Цагдаагийн айдас
Бидний хэлж заншсанаар 32-ын тойрог орчимд явж байтал нэг нөхөр хариугүй осгох нь ээ. Элгээ эвхээд, замын хажууд руу хэвтэж байгааг нь хараад зүгээр өнгөрч чадсангүй.
Тэгээд дэргэд нь очтол ер ухаан байхгүй бололтой. Тэр энэ байдлаараа бол удахгүй нь. Цаг оройтсоныг ч хэлэх үү. Тэр үед лав хөрсөн дээр -30 хэм хүрч байсан байх. Гэтэл дан цамц, өмд өмссөн холхинодог гуталтай хүн эрүүл байсан бол яалаа гэж ингэж хэвтэх билээ. Тэгж газарт хэвтэх нь бүү хэл гэрээсээ гарахад ч халширмаар хүйтэн байсан даа тэр өдөр.
Даанч тэр хүн ухаан мэдрэлээ алдтал архи уусан нь ийм байдалд хүргэжээ. Түүнийг харахад өөрийн эрхгүй голд хүйт орно. Ядаж нэг юм руу оруулаад орхих юмсан гэтэл түр оруулчих байр ч нүдэнд харагдсангүй. Харин замын цаана нэг цагдаа алхаж явна. Түүнийг харахад замынх биш, хэв журмын цагдаа бололтой. Тэгэхээр нь цагдаагийн дэргэд гүйж очоод “Тэнд нэг хүн эвгүйдэх нь. Архи уучихсан юм шиг байна. Тэгээд ухаан мэдрэлээ алдаад уначихаж, осгож үхэх нь” гэтэл нөгөө цагдаа чинь “Замын цаана уу” гээд тоомжиргүй харснаа цаашаа эргээд алхчихдаг байгаа. Бүр гайхаж “Тэнд хүн осгож үхэх нь байна шүү дээ” гэтэл “Миний хариуцсан хэсэг биш. Замын цаана болохоор Чингэлтэй дүүрэгт ордог юм” гэж байна.
Тэгэхээр нь уур хүрээд явчихлаа. “Та нар төрийн өмнөөс тангараг хүлээсэн улс биз дээ” гэтэл нөгөө цагдаа чинь өмнөөс омогдож байна. “Цагдаа гэхээр л та нар юу гэж боддог юм. Миний хариуцсан газар байсан бол би аваад явахсан. Гэтэл тэр хүн чинь өөр хүмүүсийн хариуцсан газар байна. Хэрэв тэр хүнийг аваад явлаа гэж бодоход, гай болж нас барчихвал яах юм. Чи хариуцлагыг нь хүлээх үү. Тийм юм байдаггүй юм. Харин би ялд унана. Одооны хүмүүс их хэцүү. Тэр хүний ар гэрийнхэн гээд хэсэг хүмүүс амийг нь надаас л нэхнэ шүү дээ. Тэгээд бүр цагдаа хүн алсан гээд дэвэргэх байлгүй. Хэдийгээр бид ард түмний төлөө тангарагтай ч гэсэн зүгээр явж байгаад хэрэгт орооцолдмооргүй байна. Тиймээс тэр хэсгийг хариуцсан хүмүүст нь утсаар хэлчих” гэж учирлах, уурлах хоёрын завсар хэлж байх юм.
Тухайн үед “Яасан муухай амиа боддог хүн бэ” гэсэн бодол төрж байсан ч утсаар хэлчихээр удахгүй ирнэ биз гэж тайвширахаас өөр яалтай ч билээ. Гэхдээ цагдаагийнхан дунд ийм айдас байдаг гэхэд үнэхээр харамсалтай санагдаж байлаа. “Янз бүрийн юм болоход намайг хамгаалах, ойлгох хүн байхгүй. Тиймээс янз бүрийн эрсдэлтэй алхам хийж байснаас ингэсгээд цагаа бүртгүүлээд явж байсан нь дээр биз” гэсэн бодолтой ийм хүмүүс яаж хүний төлөө ажиллах юм.
Гэтэл цагдаагийн албан хаагчид өнөөдөр ийм айдастай албан үүргээ биелүүлж байх шиг. Тэгээгүйсэн бол тэр цагдаа замын цаана уначихсан байгаа хүнийг өргөөд, хариуцсан албан хаагчид руу утсаар ч болох нь ээ мэдэгдэх байсан шүү дээ. Энд цагдаа нар ийм зэвүүн хэмээн буруутгах нь өрөөсгөл юм. Тэднийг ийм орчинд ажиллах нөхцлийг цаанаас нь бүрдүүлээд байх шиг. Жишээ хэлэхэд, долдугаар сарын 1-ний үймээн байна. Гэхдээ энэ хэргийн талаар олон зүйл нурших нь дэмий хэрэг биз. Хамгийн гол нь иргэд, цагдаа хоёрын дунд үл ойлголцол байгаа нь иргэд, цагдаа нарын аль алийг нь айдастай болгож байгаа юм шиг. Тэр тусмаа төрийн тангараг өргөсөн хүмүүсийн ар талд “айдас” хүлээж байна гэдэг хүнийг хөдөлгөхгүй хүлээс болгодог бололтой.
Д.Сүхбаатар
URL: