Дайн ёрлох хэрэггүй, гэхдээ
Олон улсын харилцаа хамгийн таагүй үедээ байна. Орос-АНУ, Орос-Өрнөд, Хятад-АНУ, Хятад-Японы хооронд элдэв зөрчил бэрхшээл, өрсөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал намжихгүй шинжтэй. Business Insider хэмээх хэвлэлийн газрын цэргийн судалгааны чухал ном гарч, дэлхийн хамгийн хүчирхэг 25 армийг нэрлэсэн ба манай том хөршүүд хоёр ба гуравдугаар байрт жагсана. “Сибирийн газрын зураг тэр чигтээ шар өнгөөр будагдана” хэмээн хийрхдэг оросын цэргийн зарим шинжээчдэд зууш болох мэдээлэл Business Insider-ийн номоор дүүрэн. Тэр номоос элдэв харьцуулалт хайхыг хичээлээ. Бас Стратегийн өрсөлдөөний төвийн захирал Иван Коновалов гэдэг орос эрдэмтний мэдээлэл, Михал Любина гэх польш судлаачийн нийтлэл, Шанхай дахь Фуданий их сургуулийн профессор жао хуашэний дүгнэлт, хонконгийн сонинд дүгнэсэн, орос блогерч, цэргийн тоймч борис рожин, цэргийн судлаач Виктор литовкин нарын бичсэн, Валдай клубын зарим экспертийн яриа гэхчлэн олон эх сурвалжийг ашиглалаа. Зохиогч би бээр дур зоргоороо цээжний хийрхлээрээ огт яриагүй гэдгийг өчье.
“Хүйтэн дайн”-ыг дуусгах гол нөхцөл нь СССР тарж бутарсан явдал. Хэргээр хэн нэгэн нураачихсан юм биш, энерцээрээ “хэт хөгжсөөр” нурсан юм. 1970- аад онд Сибирьт нефть оргилон (нэг баррель нь 12 ам.доллар байснаа бараг 10 дахин өссөн), байгалийн баялаг уул уурхай нь оволзож асар их орлого орж ирсэн. Харин Зөвлөлт улс хамаг байдгаа гаднаас авдаг болж, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлэхээ больж, хэрэг дээрээ хэт хэрэглэгч болсноор нэг мэдэхнээ байгалийн баялгийнх нь дэлхийн зах зээлийн үнэ унахтай зэрэгцэн афганистанд өдөөсөн дайндаа давхар бүдэрч, Зөвлөлт гүрэн нурж унасан. Коммунист систем нурлаа гээд зовлон барагдсангүй. Коммунист асан орнууд зовуурьтай зам руу орж гайтай шилжилт хийв. Энэ шилжилт Монголд өнөө хүртэл явагдаж байна.
Дэлхийн дайнд хүргэчихгүй ч улс төрийн хямрал ямагт дэлхийг ээрэв. Дүрвэгсдийн “их хөл”-ийн дайнд дэлхий дарууллаа. 2014 он гэхэд л дүрвэгсдийн тоо дэлхийн II дайны үеийн дүрвэгсдийн тооноос давчихсан. Зэвсэгт мөргөлдөөнүүд тасарсангүй, бүр байнгын мөргөлдөөнтэй нутаг дэвсгэр гэх ойлголт албажлаа. Сири, Афганистан, Сомали дээр нэмэгдэх орнууд ч бэлтгэгдчихсэн байна. Олон улсын харилцаа бүр ойлгомжгүй, тоглоомын дүрэмгүй болж, ирээдүйн дэлхий ямар байхыг таах, төсөөлөх боломж хумигдлаа. Олон улсын харилцааны тогтолцоо систем өөрийн гэсэн нэр устай явдагсан. Тухайлбал, 1919-1939 онд Версаль-Вашингтоны систем, 1945 оноос ялтын систем гэхчлэн. Дэлхийн I ба II дайны дараа төлөвшсөн системүүд шүү дээ. Тэр системийнхээ хүрээнд тоглоомын дүрмийн дагуу мөргөлдөөнөө зохицуулж ирсэн бол харин СССР-ээс хойш юу болоод байгааг онож оноож хэлдэг, лүндэгддэг онол сургаал бараг алга. Нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж буйгаас тууштай онолдож чадахгүй байна.
Дэлхийд хүчний төвүүд гэж байна. АНУ ба Хятадыг нэрлээд байх шиг. Тэр төвүүд нь бусад их бага улс гүрэнтэй хэрхэн харилцаж байгаагаас дэлхийн хуучин дэгийг сорьж, дараагийн шинэ дэгийг буй болгох гээд ч байх шиг. Дэг гэдгийг тоглоомын дүрэм гээд ойлгочих. Оросын зарим эрдэмтний үзэж буйгаар явдал. Геополитикийн онолоор бол энэ нь нутаг дэвсгэрт хяналт тавихыг хэлээд байгаа юм. Монголоор жишээ аваад ярьж болно, бид бэлхнээ харж байна. Монголын зах зээл ганц улсаас бараг хараат. Монголчууд гэмгүй царайлж байгаад зах зээл хөгжүүлж байгаа нь энэ гээд өмнөд хөршөөсөө өргөн хэрэглээний бараа зөөсөөр байгаад эх орныхоо зах зээлийг дүүргэж, бараг нураагаад хаячихсан. Байгалийн баялагт гадаадын маш их сонирхол ороод ирчихсэн, өрнөдийнхний сонирхлыг шахаж гаргахаар өмнөд хөрш улайрч лиценздээд, авлигадаж мундарыг нь хутгачихсан, төр нь хяналт тавьж чаддаггүй. Умард хөрш цэрэг-зэвсгийн салбарт хамтран ажиллах нэн бололцоотой, тэр нь манайд шууд ашиг өгөхгүй, ядуурал ажилгүйдэлд нэмэргүй, гэхдээ Монгол дахь нөлөөний хүрээгээ алдах хүсэлгүй, тоглоомд ямагт оролцдог, бид оролцуулах хүсэлтэй.
• Цөмийн зэвсгээр цөмийн цэнэгт хошуу 7000:270 буюу Хятад улс Орост бараадахгүй хол хаягдсан.
• Хятад улс Оростой хамсаж дэлхийн шинэ дэг тогтоохыг илүүд сонирхдог ба хөрш түншийн харилцаанд үндэслэсэн тэдний харилцан эрх ашиг нь шат ахиж буй.
• Хятад нь санхүү-мөнгөбүтээн байгуулалтын асар их боломжтой, тиймдээ ч “Банк улс” хэмээн хочлогдох боловч цэрэг зэвсгээ ямагт сайжруулж буй цэргийн гүрэн.
Хэрэв Москвагийн өнцгөөс авч үзвэл манай улс татагдаж орохгүй ч ОХУ өөрөө татагдаж орсон мөргөлдөөний голомтууд олон байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай. ОХУ нь Украин, Сирид зэвсэгт мөргөлдөөнд шууд ба шууд бусаар оролцож байна. Гүржтэй ноцтой зөрчилтэй. Оросын өрнөд хил ба өрнөдийн чиглэл нь өөрсдөд нь тун таагүй. Эргэн тойрон бүслэлтийн байдалд байх сэтгэхүй нь оросыг “асаалттай танк” шиг санаандгүй зүйл биш.
Одоо харьцуулах баримт руу оръё. Зэвсэглэл ба дайчлах чадавхаараа АНУ, Орос, Хятад гэж жагсдаг бол хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй. Гэхдээ л орос үнэхээр цэргийн хүчээр давагдашгүй. Энд бичих тоон харьцуулалтаар эхнийх нь орос, дараагийнх нь хятадынх. Зэвсэгт хүчинд алба хашиж буй цэргийн алба хаагчдын тоо нь оросынх гурван сая 586 мянга, хятадынх хоёр сая 693 мянга буюу орос 3.5 сая, хятад 2.6 сая гаруй цэрэгтэй гэсэн үг. Харин цэргийн зардал нь 47 тэрбум доллар болон 151 тэрбум доллар гэхээр оросынх гурав дахин бага. Мөн байлдааны нисэх онгоц 3914 (818 нь сөнөөгч): 3035 (1125 нь сөнөөгч) байна. Оросын танк 20300, Хятадын танк 7716. Тэнгисийн цэргээр орос байлдааны 352 хөлөг онгоцтой, хятад 714 хөлөг онгоцтой гэхээр хятад хоёр дахин давчихсан. Аль аль нь нисэх онгоц тээгч нижгээд хөлөгтэй. Цөмийн зэвсгээр цөмийн цэнэгт хошуу 7000:270 буюу хятад улс орост бараадахгүй хол хаягдсан. Хэзээ ч нөхөж барахгүйгээр.
Business Insider бас нэг сонин аргумент гаргаж иржээ. Юу гэвэл, хэрэв зэвсэглээд байлдуулна гэвэл тэрбум хагас хүн амынх нь 750 сая нь гартаа зэвсэг барих чадвартай хэмээн хятадыг нэрлэжээ. Оросын өөрийнх нь шинжээчдийн үздэгээр Евфрат мөрнийг хүртэл Евразийн их талбар дээр байлдуулахад ирээдүйн глобал мөргөлдөөнд хятадыг 200 сая хүнтэй арми гаргаад ирж чадна гэнэ.
Гол асуудал нь хоёр их хөрш маань цэргийн салбарт өрсөлдөж буй биш харин АНУ-ыг гүйцэж түрүүлэхийн тулд хятадыг орос албаар зэвсэглээд байгааг Business Insider онцолжээ. Цэргийн техникийн салбарт орос давуу байдлаа хадгалсаар буйг хятадын экспертүүд хүлээн зөвшөөрөхийн сацуу АНУ-тай тэнцвэрээ хангахын тулд оросоос л зэвсэг худалдан авахаас өөр гарцгүйг гярхай олж хардаг. Стокгольм дахь Энх тайвны асуудал судлах институт тооцоолжээ. Юу гэвэл, 1991-2015 онд Москвабээжингийн хооронд цэргийн салбарт хийгдсэн арилжаа наймаа 32 тэрбум доллар болжээ. 2018 оны байдлаар хятад улсыг хүчирхэг зэвсэг хэмээн яригддаг. Оросын агаарын ба сансрын батлан хамгаалах “алмаз-антей” гэх төрийн концернтой контракт байгуулж, хятад тэрхүү ид шидтэй пуужинг авч байгаа ба 2018 онд туршиж үзжээ. Зөвлөлт ба оросын зэвсгийн копи хятадад тоймоо алдсан. Үйлдвэрүүдийг нь байгуулаад өгчихсөн. Өөрсдөө тав дахь үеийн сөнөөгч онгоцоо бүтээе гэтэл хятадад технологи дутагдана. Тэрийг нь орос хэзээ нэгэн цагт өгнө, худалдана, орост мөнгө хэрэгтэй.
Орос-Хятадын хооронд мөргөлдөөн дэгдэх үү гэдэг асуудалд гадаадын ихэнх шинжээчид “Одоохондоо тийм магадлал байхгүй” гэж хариулна. Дайн дэгдэх магадлал бараг байхгүйтэй адил. Хятадын гадаад бодлого дорнод ба зүүн өмнөд чиглэл рүүгээ илүү төвлөрнө, яагаад гэвэл шийдэгдээгүй асуудал буюу тайванийн асуудал бий. Газар нутаг, усан хилийн асуудал тэнд хурцдах магадлалтай учраас тэнгисийн цэргээ оросоос давуулан бэхжүүлж байна гэх дүгнэлт байх юм. Жао Хуашэн профессорын үзэж байгаагаар хятад улс оростой хамсаж дэлхийн шинэ дэг тогтоохыг илүүд сонирхдог ба хөрш түншийн харилцаанд үндэслэсэн тэдний харилцан эрх ашиг нь шат ахиж буй аж. Орос улс хятадыг хэн гэж хардаг вэ.
1. Дэлхий дахинд стратегийн тогтвортой байдал, энх тайвныг хадгалах
2. Дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ дэг журам буй болгож бэхжүүлэх
3. Олон улсын харилцаанд шударга ёс, тэгш эрхийг тогтоож сахиулах хамгийн нөлөө бүхий ойрын түнш нь хэмээн үздэг гэсэн байх юм.
ОХУ-аас хятадад маш их, бүр хэтийдсэн ач холбогдол, үүрэг ногдуулж байдаг юм байна.
АНУ ба Өрнөдийн тулгаж буй дэлхийн дэг явцгүй болсон, бодит биш, либерал консерватив дэлхийн дэгийг сөрөх өөр дэгийг хятад болон орос дэмжиж байна хэмээн хятад эрдэмтэн үзжээ. Хоёр орны харилцаан дахь эдийн засгийн потенциал хятадын хувьд нэн чухал. Улс төр гэхээсээ эдийн засгийн ашиг хятадад чухал гэсэн санаа бололтой. Тиймдээ ч Жао профессор шууд хэлж байна. Орос бол Хятадын хувьд хамгийн том нефтийн экспортлогч, байгалийн хийн хамгийн том экспортлогч байх бололцоотой, хийн гэрээ хэрэгжээд ирэхэд тэгэх ч байх гэжээ. Оросын эдийн засгийн өсөлтийн хурд бусад том гүрнүүдийнхээс хоцорч байгаа ч хятад улс оросыг улс төрийн тэгш эрхт түнш гэж үздэг хэвээрээ. Харин цэргийн эвсэл болж шат ахих тухайд, хятад улс эвсэлд үл нэгдэх бодлого явуулдаг, энэ бол улс төрийн зарчим, түүнийгээ өөрчилнө гэдгийг би олж харахгүй байна хэмээн хятад эрдэмтэн нэмж онцолжээ. Орос нөхдийн сав л хийвэл хэлэх дуртай “холбоотон” гэдэг үгнээс хятадууд жийрхээд байгааг илтгэх мэт.
Хэдийгээр хятад нь санхүү мөнгө-бүтээн байгуулалтын асар их боломжтой, тиймдээ ч “банк улс” хэмээн хочлогдох боловч цэрэг зэвсгээ ямагт сайжруулж буй цэргийн гүрэн гэдгийг бид харж байна. Хятадын удирдагч Си Жиньпин эх орныхоо цэрэг-стратегийн потенциалыг бэхжүүлэх талаар тасралтгүй ажилладаг ба ХАЧА-ийг өөрчлөн орчин үеийн болгож шинэчлэх, “байлдааны бүс”-ийн командлах чадварыг дээшлүүлэх талаар намын цэргийн бодлогоо хатуу баримталдаг. South Morning Post гэх хонконгийн сонинд бичсэнээр Си Жиньпин дайнд бэлтгэхийг цэргийнхэндээ уриалж, Өмнөд хятадын тэнгис, тайвань орчимд хариуцлагын бүс зарлаж, байлдах арга техник, дадлага сургуулилалтаа тасралтгүй хийхийг үүрэгджээ. Болзошгүй нөхцөл байдалд байнга бэлэн байх, дайнд бэлтгэхэд төвлөрөн анхаарах, онцгой нөхцөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар бас ярьжээ. Мөргөлдөөнт нөхцөл байдалд дадлагажих хээрийн ба тэнгисийн сургуулилалт цаашид тогтмол хийгдэх аж. Хонконгийн энэхүү сонинд “Энэ бүхэн гэнэтийн, хэн ч төсөөлөөгүй мэдэгдэл үйлдэл боллоо” гэсэн байх юм. Өмнөд хятадын тэнгист хятадын ба америкийн байлдааны хөлөг онгоцууд байнга хөлхөж, заримдаа ойртож бүр тулгарч байдаг ба үүнийг хонконг сонин эшлэж тайлбарласан нь энэ ажээ.
Хятадын хувьд зэвсэгт заналхийллээс хулчийдаг үе өнгөрөх нь өнгөрсөн. Шууд байлдаад унах нь юу л бол. Гэхдээ өөрийн стратегийн хил хязгаар ба нөлөөний хүрээг цэргийн хүчээр хангаж хамгаална гэдгээ ил хэлдэг, бүр хуульчилдаг болсон. Еврази, Африк, Өмнөд Америкт эдийн засаг, улс төрийн экспансаа цэргийн хүчээр хангаж дэмжинэ гэдгээ ч нуухгүй байна. Мөн арми, флотоо идэвхтэй шинэчилж байна. Дэлхийн том дайн гэдэггүй юм аа гэхэд, орон нутгийн шинжтэй жижиг дайн байлдаанд хятадын зэвсэгт хүчин түүртэхээргүй болсон. Сүүлийн хоёр жилд гадаад бодлого, гадаад стратегийн асуудлаа ч үлэмж шавдууллаа гэхчлэн Business Insider-т бичсэнийг шууд хөрвүүлье. Хятад улс аливаа зэвсэгт мөргөлдөөнд цуцашгүй юм. Хүн хүчний асар их нөөцтэй, зэвсэгт хүчнээ ямагт сайжруулж байна. Дэлхийн шилдэг таван армийн тоонд АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Франц жагсаж байгааг харвал хятад нь хүний нөөц, газар зүйн байрлал, ложистикийн боломж, баялгийн нөөц, аж үйлдвэржилтээрээ эдний хэний ч дор орохгүй, харин ч зэрэг зэрэг хөгжүүлж байгаа гэдгээрээ онцлогтой.
Дайн байлдаанд ямагт бэлэн байсан армитай нь гэвэл орос яах аргагүй нэрлэгдэнэ. Төрийн Думын батлан хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Александр Шерин энэ талаар ам бардам ярьжээ. Оросын армийн үр өгөөж ямагт дээшилж, шинэ шинэ зэвсэг бүтээж боловсруулж байна, байлдааны бэлтгэл бүрэн хангагдлаа гэжээ. Харин хурандаа Виктор Литовкиний үзэж байгаагаар дайн байлдаан явуулах туршлага хятадад байхгүй, иймээс тэр таван армийг харьцуулах онолын үндэс муутай. Америк туршлагатай, орос мэдээж туршлагатай, харин хятадууд “нет” гэсэн байх юм. Харин ч Хятадын араас жагсах Франц, Британийн арми бол туршлагатай шүү, тиймээс Business Insider рейтинг тогтоох нь утгагүй, зэвсэгт хүчний байдлыг бүрэн тусгаж чадахгүй гэхчлэн ярьж, хятадыг доош хийжээ.
Энд гадаадын эх сурвалжаас хангалттай ашиглалаа. Утгыг нь гаргаж унших эсэх нь уншигчдын дурын хэрэг. Монголтойгоо холбосон ганц нэг мөрүүдийг би нэмчихснийг санаа сэдэл, сануулга гэж хүлээн авна уу.
Орчин цагт дайн гэдэг чинь Сталинград, Курскийн дэргэдэх шиг өргөн фронтоор хэдэн сая цэрэг оролцуулан цус асгаруулж, хэдэн зуун мянган танк оволзуулж, шатааж хийдэг цаг нь өнгөрсөн. Дэлхийн III дайн гэдгийг тэр өнцгөөс төсөөлж болохгүй. Олон улсын терроризмтой 2001 оноос хүн төрөлхтөн дайн хийсэн. Сирииракийг “лалын улс” бүчин авч түйвээгээд ялагдсан боловч цаашаа олон салбарлаж, өөр улс орнууд руу шилжин байрласан төдийгүй гэмгүй царайлан гэр орон, төрөлх нутагтаа ирчихээд дэлбэлэх тэслэх, алан хядах даалгавар хүлээж, цагийг анаж байдаг нь шинэ маягийн дайн мөн шүү дээ.
Олхонуд Баярхүү
Засгийн газрын мэдээ
URL: