“ШИНЬ ШИНЬ” КОМПАНИЙН УДИРДЛАГАД ХОЁР ЗҮЙЛ АНГИАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт, Монгол Улсын хилээс 180 км-ийн зайд өнгөт металлын “Улаан”-ы гэх ордыг ашиглаж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийнхныг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болсон талаар бид мэдээлж байсан билээ. Цагдаагийн байгууллагынхан үүнийг ихэд нууцалж байсан бөгөөд бид мэдээлэл өгөх эрхтэй байгууллага болох прокурорынхноос зарим нэг мэдээллийг олсон юм. БНХАУ-ын “Шинь Шинь” компани 2006 онд АМГТХЭГ-аас 1.3 сая доллараар дээрх ордыг худалдан авч, нууц байдалд шахам үйлдвэр байгуулж эхэлсэн юм билээ. Прокурорын байгууллагын эрх бүхий ажилтан “Цөмийн энергийн газраас гаргасан өргөдлийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Гэхдээ одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй” гэж сар гаруйн өмнө бидэнд мэдээлж байв. Өдгөө энэ хэргийг УМБГ-ын Байгаль орчны ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна.

Прокурорын байгууллагын дээрх эх сурвалж “БНХАУ-ын төрийн мэдлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” гэх компанийн эрх бүхий удирдах ажилтан 7-8 хүнийг Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангиар сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн. Тус компанийн ашиглаж буй талбай нь улсын хөрөнгөөр хайгуул, судалгаа хийсэн, стратегийн ордод тооцогддог. Гэтэл энэ ордыг хятадууд зохих журмын дагуу аваагүй бөгөөд бүр үйлдвэр байгуулж ашиглалтад оруулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн 204 дугаар зүйлд заасан “Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөн”, 214 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон тайлбар мэдүүлэг авч байгаа. Одоогоор дээрх хүмүүсээс гадна гол хүн болох ерөнхий захирлыг нь шалгах шаардлагатай байгаа.

Гэвч тэр хүн биеийн байдал тааруу гэсэн шалтгаанаар Монгол Улсад ирэхгүй байгаа” гэв. Тус компанийнхныг шалгаж эхэлж буй талаар бид өнгөрсөн сарын дундуур мэдээлсэнтэй зэрэгцээд хууль хяналтын байгууллагууд руу УИХ-ын зарим гишүүдийн зүгээс багагүй дарамт шахалт үзүүлж буй талаар бидэнд мэдээлэл ирсэн юм. Түүний зэрэгцээ тус компанийнхан ЭСЯ-аараа дамжуулж хууль хяналтын байгууллагад “Шинь шинь” компанийнхантай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд өгөхгүй байхыг хүссэн сурагтай. Тус компанийн уурхай хариуцсан ерөнхий захирал Ванг Генг Чин, Тамгын газрын дарга Жиан Ци Фү гэх зэрэг найман хүнийг УМБГ-т шалгаж буй гэнэ. Тэдний зарим нь улсын хил даван зугтахыг оролдсон бөгөөд хууль хяналтын байгууллагаас хил нэвтрэхийг хориглосон байсан тул гарч чадаагүй сурагтай. Зарим хэвлэлд тус компанийнхныг нууцаар их хэмжээний мөнгө хил давуулсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч энэ нь хил хамгаалах байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагынхны шалгалтаар нотлогдоогүй гэнэ. Харин цөмийн түүхий эд болох уран тус компанийн эзэмшиж буй талбайд байдагтай холбоотойгоор Цөмийн энергийн газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэсэн үндэслэлээр шал гуулахаар болсон нь энэ аж.

Д.ДАЙЧИН


URL:

Сэтгэгдэл бичих