“Үдийн цай”-ны хүнсийг зориулалтын бус саваар зөөж байсан зөрчил илэрчээ
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн 84 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Нийслэлийн 84 дүгээр сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн. Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг шинжлүүлэхээр лабораторид өглөө.
Энэ нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
НМХГ-аас тус компанийн гэрээ цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж, зөрчлийн хэрэг нээж, прокурорт хүргүүлэхээр боллоо.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 9 дүгээр сарын 03-16-ны өдрүүдэд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
URL: