Бен Ладеныг хэн барьж өгсөн бэ?
МОСКВА. /РИА Новости/. Террористуудын толгойлогч Усама бен Ладеныг устгах ажиллагаанд АНУ-ын тусгай албанд ажилладаг Пакистаны доктор тусалсан гэж Пентагоны тэргүүн Леон Панетта телевизийн Си-Би-Эс ньюс сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Аль-Каида”-гийн толгойлогч бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын 2-нд шилжих шөнө Пакистаны нийслэлээс холгүй орших Абботабад хот дахь сайтар хамгаалагдсан байшиндаа байхад нь Америкийн тусгай албаныхан устгасан билээ. Түүний цогцсыг далайд оршуулсан юм. Пакистаны эрх баригчид бен Ладеныг устгасанд эхлээд баяр хүргэж байсан боловч дараа нь тус улсын нутаг дэвсгэрт Америкийн цэргийнхэн зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсанд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Пакистаны доктор Шакил Африди АНУ-ын Тагнуулын төв газарт ажилладаг бөгөөд вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд дэлхийн зартай террористын байгаа газрыг тодорхойлохоор ДНК-гийн дээж цуглуулж байсан гэж телевизийн Си-Би-Эс компанийн “60 минут” хөтөлбөрт оролцохдоо Панетта ярьсан байна. Хожим нь Афридиг Пакистаны эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр тус улсын тусгай албаныхан баривчилжээ.
“Энэ ажиллагааг явуулахад маш чухал мэдээлэл өгсөн энэ хүнийг пакистанчууд яаж байгаа бол гэдэгт санаа их зовж байна” гэж Панетта хэлэв.
Түүний хэлснээр, Афридигийн талаар Пакистаны эрх баригчдын авсан арга хэмжээ буруу аж. Тэрбээр Пакистанаас урвагч биш, учир нь АНУ, Пакистан хоёр терроризмтэй хамтран тэмцэж байгаа, үүнд доктор Африди тусалжээ.
Үүний сацуу бен Ладены нуугдаж байсан газрыг Пакистаны эрх баригчдаас хэн нэг нь мэдэж байсан гэж АНУ-ын БХЯ-ны сайд үзэж байна. Зартай террористын сүүлийн үед амьдарч байсан байшин нь өндөр хашаатай, дээгүүр нь Пакистаны нисдэг тэргүүд эргэлддэг байжээ. АНУ ажиллагаа явуулахаа Пакистаны эрх баригчдад мэдэгдсэн бол хэн нэг нь бен Ладенд мэдэгдэх байсныг Панетта үгүйсгээгүй байна.
Пакистаны засгийн газар бен Ладеныг хаана нуугдаж байсныг мэдэж байсан уу гэж телевизийн хөтлөгч асуухад
Панетта “үгүй” гэж хариулжээ.
“Надад баттай ямар нэг нотолгоо байхгүй тул би энэ баримтыг нотолж чадахгүй. Гэхдээ хэн нэг нь мэддэг байсан гэж бодож байна” гэж Панетта хэлсэн байна.
Леон Панеттагийн оролцсон, цэргийн төсөв болон Ираны байдлын тухай сэдвийг хөндсөн “60 минут” хөтөлбөр бүрэн эхээрээ ням гарагт зурагтаар гарлаа.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: