“Айвенхоу”-ийн удирдлагад өөрчлөлт орж магадгүй

ЛОНДОН. /Блумберг/. Дэлхийд гуравдугаарт ордог уул уурхайн Рио Тинто групп хувьцааных нь 51 хувийг эзэмшдэг болсныхоо дараа Айвенхоу Майнз компанийн удирдах бүрэлдэхүүнд нөлөөлөхийг оролдож магадгүй байна.
“Айвенхоу захирлуудын зөвлөл болон удирдах байгууллагадаа ямар нэг өөрчлөлт оруулахаар хараахан төлөвлөөгүй боловч тус компанийн удирдлагыг Рио судалж байна. Цаашдаа Рио Тинто Айвенхоугийн удирдлагад, тухайлбал, компанийн  дээд удирдлагад зарим нэг өөрчлөлт оруулахыг, тодруулбал, урьд нь томилсон захирлуудын дийлэнхийг өөрчлөхийг оролдож магадгүй” гэж Рио Тинтогийн Лондон дахь төвийн хийсэн мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт Рио Тинто Айвенхоугийн хувьцаанаас 301 сая ам.долларын хувьцаа худалдаж авсан байна. Айвенхоу зургаан тэрбум доллароор үнэлэгдэж буй Монголын зэс, алтны Оюутолгойн орд газрыг эзэмшдэг.
“Рио аажмаар Айвенхоу дахь нөлөөгөө өргөжүүлэхээр найдаж байгаа бөгөөд захирлуудын зөвлөлд өөрийн хүмүүсээ оруулах нь тус компанийн хийх ёстой дараагийн алхам болно. Хяналтын хувьцааг нь аль хэдийн авсан болохоор компанийн удирдлагад өөрийн хүмүүсээ оруулах нь зүйн хэрэг юм” гэж Мельбурн дэх “IG Markets” компанийн дилер Крис Вестон үзэж байна.
Баасан гарагт Сиднейн биржэд арилжаа дуусах үед Рио Тинтогийн хувьцааны ханш 2,1 хувиар өсч, 69,78 австрали доллар болжээ.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих