартай тус газраас хяналт тавьж буй зарим хэрэг болон хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь талаар ярилцлаа.
-Прокурорын байгууллага шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ямар ажил хийж хэрэгжүүлэв?
-Өнгөрсөн онд Нийслэл, дүүргийн прокурорын газар нь Улсын Ерөнхий прокурорын баталсан шинэ бүтцээр ажиллаж, шинээр баталсан аргачилсан заавар журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүллээ. Тус газар 2011 онд хийсэн ажлын тайлангаа Нийслэл, дүүргийн прокуроруудад тавьж, өнгөрсөн оныхоо ажилд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид анхаарвал зохих ажлаа тодорхойллоо. Мөн Нийслэлийн прокурорын газар бүтцийн өөрчлөлт дотооддоо хийж дүүргийн прокурорын газруудыг хариуцсан найман прокурорыг дагнан ажиллуулах болсон. Ингэснээр НПГ нь доод нэгж газарт хүрч ажиллах, харилцан мэдээлэл солилцох, нэгж газруудаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах ажилд ахиц гарна гэж үзэж байна. Нөгөө талаар энэ арга хэмжээг авсан нь НПГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд зөвхөн мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих үндсэн хяналтаа хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ бүтцийг хийхээс өмнө манай мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд дүүрэгт очиж ажилладаг, дүүргийн прокуроруудын шийдвэрт гаргасан маш олон гомдлын дагуу дүүргүүдээс эрүүгийн хэрэг, материалыг нь татаж хянаад, шийдвэрлэн гомдол, хүсэлт гаргагч нарт хариу өгөх, улирал сар бүр тодорхой чиглэлээр дүүргүүдийн Прокурорын газрын ажлыг шалгах, мэргэжил арга зүй удирдлагаар хангах гээд олон ажлыг нэг зэрэг хийж амжуулдаг байсан.
-Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд гэмт хэрэгт хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн онд хэчнээн хэрэгт хяналт тавьж, хэдийг нь шүүхээр шийдвэрлүүлээд байна вэ?
-Өнгөрсөнд онд Нийслэлийн прокурорын газраас ээдрээ төвөгтэй, олон онц ноцтой гэмт хэргүүдэд хяналт тавьж ажилласан. Өнгөрсөн онд нийт 814 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 267-г нь шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, “Анод” банкны удирдлага болон зээлдэгч нарын үйл ажиллагаатай холбоотой, долоодугаар сарын 1-ний гэх, Хөвсгөл аймагт бага насны охиныг хэрцгийгээр бүрэлгэсэн Н.Мөнх-Оргилын, “Ди жи” Өөжий буюу О.Ганболдод холбогдох хар тамхины, Баян-Өлгий аймагт ноолуурын хоёр ченжийг хөнөөсөн залууст холбогдох, Барилга хот байгуулалтын газрын дарга Батхүүд холбогдох хэрэг гэх мэт хэргийг энд дурдаж болно.
-“Анод” банкны удирдлагад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа одоо хэр нь дуусаагүй байгаа шүү дээ. Яагаад мөрдөн байцаалтын ажиллагаа удаашраад байгаа юм бол. Одоо яг ямар шатанд байгаа вэ?
- Бид “Анод” банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсан, дүрмийн санг хууль бусаар бүрдүүлсэн, хууль тогтоомж зөрчиж зээл их хэмжээгээр гаргасан бүх хүмүүсийг сэжигтэн, яллагдагчаар татаж, тэдний мэдэлд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, тэр ч байтугай дансны гүйлгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг Мөрдөн байцаах байгууллагад даалгаад байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан бөгөөд “Анод” банкинд төлөх их хэмжээний хохирлоо төлөөгүй байгаа этгээдүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоноор шалгуулахаар цагдаагийн байгууллагад даалгавар өглөө. Ингэснээр “Анод” банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт учирсан хохирлыг шуурхай бодитой барагдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоох боломжтой болж байгаа юм.
-Энэ хэрэгт төрийн албан тушаалтнууд, тэр дундаа Санхүүгийн зохицуулах хороо, Төвбанкны ажилтнуудыг шалгаж эхэлсэн учраас АТГ-т хэргийг шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээлсэн шүү дээ. Энэ талаар товч мэдээлэл өгөөч
-Одоогоор УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа.
-Долоодугаар сарын 1-ний гэх хэргийг шүүхэд шилжүүлсэнтэй холбоотойгоор хэвлэлд янз бүрийн мэдээлэл гарах болсон. Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байгаа шүү дээ. Цагдаагийн удирдлага буудах тушаал өгсөн гэдэг нь тогтоогдсон юм уу?
-2008 оны долоодугаар сарын 1-ний нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр дөрвөн хүн буудуулж амиа алдсан хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж, НПГаас хяналт тавьсан. Хэрэгт цугласан нотлох баримтаар ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болон эрх бүхий албан тушаалтнууд эмх замбараагүй байдлыг тараах ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгохгүй байх талаар үүрэг авсан байсан. Гэвч эмх замбараагүй байдлыг тараах ажиллагааны үеэр галт зэвсэг хэрэглэж байхад нь таслан зогсоох арга хэмжээ авах албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон. Тиймээс тухайн үеийн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга асан, хошууч генерал Ч.Амарболд болон уг ажиллагаанд оролцож байсан цагдаагийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд 2011 оны арванхоёрдугаар сард шилжүүлсэн юм.
URL: