ЖДҮ-д нэр холбогдсон Ж.Энхбаяр гишүүн боловсролын салбарт шоу хийж явна
Ж.Энхбаяр гишүүн ээ, жирийн иргэдийн хүүхэд Кембрижийн боловсрол эзэмшиж болохгүй гэж үү
БСШУС-ын яам болон Нийслэлийн боловсролын газрын харьяанд байдаг хоёр сургуулийн байрны эзэмшлээс болж хүүхдүүдийн сурч, боловсрох эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Тодруулбал, БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн хичээлийн байранд Нийслэлийн Боловсролын газрын харьяа 133 дугаар сургуулийг түр нүүлгэн оруулсан байдаг. Гэтэл өнөөдөр 133 дугаар сургуулийн зүгээс “та нар нүүх ёстой бид хичээлээ энэ байрандаа үргэлжлүүлнэ” гэдэг тайлбар өгч, хөөх болжээ.
Анх “Монгол тэмүүлэл” лаборатори сургууль мөн л өөрийн байргүй 115 дугаар сургуулийн байранд байж байгаад 2017 онд өөрийн байраа ашиглалтад ормогц нүүж, орсон байдаг. Харин 133 дугаар сургуулийн хувьд барилга барих газрыг нь шийдээд өгчихсөн, барилгынх нь суурь тавигдчихсан, ажил нь эхэлчихсэн байгаа. Гэтэл “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг өөр тийшээ нүү гэдэг шаардлагыг тавиад байгаа юм. Ингэхдээ нийгэмд хүүхдүүдийг “баян айлын, төлбөртэй сургуулийн хүүхдүүд, хувийн сургууль төрийн өмчит сургуулийн байрыг булааж байна” гэх зэрэг мэдээлэл тараах болжээ. Уг нь “Монгол тэмүүлэл” сургууль нь БСШУС-ын яамны харьяанд байдаг кембрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг, хичээлийн барилга нь ч яг хөтөлбөрийнхөө дагуухзохион байгуулалтаар баригдсан байдаг.
“Монгол тэмүүлэл” сургуулийн байр ашиглалтад орсон 2017 онд 133 дугаар сургууль шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1,2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллүүлэхээр болсон. Харин 3,4 дүгээр давхартаа “Монгол тэмүүлэл” сургууль нь 160 хүүхэдтэйгээр хоёр ээлжээр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.
Уг нь 26 дугаар хороонд сургууль, цэцэрлэг байхгүй шинэ суурьшлын бүс гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэдэж анх нүүж ирж байсан. Асуудлыг шийдвэрлэх байх хэмээж байсан ч өнөөг хүрчээ. Төрөөс асуудлыг шийдвэрлүүлэхээр өдгөө хоёрдахь газрыг нь олгоод байгаа. Өмнө ньУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 м2 газрыг Олимп хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК-ийнхан өөрийн эзэмшлийн талбайг хууль бусаар авлаа гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд оржээ.Газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн эзэмшлийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг га газар авахыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү зөвшөөрчээ. Ингээд барилгын ажил нь одоо эхэлчихсэн яваа.
Гэтэл өнгөрсөн хавраас эхлэн иргэн Б.Батдэлгэр тэргүүлсэн хэсэг нөхөр сургуулийн өмчлөлийн маргааныг үүсгэж, “Монгол тэмүүлэл”-ийг байрнаас нь хөөх болсон байна. Үүнийг нь “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс эсэргүүцэж, цаана нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байх магадлалтай хэмээн хардаж байгаа юм.
“Монгол тэмүүлэл” сургуулийн үйл ажиллагаа бүх асуудал БСШУС-ын яамны харьяанд, барилга нь тус сургуулийн өмч гэдгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталгаажуулж, гэрчилгээг нь ч олгож, төрийн өмчид бүртгэж авсан гээд бүх бичиг баримт нь хуулийн дагуу.
Гэтэл өмнө нь олгосон газрыг бусдад алдаж, дахин газартай болсон ч түүндээ анхаарал хандуулах бус өөр сургуулийн өмчид халдаж, “Монгол тэмүүлэл” сургуулийг хөөж, эсэргүүцэж байгаа хүүхдүүдийн сурах эрхийн төлөө бус ердөө л өмчийн маргаан болж хувираад байгааг нь илтгэж байна.
Хэрэв үнэхээр 133 дугаар сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна гэж байгаа бол “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын ч эрх мөн л зөрчигдөж байгаа. Гэхдээ дээрх 2 сургуулийн сурагчдын эрхээс илүү газар, барилгын асуудал л томчуудын анхааралд байгаа бололтой.
“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сурч, боловсрох эрхийн төлөө олон нийтэд үгээ хүргэсээр байна. Учир нь иргэн Б.Батдэлгэр гэгчийн өөрийнх нь хүүхэд 133 дугаар сургуульд суралцдаг мэтээр “жүжиглэж” сурагчдын эрх хэмээн байнга чанга дуугарч явдаг нэгэн аж. Гэвч тус сургуульд тэдний хүүхэд суралцдаггүй. Харин ч цаад утгаараа олон нийтийг турхирч яваа нэгэн гэнэ.
Өнгөрсөн хавар БЗД-ийн 26 дугаар хороонд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажиллах үедээ бүх асуудалтай танилцаж, 133 дугаар сургуулийг шинэ байртай болох хүртэл анхаарч ажиллана гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр нэгэнт сонгуулиас урьтаж шинэ байр нь ашиглалтад орохгүй нь тодорхой болмогц дээрэм хийхээр шийдэв үү. Учир нь зөвхөн тус хороонд 22,000 гаруй иргэн амьдардаг. Тэдгээрийн 5000 гаруй нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд. Тиймээс нэгэнт ирэх оны сонгуульд ялалт байгуулалх нь эрсдэлтэй болсон тул ямар нэгэн байдлаар “БИ” гэж цээжээ дэлдэх ажил хийсэн мэт харагдахаар зүтгэх болсон нь энэ. Тодруулбал, “Би 133 дугаар сургуулийг өөрийн байртай болгосон” гэж нэрээ дуурсгаж, сонгуульд ялах сууриа тавьж байгаа аж. Яг адилхан төрийн өмчийн хоёр сургуулийн асуудал хөндөгдөж байхад тойргийн иргэдийнх хүүхдүүд сурдаг 133 дугаар сургуулийн талд хууль зөрчин байж тал засч байгаа нь сонгуультай холбож ойлгохоос өөр гаргалгаа үгүй. Харин “Монгол тэмүүлэл” сургуулийн хувьд зөвхөн нийслэлээс гэлтгүй хөдөө, орон нутгаас хүүхдүүд сонгон шалгаруулалтын дагуу шалгалт өгч, ирж суралцдаг. Тэгэхээр Ж.Энхбаяр гишүүнд огт хамаагүй болж таараад байгаа хэрэг. Нэгэнт Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон болохоор дээрмийн аргаар тойрогтоо нэр нүүр олж авахаар зүтгэж буй нь илэрхий болчихлоо.
Эх сурвалж: ERENNEWS.MN
URL: