Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development)  хөтөлбөрт  МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарсан юм. САТРЕПС хөтөлбөр нь дэлхий даяар нээлттэй зарлагддаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр юм. Биологийн нөөц чиглэлд 42 төслийн материал ирснээс 3 төсөл шалгарсны нэг нь энэ төсөл юм. Төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг  гаргахаар JST, JICA байгууллага, Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн, зөвлөх компанийн төлөөлөгчдөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 9 дүгээр сарын 1-18-ны өдрийг хүртэл манай улсад ажиллаж байна.

Энэ хугацаанд багийн гишүүд Монгол Улсын холбогдох яам, тамгын газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хээрийн судалгаа-туршилт явуулах талбай зэрэгтэй газар дээр нь танилцаж, олон удаагийн уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талууд харилцан тохиролцсон хурлын протоколд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, ЖАЙКА байгууллагын ахлах зөвлөх Асанума Шуичи нар өнөөдөр /2019.09.17/ гарын үсэг зурлаа.

САТРЕПС  хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнээ нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явдал юм. Монгол Улсад хэрэгжих дээрх төслийн хүрээнд Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн ган, халуун, хүйтэн, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг гадаад орчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан болон малын эрүүл мэндэд хэрэгтэй бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг сонгон авч, тэдгээр чанарыг нь нөхцөлдүүлэгч ген, эмт бодисыг нь олж тогтоох, улмаар бэлчээрийн нөхөн сэргээлт, малын эмнэлгийн практик зэрэгт нэвтрүүлэх явдал юм.

Төсөлд МУИС-аас гадна ХААИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль оролцож, салбар дундын цогц судалгаа явагдах юм.  5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн Япон талын зардлыг Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд  хийгдэх судалгааны зардлыг ЖАЙКА  байгууллага хариуцан санхүүжүүлэх юм. Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 35 сая иен,  ЖАЙКА байгууллагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 60 сая иен (ойролцоогоор  1.4 тэрбум төгрөг) байна.


URL:

Сэтгэгдэл бичих